Tuesday, 30 September 2014



“Лалын улс”-ын босогчид Туркийн 20 цэргийг олзлов

“Лалын улс” бүлгийн дайчид Сирийн Алеппо хотод Туркийн 20 цэргийн албан хаагчийг барьцаалжээ. Ливаны телевиз мэдээлж буйгаар, турк цэргүүд Османы эзэнт гүрний удирдагч султан Османы өвөг эцэг Сулейман Шахын бунхныг хамгаалж байжээ. Туркийн дэд Ерөнхий сайд Бюлент Арынч “Лалын улс”-ын болзошгүй довтолгооноос хамгаалахын тулд нэмэлт хүч шаардлагатай хэмээн мэдэгдэж байв. Мөн Туркийн парламент Сири, Иракийн газар нутаг дээр цэргийн хүч хэрэглэх Засгийн газрынхаа саналыг судалж байгааг дуулгав.
Османы эзэнт гүрнийг үндэслэгч султан Османы өвөг эцэг Сулейман Шахын бунхан Сирийн газар нутаг дээрх туркуудын нийгэмд байдаг бөгөөд 1921 оны гэрээгээр Туркийн цэргийнхэн хамгаалдаг ажээ.

Оюуны өмч хулгайлсан хакеруудыг шийтгэнэ

АНУ-ын арми болон томоохон компаниудын компьютерийн сүлжээг эвдэлсэн гурван америк, нэг канад иргэнийг шүүх хурал эхлэх гэж байна. 100 сая доллараар үнэлэгдэх оюуны өмчийг хулгайлсан этгээдүүдийг олон улсын хакерийн бүлгийн гишүүд хэмээн буруутгаж байгаа аж. Тэдний хоёр нь хэргээ хүлээгээд байна.
Дээрх дөрвөн этгээд 2011 оны нэгдүгээр сараас 2014 оны гуравдугаар сар хүртэл Microsoft, Epic Games, Valve Corporation, Zombie Studios компанийн сүлжээ болон байлдааны Apache нисдэг тэрэгний сургалтын програмд нэвтэрч, нууц мэдээлэл хулгайлсан ажээ.

Хуримын бөгжний төлөө жил хагас алт ухжээ

Жон Гринвуд хэмээх сүйт хархүү хуримын бөгжтэй болохын тулд Шотландын ууланд жил хагасын турш алт ухжээ хэмээн Daily Mirror сонин мэдээлэв. 48 настай британи эр 18 сарын хугацаанд мянга орчим алтан үртэс цуглуулснаа дарханд өгч хуримын бөгж хийлгэжээ. Гринвуд өнгөрсөн долоо хоногт Антигуа арал дээр сүйт бүсгүй Мораг Ширертэй гэрлэж, өөрийн гараар ухаж олсон алтаар хийлгэсэн хуримын бөгжөө солилцсон байна. “Сүйт бүсгүйнхээ хуруунд бөгж зүүж өгөхдөө үнэхээр их бахдалтай байлаа” хэмээн Гринвуд  ярилаа.
Шотландын алт нь тун ховорт тооцогддог. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, Гринвуд тун азтай байжээ. Учир нь зарим алт хайгч бүх амьдралынхаа туршид ч ийм хэмжээний алт олж чаддаггүй аж.

Microsoft корпорац Windows 10-ыг танилцуулав

Америкийн Microsoft корпорац Windows 10 үйлдлийн системийг танилцууллаа. Өмнөх систем нь Windows 8 нэртэй байсан билээ. Microsoft ийнхүү шууд 10 руу “үсэрсэн” нь өмнөх “муу нэртэй” хувилбараасаа “зайгаа авч” шинэ, чанарлаг хувилбарыг билэгдсэн бололтой. Тус корпорац шинэ үйлдлийн системээ түүхэн дэх хамгийн хүчтэй үйлдлийн систем болсон хэмээн мэдэгдэж байна. Windows 10 персонал компьютерээс ухаалаг гар утас хүртэл бүх төрлийн төхөөрөмжид таарах юм. Windows 10-ын танилцуулга Сан-Францискод болсон ба албан ёсоор 2015 онд худалдаанд гарах ажээ.

Гал зогссоноос хойш 30 украин цэрэг эрсэджээ

Украины зүүн нутагт гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 30 гаруй украин цэрэг дайн байлдаанд амь үрэгдээд байна хэмээн Украины Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Андрей Лысенко мэдэгдлээ. “Есдүгээр сарын 5-наас хойш 30 гаруй украин цэрэг амь үрэгдээд байна. Тодорхой тоо алга. Амь үрэгдсэн хүмүүсийн талаар мэдээлэл ирэлгүй удаж байна” хэмээн тэрээр онцоллоо. Өнгөрсөн сарын эхээр Донбассын босогчид болон Украины цэргийнхэн гал зогсоох тохиролцоонд хүрснээр дайн байлдааны ажиллагаа эрс багассан юм. Гэвч хэд хэдэн чиглэлд байлдаан, мөргөлдөөн үргэлжилсээр байна.


