Sunday, 26 January 2014





Барьцаанд байсан Египетийн дипломатчдийг чөлөөллөө

Ливид хулгайлагдаад байсан Египетийн таван дипломатчийг чөлөөллөө хэмээн “Аль-Арабия” телевиз мэдээлэв. Египетийн Гадаад хэргийн яам шаардсаны дараа босогчид Ливи дахь Египетийн элчин сайдын яамны ажилтнуудыг суллах шийдвэр гаргасан байна. Дипломатчдыг барьцаалсан хүмүүс Египетэд баривчлагдаад байсан Ливийн хээрийн цэргийн командлагч Шабан Хадег 24 цагийн дотор суллахыг шаардаж байжээ.
Ливи дахь египет дипломатчид нэгдүгээр сарын 25-нд хулгайлагдсан юм. Үүний дараа Каирийн эрх баригчид Ливи улсаас дипломат ажилтнуудаа эргүүлэн татаад байсан юм.

Францын Ерөнхийлөгчийн гэргий сүүлчийн аялалаа хийжээ

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын гэргий Валери Триервейлер Энэтхэгт буяны ажлаар очжээ. Ф.Олланд эхнэрээсээ салж буйгаа мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа Валери Энэтхэг рүү явсан аж. Елисейн ордны албан ёсны веб дээрх Валери Триервейлерийн веб хуудас байхгүй болжээ. Мөн түүний Twitter дахь албан ёсны хуудас устсан байна.
Энэтхэгт Диана гүнж маягаар хувцаслаж очсон Валери тэргүүн хатагтайн гуншингаасаа салахыг хүсэхгүй байна хэмээн Daily Mail сонинд бичжээ. Гэвч Елисейн ордны төлөөлөгч мэдэгдсэнээр, Триервейлер сүүлчийн удаа төрийн дэмжлэгтэйгээр гадаадад айлчилж байгаа аж.

Түймэр 100 орчим орон сууцыг залгив

Хятадын баруун өмнөд хэсгийн Гуйчжоу мужид Дун үндэстнүүд амьдардаг тосгонд гал гарч 100 орчим байшинг залгилаа хэмээн “Синхуа” агентлаг мэдээлэв. Шөнө дунд гарсан түймрийг дөрвөн цагийн дараа унтраажээ. Золоор хүний амь эрсдээгүй байна.
Гал гарсан Баоцин тосгон нь Дун үндэстнүүд дотроо нэлээн томд тооцогддог, 300 жилийн настай тосгон юм. Тэнд Дун үндэстний хоёр мянга орчим төлөөлөгч амьдардаг ажээ.

Эрдэмтэд Их Хавцалын насыг тодорхойлов

Америкийн эрдэмтэд Аризона мужид байдаг Их Хавцалын насыг тодорхойлжээ. Уг хавцал 5-6 сая жилийн өмнө бүрэлдэн тогтсон хэмээн үзэж байна. Үүнээс өмнө энэхүү байгалийн үзэсгэлэнт газрын насыг 70 сая жил хэмээн тооцоолж байсан билээ. Хавцалын янз бүрийн хэсгийг изотопын аргаар шинжлэн судалсны дараа ийм дүгнэлтэд хүрсэн аж.
Гэвч зарим эрдэмтэн Их Хавцалын хэсэг тус бүр өөр өөр настай хэмээн үзэж байна. Гантиг чулуун хавцал 5-6 сая, Зүүн хавцал 15-25 сая  жилийн өмнө үүссэн хэмээн үзэж байна. Харин Шуурган хавцал 50 сая жилийн өмнө бүрэлдэн тогтсон хэмээн тооцоолж байгаа аж.

Хүний эрхийн төлөө тэмцэгч ял сонслоо

Хятадын шүүх хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Сю Чиюнд дөрвөн жилийн ял оноожээ. Ням гаригт Бээжинд болсон шүүх хурал дээр түүнийг олон нийтийн эмх журам зөрчиж хүмүүс цуглуулсан хэмээн үзсэн байна. Сю өнгөрсөн онд нийгмийн шинэчлэлийг шаардаж “Иргэний шинэ хөдөлгөөн” хэмээх кампанит ажлыг удирдаж байсан юм.
Тэрээр шүүх дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй аж. Шүүх хурал дээр түүнд үг хэлэх боломж олгоогүй хэмээн өмгөөлөгч нь мэдэгдлээ. Шүүхийн байрны гадна аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, олон цагдааг хамгаалалтад гаргасан байв. “Иргэний шинэ хөдөлгөөн” Хятадад интернэтийн тусламжтайгаар үүссэн аж. Засгийн газрын өндөр тушаалын түшмэдийг хөрөнгө орлогоо олон нийтэд мэдүүлэхийг шаардаж байсан тус хөдөлгөөний гишүүд баривчлагдаад байна.

Иорданд тамхийг хоригложээ

Иордан улсад олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль батлагдлаа. Амман хотын олон улсын нисэх онгоцны буудал болон хэд хэдэн худалдааны төвд энэ хууль хэрэгжих аж. Мөн түргэн хоолны газрууд, эмнэлэг, сургууль, кино театр, номын сан, музей, Засгийн газрын байрууд, олон нийтийн тээврийг хамарч байгаа юм. Иорданы эрчүүдийн 50 хувь нь янжуур болон усан тамхи татдаг. Тус улсад усан тамхи татуулдаг зургаан мянга орчим цайны газар байдаг ажээ.

Диего Марадона: Пеле үргэлж хоёрдугаарт байх болно

Аргентины хөлбөмбөгийн амьд домог Диего Армандо Марадона Бразилийн шигшээгийн тоглогч асан Пеле рүү ээлжит үгэн дайралтаа хийв. “Пеле үргэлж миний дараа хоёрдугаарт байх болно. Тэр өөрийнхөө улсын тамирчид дотор ч Айртон Сеннагийн дараа хоёрдугаарт бичигдэнэ. Пеле бол дэлхийн хөлбөмбөгт ч, Бразилийн спортод ч нэгдүгээрт зогсож чадахгүй. Хамгийн гунигтай нь тэр үргэлж хоёрдугаарт байх болно” хэмээн Марадона ярьжээ. “Би хөлбөмбөгийн төлөө, өөрийнхөө төлөө хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Би Дубайд гэртээ байгаа юм шигээ л жаргалтай байдаг. Яг л Пеле ФИФА-д хэрхэн амьдардаг шиг” хэмээн аргентин эр ёжилсон байна.

No comments:

Post a Comment