Sunday, 19 January 2014



Мишель Обама 50 насны ойгоо нижгэр тэмдэглэв

АНУ-ын тэргүүн хатагтайн 50 насны төрсөн өдрийн цэнгүүн урлагийн одод голдуу 300 орчим зочинтой эхэлж, бараг үүр цайтал наргиж, бүжиглэж өнгөрөөжээ.  Дуучин Бейонс 40 минут орчим дуулж, хүчирхэг хоолойгоороо зочдыг алмайруулсан байна. Гэвч энэ үдшийн гол баатар нь мэдээж Ерөнхийлөгч Обама байсан юм. Тэрээр гэргийдээ зориулж үг хэлэхдээ уран, яруу илтгэдэг гэдгээ дахин харуулж цугласан олны сэтгэлийг хөдөлгөжээ.
Мишелийн насан баярын цэнгүүнд ерөнхийдөө бүжиг, наргиан давамгайлсан аж. Зочдод илгээсэн урилга дээр зангиа, даашинз өмсөх шаардлагагүй, жинсэн өмдтэй байсан ч болно гэсэн байв. Rythm, Blues, сонгодог хөгжмийн Motown, Леди Гага хүртэл ая дуугаа өргөжээ. Үүрийн гурван цаг хүртэл үргэлжилсэн цэнгүүнд мэдээж хамгийн их бүжиглэсэн хүн нь улаан даашинзаар гоёсон Мишель байсан юм. Урилга дээр биед эвтэйхэн гуталтай ирэхийг зөвлөсөн байсан ч зарим бүсгүй бүхнийг дуу алдуулам өндөр өсгийттэй орж иржээ. Гэвч америк хүүхнүүд баяр цэнгүүнд орохдоо бүжгийн, чөлөөт гутал цүнхэлж явдаг уламжлалтай.
Жүжигчин Самуэль Жексон, нэрт сагсан бөмбөгч асан Мэжик Жонсон гэргий Кукиегийн хамтаар ирсэн байв. Мөн Motown хамтлагийн мандан бадралын бүрэлдэхүүнээс үлдэж хоцорсон дуучин “Smokey” Робинсон ирсэн нь содон харагдаж байлаа. Харин уригдсан зочдоос хамгийн их үгүйлэгдсэн од нь телевизийн нэвтрүүлэгч Опра Унфри байжээ. Тэрээр Америкийн нөгөө эрэгт Кино судлаачдын холбооны шагнал гардуулах ёслолд оролцоод завгүй байсан аж. Төгөлдөр хуурч Херби Хэнкок, кантри дуучин Жеймс Тейлор, телевизийн хөтлөгч Гейл Тейлор нар тэргүүн хатагтайн цэнгүүнийг чимж байлаа. Ерөнхийлөгчийн охин  Саша, Малия нар ч өөрсдийн найзуудаа авчирчээ.
Цагаан ордноос илгээсэн урилга дээр оройн зоог гэж “байхгүй байсан” нь нийгмийн сүлжээгээр шүүмжлэл, сэтгэгдлийн “хур буухад” хүргэжээ. Цэнгүүн эхлэх цагийг 21.00 гэж бичсэн байсан аж. Энэ нь америкуудын дийлэнх нь оройн хоолоо идчихээд байж байдаг үе. Гэсэн хэдий ч Цагаан ордны дээд зэрэглэлийн гал тогооноос зочдыг төрөл бүрийн амтат зууш, салатаар хангалттай дайлжээ.

Обамагийн гэр бүл Цагаан ордны Төрийн давхар буюу нэгдүгээр давхрын ихэнх зай талбайг баяр, цэнгүүний талбар болгон ашигласан байна. Энд төрийн хүндэтгэлийн зоог болон төрийн хүлээн авалт болдог. Эцсийн эцэст Цагаан ордон тийм том биш билээ. Барак болон Мишель Обама нар төрсөн өдрийн цэнгүүний зочдын тав тухыг алдагдуулахгүйн тулд тоон дээр ихэд анхаарчээ. Өөрөөр хэлбэл бүгд чөлөөтэй хөдөлж, хоорондоо хувийн яриа хөөрөө өрнүүлэх боломжийг нарийн тооцоолсон байна. Тэргүүн хатагтай төрсөн өдрийн баяртаа ихэд сэтгэл хангалуун байж, зочдыг нэгбүрчлэн гаргаж өгсөн аж. 

No comments:

Post a Comment