Гавана гайхамшигт долоон хотын нэг болох уу

Швейцарийн New7Wonders сан Дэлхийн гайхамшигт долоон хотыг нэрлэхээр санал асуулга  явуулж байна. Хамгийн сонирхолтой нь хог новшиндоо дарагдсан, асфальтгүй, чулуун шигтгээн гудамжтай, байшин барилга нь хэт хуучирч нурах шахсан Кубын нийслэл Гавана хот сүүлийн шалгаруулалтад багтжээ. New7Wonders Cities шалгаруулалт 2012 онд эхэлж дэлхийн 220 орны мянга 200 гаруй хот дээр санал авч эхэлсэн юм. Гавана хот эхний мянга гаруй хотын дотор нэрлэгдэж байсан ч сүүлчийн 21-д шигшигдэж үлдэнэ гэдэгт хэн ч итгээгүй юм. Парис, Токио, Нью-Йорк, Лондон зэрэг дэлхийн соёлын томоохон нийслэл байж байхад гадаадын иргэд Гаванад юу үзэх юм бэ гэж олон хүн гайхаж магадгүй.
Тэгвэл Гавана нь саяхан Бразилын Сан-Паулу хотын хамтаар Аялал жуулчлалыг хамгийн ихээр татсан газраар шалгарчээ. 2014 оны “Аялал жуулчлалын шилдэг 10” хэмээх шилдэг ажилтан, компани, аялахад сайхан газрыг шалгаруулдаг арга хэмжээ ийнхүү Гавана, Сан-Паулуг шалгаруулсан байна.
Дэлхийн гайхамшигт 7 хот шалгаруулалт аравдугаар сарын 7-нд сүүлчийн шатандаа орж, арванхоёрдугаар сарын 7-нд дуусч эцсийн үр дүнг зарлах юм. Тус сангийн бусад төслийн адилаар шилдэг хотын төлөө санал өгөхдөө www.new7wonders.com сайтаар орж санал өгч болохоос гадна олон улс оронд гар утаснаасаа зурвас явуулж болох ажээ. Кубын Аялал жуулчлалын яам Facebook, Twitter сүлжээг ашиглан Кубад болон гадаадад амьдардаг иргэддээ хандан Гавана хотын төлөө санал өгөхийг уриалж байна. Гэвч Куба арал дээр интернэт асуудалтай байдаг тул Кубад амьдардаг иргэд тэр бүр саналаа нэмэрлэж чадахгүй бололтой.
Сүүлчийн шатны өмнөх шалгаруулалтад Бангкок, Барселона, Бейрут, Чикаго, Доха, Дурбан, Гавана, Стамбул, Куала-Лумпур, Ла Пас, Лондон, Мендоза, Мехико хот, Бомбей, Перт, Кито, Рекъявик, Санкт-Петербург, Сөүл, Шэнжэнь, Уиган хот үлдээд байна. Шинэ оны өмнөхөн эдгээрээс Дэлхийн гайхамшигт долоон хот тодрох юм.
New7Wonders сан 2007 онд Дэлхийн долоон шинэ гайхамшигийг тодруулахад Рио-де-Жанейро дахь Христосын хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Петрагийн хуучин хот, Андын нурууны орой дээрх инкүүдийн Мачу-Пикчу хотын туурь, Чичен-Итца пирамид, Ромын Колизей болон Таж Махал шалгарч байсан билээ. 2011 онд Долоон гайхамшигт байгалийг тодруулахад Амазон мөрөн, Ха Лонг булан, Игаузу хүрхрээ, Жэжү арал, Комодо, Пуэрто Принсесагийн газар доорх гол, Меса уул шалгарчээ. 

Monday, 29 September 2014




Үймээний дараа 57 хүн сураггүй болжээ

Мексикийн Герреро мужийн Игуала хотод иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсны дараа 57 хүн сураггүй алга боллоо хэмээн эрх баригчид мэдэгдэв. Цэрэг, цагдаа нар Айоцинапа сургуулийн 57 хүнийг эрэн сурвалжилж байна. Герреро мужид оюутны бослого гарсны дараа 20 орчим цагдааг хүний аминд хүрсэн хэргээр баривчлаад байгаа юм. Иргэд сураггүй алга болсонд цагдаа нар буруутай хэмээн үзэх хүмүүс байгаа ажээ.  

Үлэг гүрвэлийн ховор олдвор илрүүлэв

Мексикийн Коауила мужийн газар нутгаас үлэг гүрвэлийн томоохон “Оршуулгын газар”-ыг илрүүллээ хэмээн Spiegel сэтгүүл мэдээлэв. Герман, Мексикийн палеонтологчид цөлийн нэг хэсгээс 14 үлэг гүрвэлийн үлдэгдэл болон бусад амьтны араг ясыг олсон байна. “Энд ихэд хөгжсөн экосистем байсан нь харагдаж байна. Бид зөвхөн үлэг гүрвэлүүдийн араг яс бус мөн дөрвөн төрлийн яст мэлхий, матрын үлдэгдлийг илрүүллээ. Үүнээс гадна эртний сүүн тэжээлтний жижиг шүд олдлоо” хэмээн Германы палеонтологч ярилаа. Саяхан Аргентинд хамгийн том үлэг гүрвэлийн үлдэгдлийг ухаж гаргасан билээ.

