Египетүүд
шинэ Үндсэн хуулийг дэмжжээ
Египетэд
шинэ Үндсэн хуулийн төслийн талаарх бүх нийтийн санал асуулга болж 95 хувь нь
дэмжлээ. Санал өгөх эрхтэй иргэдийн 55 хувь нь оролцсон байна. Шинэ Үндсэн
хуулийг улстөрч, цэргийнхэн, христос шашинтнууд тэргүүтэй 50 орчим хүнтэй тусгай
комисс 2013 оны сүүлчээр боловсруулж бэлэн болгосон юм. Үүнд иргэний Засгийн
газрын оролцоог түлхүү оруулж, лалын шариатын хуулийг хязгаарласан заалт орсон
ажээ.
Ерөнхийлөгч
Мохамед Мурсийн үед буюу 2012 онд Үндсэн хуулийг мөн л шинээр бичиж байв. Тэр
үед нөлөөтэй байсан “Лалын ахан дүүс” хөдөлгөөн боловсруулалтад нь түлхүү
оролцож байжээ. 2013 онд цэргийнхэн М.Мурсийг эрх мэдлээс нь түлхэн зайлуулсны
дараа түүнийг сонгуульд дэмжиж байсан “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг террорист
байгууллагаар зарлаж, Египетэд үйл ажиллагаа явуулахыг хориглосон юм.
Бээжинд
утааны улмаас зам хаагджээ
Өчигдөр
өглөө Бээжин хотод хэт их утаатай байсны улмаас авто замуудыг хаалаа хэмээн “Синхуа”
мэдээлэв. Шанхай, Харбин, Пингу руу гардаг зам болон Дачин-Гуанжоугийн замыг
хаасан байна. Утаа 15-ны өдрөөс эхлэн нэмэгдэж хуримтлагдсаар өчигдөр байшин
барилга харагдахаа больжээ. Бээжингийн Хүрээлэн буй орчны яамнаас мэдэгдсэнээр,
хотод үзэгдэх орчин 500 метрээс цааш байхгүй болсон байна.
Агаарын
бохирдолт Хятадын нийслэлийн байнгын том асуудал болоод байна. Утаа, бохирдлыг
багасгахын тулд эрх баригчид автомашины дугаарын хязгаарлалт хийх, ойрхон үйлдвэрүүдийг
хаах, гудамжинд шорлог хийхийг хориглох зэргээр арга хэмжээ авч байгаа ч
олигтой үр дүн гарахгүй байгаа аж.
Хандивлагч
орнууд Сирийн дүрвэгсдэд 2.4 тэрбум доллар цуглуулав
Сирийн
дүрвэгсдэд туслахаар зэхэж байгаа хандивлагч орнууд 2.4 тэрбум доллар цуглуулахаар
тохиролцоонд хүрчээ. Хандивлагч орнуудын чуулган Кувейтэд болж өндөрлөсний
дараа энэ тухай НҮБ-ын тэргүүн Бан Ги Му сэтгүүлчдэд мэдээлсэн байна. “Иргэний
дайны хөлд нэрвэгдэж байгаа хэдэн сая сири иргэнд даруй туслах шаардлагатай
байна” хэмээн тэрээр онцлон тэмдэглэв. Сири иргэдийн амьдралын нөхцөлийг
сайжруулахын тулд дор хаяж 6.5 тэрбум доллар хэрэгтэй хэмээн Бан Ги Мун уриалж
байсан юм.
Сирид үргэлжилсээр байгаа
иргэний дайны улмаас хэдэн сая хүн дүрвэж, толгой хоргодох орон гэргүй
хоцорчээ. Энэ дайны улмаас 130 мянган хүн амь насаа алдаад байна.
No comments:
Post a Comment