Monday, 20 January 2014







Америкууд Сочид цэргийн хоёр хөлөг онгоц аваачих санал гаргажээ

АНУ-ын удирдлага ОХУ-д хандаж Сочид болох өвлийн олимпийн аюулгүй байдлыг хангах ажиллагааны хүрээнд Хар тэнгист байлдааны хоёр хөлөг онгоц байрлуулах санал тавьжээ. Оросын тал хүсэлт тавьсан тохиолдолд л америкууд цэргийн тусламж үзүүлэхээр болсон байна. Хоёр улсын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел, Сергей Шойгу нар утсаар ярилцахдаа энэ талаар тохиролцоонд хүрчээ.
Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа “Сочи-2014” олимпийн үеэр террорист халдлага гарсан тохиолдолд америк иргэдэд цэргийн тусламж үзүүлэх төлөвлөгөө боловсруулахыг Пентагоноос хүсчээ. Олимпийн үеэр Сочи хотод “Хар бэлэвсэн эхнэрүүд” үзэгдэж магадгүй гэсэн мэдээллийг Оросын тагнуулын алба олж аваад байгаа ажээ.

Сонирхолтой байшин

Москва хотод нэгэн сонирхолтой байшин хүмүүсийн нүдийг хужирлах болов. Таазан дээгүүр явахад ямар сэтгэгдэл төрдгийг өөрийн биеэр мэдрэх боломжийг олгож байгаа аж. Энэ байшингийн шаланд хүрэхийн тулд үсрэх, эсвэл хөргөгчөөр дамжин авирах хэрэгтэй.

85 хүн дэлхийн газрын баялгийн тал хувийг эзэмшиж байна

Oxfam буяны байгууллагаас бэлтгэн гаргасан илтгэлд эдийн засгийн тэгш бус байдал, баян хоосны ялгаа дэндүү аймшигтай болсныг онцлон тэмдэглэжээ. Дэлхийн 85 баян хүний хөрөнгө чинээ манай гаригийн 3.5 тэрбум хүний эд хөрөнгөтэй тэнцэж байна. Гэр бүлүүдийн нэг хувь нь дэлхийн нийт баялгийн 46 хувийг буюу 114 их наяд долларыг эзэмшиж байгаа аж.
Эдийн засгийн элит ангийнхан эрх мэдэлд хүрч улам их ашиг олохын тулд Засгийн газруудад нөлөөлж байна хэмээн Oxfam-ийн шинжээчид бичжээ. Энэ талаар англичуудын дунд санал асуулга явуулахад 67 хувь нь “Бизнесмэнүүд, баячууд Их Британийн улс төрийн бодлогод ихээхэн нөлөө үзүүлдэг” хэмээн хариулсан байна.

Жанна Фрискегийн эмчилгээнд 48 сая рубль цугларчээ

ОХУ-ын “Нэгдүгээр суваг” телевизийн удирдлага нэрт дуучин Жанна Фрискегийн эмчилгээнд зориулж 48 сая рубль цуглуулаад байна. Тэрээр тархины хорт хавдраар өвчилсөн нь гурав хоногийн өмнө ил болсон юм. “Нэгдүгээр суваг” телевиз Русфондын дэмжлэгтэйгээр дуучны эмчилгээнд хандив цуглуулах аян өрнүүлэн аж. Цугларсан мөнгө Фрискегийн эмчилгээнд шаардагдаж буй зардлаас илүү гарвал тэр мөнгийг Русфондын хүүхдийн санд шилжүүлнэ хэмээн телевизийн удирдлага мэдэгдлээ. Жанна Фриске 2013 оны дөрөвдүгээр сард амаржиж хүүтэй болсон билээ. Эдүгээ тэрээр Нью-Йорк хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Ленинийг оршуулах саналыг дахин тавилаа

ОХУ-ын Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский пролетарийн их багш Владимир Ильич Ленинийг оршуулах шаардлагатай болсныг дахин сануулав. “Өнөөдөр Лениний нас барсан ой тохиож байна. Зөвхөн Лениний бус, тэр бунхны ард, хана хэрмэнд байгаа оршуулгын газрыг устгахын төлөө бид тууштай зогсож ирсэн” хэмээн Жириновскийн өгүүлэв. Тэрээр тэдгээр цогцсыг Мытищинскийн дурсгалын цогцолборт шилжүүлэн байршуулах саналтай байгаа аж. Либерал ардчилагчийн хэлж буйгаар, Ленинд жил бүр хэдэн зуун сая рубль зарцуулж байгаа ажээ. “Түүнийг даруй оршуулах хэрэгтэй. Хүмүүний ёсыг бодсон ч тэр” хэмээн Жириновский онцоллоо. 

No comments:

Post a Comment