Б.Нетаньяху: “Хамас”, “Лалын улс” нь хорт модны мөчрүүд

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Хамас”, “Лалын улс” бүлгүүдийг нацистууд мэт терроризмийн арга замаар дэлхийд ноёлохыг санаархаж байгаа хорт модны мөчрүүд хэмээн нэрлэв. “Хамас”-ын эсрэг Израилийн цэргийн кампанит ажил, “Лалын улс”-ын эсрэг АНУ-ын цэргийн ажиллагаа нь лалын терроризмийн эсрэг явуулж буй тэмцлийн нэг хэсэг ажээ. “Эцсийн эцэст тэдний зорилго нэг юм. Эдгээр лалын хэт даврагч хөдөлгөөнүүд нь 80 жилийн өмнөх нацистуудтай адилхан” хэмээн Израилийн Ерөнхий сайд хэллээ. Цөмийн зэвсэг агссан Иран улс нь террорист “Лалын улс” бүлгээс ч илүү аюултай хэмээн Израиль улс үзэж байгаа юм.

Каталоны санал асуулгыг Испанийн Үндсэн хуулийн шүүх хориглов

Испанийн Үндсэн хуулийн шүүх Каталон мужид болох гэж буй тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулгыг хууль бус хэмээн үзжээ. Каталон мужийн тэргүүн Артур Мас арваннэгдүгээр сарын 9-нд Испаниас тусгаарлах эсэх санал асуулга явуулах тушаалыг баталсан юм. Гэвч Үндсэн хуулийн шүүх хууль бус гэж үзсэн тул энэхүү санал асуулга явагдах боломжгүй боллоо. Каталон муж дангаараа ийм санал асуулга явуулах нь нийт испани иргэдийн эрхийг зөрчсөн явдал хэмээн үзэж байна. Испанийн аль нэг муж салан тусгаарлахыг хүсвэл санал асуулга зөвхөн тэр мужид бус, нийт Испани даяар болох ёстой хэмээн Үндсэн хуулийн шүүх үзжээ.

Моника Белуччи 50 хүрлээ

“Малена”, “Дракула”, Клеопатра ажиллагаа” зэрэг киноны дүрээр дэлхий дахинд алдаршсан Италийн жүжигчин Моника Белуччи 50 нас хүрчээ. Моника 1996 онд “Байр” кинонд тоглож байхдаа ирээдүйн нөхөр Венсан Кассельтэй танилцжээ. Кассель уг киноны найруулагчаар ажиллаж, Белуччи нэгэн жижиг дүр бүтээж байсан аж. Тэд таван жилийн дараа гэрлэсэн юм. Италийн төдийгүй дэлхийн хамгийн сайхан, хөөрхөн бүсгүй гэгддэг Белуччи 39 насандаа охин Девагаа, 45 насандаа Леони охиноо төрүүлжээ. 100 талыг наслаад байгаа Моника Белуччи бие, төрхөөрөө дэлхийн олон сая эрчүүдийн шүтээн болсон хэвээр байна.


Ху Жиа: Коммунист намд шахалт үзүүлэхийн тулд гудамж, талбайг эзлэх хэрэгтэй

Хятадын нэртэй тэрс үзэлтнүүдийн нэг Ху Жиа Хонконгод болж буй эсэргүүцлийн хөдөлгөөн болон улс оронд эрх чөлөө дутагдаж буй талаар Испанийн “АВС” сонинд ярьж байна. Тэрээр байнгын хараа хяналт, цагдалтад байдаг бөгөөд гурван жил хагас гэрийн хорионд байсан юм.

-Хонконгод юу болох бол? Хонконгийн ардчилал юуг шаардаад байна вэ?

-Хонконгод болж буй нийгмийн хүчтэй дарамт шахалтын улмаас 2017 онд тэнд чөлөөт сонгууль болох байх гэж бодож байна. Хятадад илүү их эрх чөлөө бий болоход энэ хөдөлгөөн нөлөөлөх байх гэж найдаж байна. Коммунист намд шахалт үзүүлэхийн тулд гудамж, талбайг эзэлж, ардчиллыг шаардаж буй иргэдэд урам зориг өгөх хэрэгтэй.

-Та Хятад дахь ардчиллыг харах болов уу? Эсвэл эдүгээ зургаан настай танай охины үеийнхэн үүнийг хүлээх хэрэгтэй болох уу?

-Мэдээж миний үед ардчилал бий болно. 2008 оноос хойш Си Жинпин эрх мэдэлд гарах хүртэл Хятадад олон өөрчлөлт гарсан. Хятадын ард түмний шахалт шаардлага улам хүчтэй болсоор байна. Өнгөрсөн он жилүүдэд Коммунист нам, тэр тусмаа Үзэл суртлын яам ард түмнийг хуурсаар ирсэн. Засгийн газрын үйлдлийг интернэт, Weibo зэрэг нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжилж байна. Цэрэг армидаа их мөнгө зарцуулж байгаа ч өөрчлөлт шинэчлэлийг зогсоож чадахгүй.

-Гэвч өнөөгийн Хятад улс ардчилалд бэлэн байна уу?

-Бүх улс оронд ардчилал боловсорч гүйцэх хугацаа хэрэгтэй байдаг. Хятад улс дэлхийн II дайны дараа хагас колончлолоос гарч дарангуйллын дор амьдарч ирлээ. Дахиад цаг хугацаа хэрэгтэй байгаа ч ардчиллын үйл явцыг эхлүүлэх цаг нь болсон. Коммунист нам ард иргэдийг CCTV телевиз, цагдаа, армийн суртал ухуулгаар хянасаар байгаад хамаг учир байна. Интернэт бол тэнгэрийн бэлэг, мэдээллийг түгээх хамгийн хурдан хэрэгсэл. 2008 оноос хойш олон жижиг блог гарах болж, олон хүн санал, сэтгэгдлээ бичих болсон. Гэвч Хятадад улс төрийн өөрчлөлт гарахын тулд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангаж, залуус 1989 оны оюутны хөдөлгөөн шиг хөдөлж, жагсах хэрэгтэй байна.

-Хятадын хамгийн том бэрхшээл нь юу вэ?

-Улс орныг олон жилийн турш хянаж цагдсаар байгаа Коммунист намын дарангуйлал. Түүнийг хянаж, шалгаж чадах өөр улс төрийн хүчин алга. Энэ монополь их авилгал бий болгож, шударга бус байдлыг өөгшүүлж байна.

-Си Жинпин шинэ удирдагч болсноор өөрчлөлт гарч байгаа юм биш үү?

-Сигийн эцэг Олон өдрийн жагсаалд оролцож байсан хувьсгалын баатар байсан. Харин Ху бол өөр гэр бүлээс гаралтай. Хятад улс эргээд Коммунист намын нэг удмын мэдэлд ороод байна. Технократ Ху Жинтаотай харьцуулах юм бол Си Жинпин нь Коммунист намын улаан цустай нэгэн. Хэдийгээр түүнд Мао Зедун, Дэн Сяопин шиг нэр хүнд байхгүй ч тэр бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлээд байна. Тэр бол Хятад дахь нэг шинэ эзэн хаан.

-Таны нөхцөл байдал ямаршуу байгаа вэ?


-Би чөлөөтэй юм шиг байгаа ч цагдаа нар миний гэрийг, утсыг минь хянаж, намайг хаа байгааг GPS-ээр илрүүлсээр байгаа. Энэ онд Тяньанминий 25 жилийн ойгоор идэвхтэн, тэрс үзэлтнүүдийн үйл хөдлөлийг илүү их хянаж, цагдаж байсан. Би “Төрийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаанд уриалан дуудсан” хэргээр ял эдэлсэн болохоор эрх чөлөөгөө хасуулсан, найман жилийн өмнөөс паспортгүй явж байна. Одоо энэ бүгдийг ярьсны төлөө намайг дахин баривчилж магадгүй. Гэхдээ надад айх юм алга. 

Sunday, 28 September 2014




АНУ-ын цэргийнхны 70 хувь нь Иракт дайн явуулахыг эсэргүүцэж байна

АНУ-ын цэргийнхны 70 гаруй хувь нь Ирак дахь дотоодын арми болон аюулгүйн хүчнийг дэмжихийн тулд Америкийн хуурай газрын цэргийг ашиглахыг эсэргүүцэж байна. Military Times-аас явуулсан санал асуулгаар, АНУ-ын зэвсэгт хүчний төлөөлөгчдийн 60 хувь нь Иракт явуулсан дайн амжилт олоогүй гэсэн бол, дөнгөж 30 хувь нь үр дүнд хүрсэн хэмээн үзжээ. Судалгаанд хоёр мянга 200 орчим цэрэг, офицер оролцсон байна.

Мексикт 20 орчим цагдааг баривчилжээ

Мексикийн Герреро мужид хүн амины хэрэгт холбогдсон 20 орчим цагдааг баривчилжээ. Есдүгээр сарын 26-нд Игаула хотод оюутнууд, цагдаа нар, зэвсэгт хүмүүс оролцсон мөргөлдөөн болж дор хаяж зургаан хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархдаж гэмтжээ. Энэ хэрэгт 22 цагдааг сэжиглэн баривчлаад байна. Мөргөлдөөний үеэр иргэд амиа алдсан хэрэгт цагдаа нарыг буруутгажээ. Амралт сувиллын Акапулько хотод Үндэсний үйл ажиллагааны намын ерөнхий нарийн бичгийн дарга Браулио Сарагосаг үл мэдэгдэх этгээдүүд буудаж амь насыг нь хөнөөжээ.  

Талибууд Австралийн иргэнийг цаазалжээ

Афганистанд “Талибан” хөдөлгөөний дайчид Австралийн иргэнийг цаазаллаа хэмээн Guardian сонин мэдээлэв. 56 настай Сайед Хабибын цогцсыг есдүгээр сарын 23-нд Афганы өмнөд хэсгийн Газни мужаас олжээ. Түүнийг гурван удаа буудаж, мөн хороохоос нь өмнө тамлаж зовоосон ул мөрийг нутгийн иргэд илрүүлсэн аж. “Кабул дахь Австралийн Элчин сайдын яам Афганистанд цаазлуулсан иргэнийхээ талаар мэдээллийг буглуулж, нотолгоог нь олохоор ажиллаж байна” хэмээн Австралийн Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. 2000 оноос хойш Сидней хотод амьдарч байсан Хабиб хамаатан садандаа айлчилж яваад есдүгээр сарын 20-нд хулгайлагдсан юм. Тэрээр талибуудын мөрдлөг, хавчлагад ихээхэн өртдэг хазара үндэстэн ажээ.

Ашраф Гани Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө

Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ашраф Гани өчигдөр тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслол нийслэл Кабул хотол болжээ. Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат зургадугаар сарын 14-нд болж Сангийн сайд асан Ашраф Гани, Гадаад хэргийн сайд асан Абдулла Абдулла нар өрсөлдсөн билээ. Тэд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, бие биенээ будлиан, луйвар хийсэн хэмээн буруутгаж байв. Афганистаны улс төрийн хямрал гурван сар үргэлжилсний эцэст Абдулла, Гани нар Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулж, эрх мэдлийг хуваах тохиролцоонд хүрсэн юм.

Хятадад түвд банхарыг хувилж байна

Хятадад түвд банхарыг худалдааны зорилгоор эсийн аргаар хувилж эхэллээ хэмээн Shanghai Daily сонин мэдээлэв. Түвд банхарыг хувилах төслийг Хятадын Boya Life, Өмнөд Солонгосын Sooam Biotech Research Foundation компани хариуцаж байна. Одоогоор гурван гөлгийг эсийн аргаар хувилж гаргаад байгаа аж. Хятадад болсон хэд хэдэн тэмцээнд түрүүлсэн Цяма хэмээн түвд банхараас эдгээр гөлгийг хувилж гаргажээ. Түвд банхар нь дэлхийн хамгийн үнэтэй үүлдэр юм. Хятадад түвд банхарын гөлөг 1.9 сая долларын үнэ хүрч байв. 


Хятад дахь цалингийн өсөлт гадаадын хөрөнгө оруулалтыг сааруулжээ

Хятад улс хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахаа больж байна. Азийн аварга улс 2001 онд дэлхий нийтэд нээгдсэнээс хойш маш хямд ажиллах хүчин болон эх оронд нь зөвшөөрдөггүй олон зүйлийг зөвшөөрсөн хуулийнх нь улмаас гадаадын компаниуд Хятадад үйлдвэрээ барих болсон юм. Гэвч эдүгээ эдгээр олон давуу тал ул болон үлдэв. 2013 онд Хятадын Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар, хотын иргэдийн жилийн дундаж цалин 46 мянга 769 юань (5870 евро) болж өсчээ. Хэдийгээр энэ нь өрнөдийн стандартаас хол байгаа ч Хятаддаа сүүлийн таван жилд хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Европын холбооны Худалдааны танхимаас явуулсан тооцоогоор, Хятадад үйл ажиллагаа явуулдаг Европын компаниудын талаас илүү хувь нь бусад улс орон дахь салбараасаа бага ашиг олсон байна. Хятад дахь гадаадын компаниудын гуравны хоёр нь “Улсын үйлдвэрүүдэд давуу эрх олгох болсноор сүүлийн 2-3 жилд бизнес хийхэд хэцүү болсон” хэмээн хариулжээ. Хятадад хөрөнгө оруулалт хийх алтан үе дууссан хэмээн бизнесмэнүүдийн талаас илүү хувь нь үзэж байна. “Үйлдвэр, компаниуд Индонез, Малайз зэрэг Азийн өөр улсууд руу харах боллоо. Зарим нь тээвэрлэлт, логистикийн улмаас улс орондоо бизнесээ хийж, үйлдвэрээ ажиллуулжах сонирхолтой болж байна” хэмээн Европын холбооны Худалдааны танхимийн тэргүүн Иорг Вутке өгүүлэв. Хятад нь хөрөнгө оруулагчдын дуртай гурван газрын нэг хэвээр байгаа ч аль хэдийнэ тэргүүн байраа алджээ.
Хятад дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ онд 1.8 хувиар буурлаа хэмээн тус улсын Худалдааны яамны төлөөлөгч Шэн Данян мэдэгдлээ. Тэрээр хямд ажиллах хүчин зэрэг давуу талууд байхгүй болсныг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг дурдаад, мөн глобал эдийн засгийн удаан сэргэлт, валютын ханшийн хэлбэлзэл ихээхэн нөлөө үзүүлж байгааг онцлов. Хятад улс өөрчлөгдөхийн хэрээр хөрөнгө оруулагчид ч өөрөөр ажиллах болжээ. Хятад нь үйлдвэрлэл явуулахад тааламжтай газар байсан бол эдүгээ гадаадын хөрөнгө, капитал үйлчилгээний салбар руу чиглэх болжээ. Худалдан авах чадвар нь байнга өссөөр байгаа хятадуудын мөнгөө үрэх салбар нь үйлчилгээний салбар болоод байгаа юм.
Хятадад гарч буй хамгийн том өөрчлөлт нь яалт ч үгүй гадаадад хөрөнгө оруулах чадвар нь өссөөр буй явдал. Ирэх онд Азийн аварга улсын гадаадад хийж буй хөрөнгө оруулалт анх удаа орж ирж буй хөрөнгө оруулалтаас давах болсныг эрх баригчид зарлав. Хятадын нэр нөлөө улам нэмэгдэж, дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын нэг болж байна. 2013 онд Бээжин хилийн чанадад 90.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн нь 2012 оныхоос 16.8 хувь илүү үзүүлэлт юм. Ийнхүү хятадууд хөрөнгө оруулалтаараа Америк, Японы ард зогсох болов. Хятадын хөрөнгө оруулалтын ихэнх нь эрчим хүч, барилга, дэд бүтэц болон Huawei, Lenovo, ZTE зэрэг өрнөдөд улам танигдсаар байгаа компанийн салбаруудад орж байгаа ажээ. Африк, Латин Америкт үлэмж хөрөнгө оруулж байсан хятадууд эдүгээ байгалийн баялаг ихтэй Канад, Австрали руу орох болов. Мөн Хятадын томоохон үйлдвэрүүд Америк, Европт ашигтай санал хүлээн авч гарах нь элбэг болжээ. 

Saturday, 27 September 2014




“Че”, “Уго” үнэртэй усны худалдааг хориглов

Кубын Labiofam  улсын үйлдвэр хувьсгалч Эрнесто Че Гевара болон Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес нарын дурсгалд зориулан “Ernesto”, “Hugo” хэмээх үнэртэй ус гаргасан ч эрх баригчдын зүгээс хориг тавьжээ. “Цуутай  хувьсгалчдын нэртэй бараа үйлдвэрлэж, худалдахыг манай Засгийн газар хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн албан ёсны “Гранма” сонинд нийтлэгдсэн мэдэгдэлд онцолсон байна. Цэвэр, ариун байх ёстой билэг тэмдгийг худалдааны зорилгоор ашигласан эм бэлдмэл, химийн Labifam үйлдвэрийн зохих хүмүүст арга хэмжээ авахаар болжээ. Зарим мэдээллээр, Че Гевара, Уго Чавес нарын ар гэрийнхэн ийм нэртэй үнэртэй ус үйлдвэрлэхийг зөвшөөрсөн байж магадгүй байна.

Чикагод 800 нислэг хойшилжээ

Нэгэн авиакомпанийн ажилтан гал тавьсны улмаас Чикаго хотын хоёр нисэх буудал дээр хэдэн зуун нислэг хойшлоод байна хэмээн CNN мэдээлэв. “ОХара” олон улсын буудал дээр 660 нислэг хойшлогдсон бол, “Мидвей” нисэх буудал дээр 120 нислэг цуцлагджээ. Чикагогийн нэг нисэх буудал дээр гарсан гал түймрийг нэгэн ажилтан тавьсан бөгөөд түүнийг ажлынхаа өрөөнд амиа хорлох гэж байхад нь олсон байна. Нисэх буудалд гар тавьсан этгээд эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр гэм буруутай нь нотлогдвол 20 хүртэл жилийн ял авах ажээ.

Денге тахлаар 75 мянган хүн халдварлаад байна

Малайз улсад Денге тахлын халдвар авсан хүний тоо 75 мянгад хүрлээ хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Хилми Яха мэдэгдлээ. Селангор, Келантан мужид халдвар ихээр илэрч байгаа бөгөөд одоогоор 143 хүн энэ тахлаар өөд болоод байна. Денге тахал тараагч шавьжны амьдрах бүс нутаг өргөжсөн тул энэ өвчин улам тархах нь ойлгомжтой болоод байгаа ажээ.

Ким Чен Ун НҮБ-ын тэргүүнд захидал илгээжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Хойд Солонгосын лидер Ким Чен Унаас хувийн захидал хүлээж авлаа хэмээн “Новости” агентлаг мэдээлэв. “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Солонгосын Хөдөлмөрийн намын дарга Ким Чен Уны захидлыг дамжуулж өгсөн Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдад талархал илэрхийллээ” хэмээн НҮБ-ын тэргүүн, Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдын уулзалтын дараа гаргасан албан мэдэгдэлд онцолжээ. Ким Чен Ун захидалдаа юу гэж бичсэнийг дэлгэхгүй байна. Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Сун Ен хоёр Солонгосыг холбооны зарчмаар нэгтгэхдээ улс төрийн байгууллыг нь хэвээр хадгалж үлдэх санал дэвшүүлж байсан билээ.

Билл, Хиллари нар өвөө, эмээ болов

АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарын ганц охин Челси уржигдар амаржиж охинтой болжээ. 34 настай Челси Клинтон, банкны мэргэжилтэн Марк Мезвински нар охиндоо Шарлотт гэдэг нэр хайрласан байна. “Марк бид хоёр хайр, талархлаар бялхаж байна. Охин минь мэндлээд бид их баяртай байна” хэмээн Челси Facebook хуудсандаа бичжээ. Челси, Марк нар 2011 онд гэрлэсэн юм. NBC News телевизийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байсан Челси Клинтон энэ оны наймдугаар сард ажлаа орхиж, эцгийнхээ байгуулсан сангийн ажилд анхаарлаа хандуулах болсон билээ. 


Улаан бүхээг улаан бүхээг байхаа больжээ

Лондоны гурван билэгдэл юу вэ гэвэл хамгийн түрүүнд Биг Бен цамхаг, хоёр давхар улаан автобус болон телефон утасны улаан бүхээг санаанд орно. Эдгээр нь британи арлын амьдрал, өнгөний салшгүй хэсэг байсан билээ. Гэвч улаан бүхээгнүүд тийм байхаа больж байна. Гар утас гарч ирснээр улаан бүхээг алга болох замдаа оржээ. 1980-аад онд Их Британи даяар 73 мянга байсан бол өнөөдөр 11 мянга л үлдээд байна. Цөөхөн үлдэж байгаагийн дээр үндсэн чанараа алдаж, зураг, утасны дугаараа үлдээж, секс үйлчилгээ санал болгосон нүцгэн хүүхнүүдийн наалтуудаар дүүрчээ. Нэгэн үе хоёрыг уулзуулж, холыг ойртуулдаг байсан улаан бүхээгнүүд янхандалт, биеэ үнэлэлтийг сурталчлах идэвхтэй самбар болон хувирчээ.
2001 оноос хойш телефон утасны бүхээгт секс үйлчилгээний зарлал наахыг гэмт хэрэг хэмээн үзэх болсон юм. Гэвч муур, хулганы тоглоом мэт л British Telecom-ийн ажилтнууд бүхээгийг үе үе цэвэрлэдэг ч хэдхэн хоногийн дараа охид хүүхнүүдийг ашигладаг мафийнхан  нөгөө наалтаар дүүргэж орхидог аж. Улаан бүхээгт дахин ийм наалт наагаад баригдвал 200-1300 паундаар торгох болон нэг сар хүртэл хорих хугацаагаар шийтгэхээр болсон ч нэмэргүй. Энэ шийдвэрийг гаргасны дараа нэг долоо хоногт л 150 мянган секс зарлал хураагдаж байв. Их Британийн улаан бүхээгнүүдэд нэг жилийн дотор 13 сая секс зарлал наасан хэвээр байна.
Их Британид биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрдөг ч гудамжинд хийх, сурталчлахыг хориглодог. Хэрэглэгчийн дүрд хувирсан цагдаа нар тэдгээр зарын дагуу утасдаж улаан дэнлүүний газар болон эздийг нь илрүүлээд, улаан бүхээгт дахин наалт орхихгүй байхыг сануулдаг аж. Тус газрын эмэгтэйчүүд зохих бичиг баримтгүй бол улс орноос албадан гаргадаг. Гэвч тэднийг баривчлах нь ховор. Учир нь эмэгтэйчүүдийг ашигладаг мафийнхан “Card boys буюу секк зарлал наадаг хүүхдүүдийн бүхэл бүтэн батальонтай байдаг аж.
“Та Лондонд жуулчилж яваад телефон утасны бүхээгт орвол секс-шоп руу орсон мэт сэтгэгдэл төрж магад” хэмээн Лондон хотын захиргааны ажилтан Кит Мальтхаус өгүүлэв. Хотын захиргаа Их Британийн гар утасны операторуудад хандаж секс зарлал дээрх утасны дугааруудыг бүгдийг нь хаах хүсэлт явуулжээ. Улаан бүхээгт биеэ үнэлэгчдийн зурагтай нэрийн хуудас наах моод 80-аад онд Лондоны Сохо дүүргээс эхэлжээ. Сохо нь улаан дэнлүүний газар, биеэ үнэлэгчид болон гэмт хэргээрээ толгой цохидог дүүрэг билээ. Удалгүй энэ моод Кандем, Кенсингтон, Челси, Вэстминстер дүүрэгт тархжээ. Секс зарлал наагдаж байсан анхны бүхээгүүд зарим цуглуулагчдын хувьд үнэ цэнэтэй зүйл болон хувирсан юм. Утасны улаан бүхээг анх 1920 онд бий болжээ. Тэр үед шуудан, холбооны үйлчилгээ эрхэлдэг байсан үндэсний компани бүхээгийг шуудангийн хайрцгийн адилаар улаанаар будах шийдвэр гаргаж байсан гэдэг.
1924 онд шилдэг архитекторуудын дунд улаан бүхээгний загвар дизайны уралдаан зарлахад Ливерпүүлийн цогчин дуганы загварыг гаргаж байсан дизайнер Гилберт Скотт түрүүлснээр улаан бүхээг өнөөгийн хэв загвараа олжээ. Техник технологи хөгжиж, гар утас дэлгэрэх болсноор улаан бүхээгээр үйлчлүүлэгчид нь телефон утсаар яригчид бус, секс зарлал хайгч, харагчид болон өөрчлөгдөөд байна. 

Wednesday, 24 September 2014




Билл Клинтон: Монголын тал нутгаар морь унаж давхимаар байна

АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон “АВС News” телевизэд ярилцлага өгөхдөө нэгэн нандин хүслийнхээ талаар дэлгэжээ. Сэтгүүлч Жорж Степанополус Цагаан ордны экс эзнээс “Үхэхээсээ өмнө юу хийхийг (bucket list) хүсдэг вэ хэмээн асуухад “Би Монголд очиж үзээгүй л явна. Монголын тал нутгаар морь унан давхиж, Чингис хааны өлгий нутагт ямар байдгийг төсөөлөхийг хүсч байна. Мөн Килиманжаро ууланд цасыг нь байхгүй болохоос өмнө авирмаар байна” хэмээн хариулжээ. Билл, Хиллари нарын охин Челси хэзээ мөдгүй амаржих гэж байгаа билээ. “Өөр очиж үзээгүй, аяламаар санагддаг хэд хэдэн газар бий. Ач маань аялалд авч явахад хангалттай том болсон үед ч би аялах хүч чадалтай байх болно. Би Хилларийг, мөн Челси, Марк (хүргэн) нарыг авч явах болно” хэмээн 68 настай экс Ерөнхийлөгч ярилаа.

Лас-Вегас мөрийтэй тоглоомоор амьдрахаа больжээ

АНУ-ын Лас-Вегас хот мөрийтэй тоглоомын орлогоор амьдрахаа больж байна. Энэ хотод зочилж буй хүмүүс зочид буудал, зоогийн газар, концерт, шоу, бага хурал, зугаа цэнгээний парк болон бусад салбарт мөнгөө илүүтэй зарцуулах боллоо хэмээн Business Insider мэдээлэв. Морган Стэнли-гийн эдийн засагчдын судалгаагаар, Лас-Вегас хот 2013 онд нийт орлогынхоо 37 хувийг мөрийтэй тоглоомоос олсон байна. 1970-аад онд орлогын 60 хувь нь мөрийтэй тоглоомын газраас орж ирдэг байжээ.
Зочид буудлаас хотын нийт орлогын 13 хувь нь орж ирдэг байсан бол эдүгээ 25 болж өсчээ. Концерт, хурал зэрэг олон нийтийн арга хэмжээнээс орж ирдэг орлого 2-оос 14 хувь болж өссөн байна.

С.Лавров Ж.Керри нар Украины талаар ярилцжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар уулзаж Украин дахь нөхцөл байдлын талаар ярилцжээ. Тэд Минскийн тохиролцооны бүх заалтыг даруй, бүрэн гүйцэд биелүүлэх ёстой гэдэг дээр санал нэгдлээ хэмээн Төрийн департаментын мэдээлэлд онцолсон байна. Украины зүүн нутагт дайны гал зогсоох Минскийн гэрээ нь 12 заалттай. Сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч үе үе мөргөлдөөн, тулаан гарч хүний амь үрэгдсээр байгаа юм. Америк, Оросын дипломат албаны тэргүүнүүд мөн “Лалын улс” бүлгийн эсрэг тэмцэл болон Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээний талаа санаа бодлоо солилцсон байна.

Навахо омгийнхонд 554 сая долларын нөхөн төлбөр олгоно

Навахо омгийн индианууд АНУ-ын Засгийн газраас 554 сая долларын нөхөн төлбөр авахаар боллоо. Навахо омгийнхон төрийн болон хувийн мэдлийн үйлдвэр, компаниуд Нью-Мексико, Аризона, Юта муж дахь индиануудын нөөц нутагт нэвтэрч олборлолт, хайгуул хийж байна хэмээн гомдол гаргасан юм. АНУ-ын түүхэнд индиан омгийнхонд олгож буй хамгийн өндөр нөхөн төлбөр нь энэ болов. Ийнхүү 50 гаран жил үргэлжилсэн навахо нарын гомдол, шүүхийн үйл явц төгсгөл болж байна. АНУ-ын Засгийн газар навахо индиануудын эзэмшлийн 14 сая га газрыг мэдэлдээ авч хөдөө аж ахуй, нефть, нүүрсний олборлолт, мод бэлтгэх чиглэлээр ашиглуулж байгаа юм.

Лана Дель Рей оршуулгын газарт тоглоно

Америкийн дуучин Лана Дель Рей ер бусын үйлдлээрээ попын хатан хаан Мадоннаг ч гүйцэх бололтой. Мадонна 2006 онд нэгэн концерт дээрээ загалмайн дээр хэвтэж олныг шуугиулж байв. Тэгвэл Лана Дель Рей оршуулгын газарт концертоо тоглохоор шийджээ. Бүр нэг удаа ч бус аравдугаар сарын 17, 18-нд Холливуд дахь оршуулгын газар дээр хоёр удаа тоглохоор болсон бөгөөд тасалбар нь аль хэдийнэ дуусчээ.
Дуучин бүсгүй тэнд мөнх нойрсож буй Холливудын оддод хүндэтгэл үзүүлж байна хэмээн ярилаа. Түүний энэ алхмыг буруутгаж байгаа хүн байхгүй байгаа нь хачирхалтай. Холливуд дахь оршуулгын газарт урлагийн тоглолт хийх нь шинэ зүйл биш ажээ. Нутгийн хошин шогчид тэнд тоглох их дуртай байдаг хэмээн мэдээлж байна.

Оросын эсрэг хоригийг цуцлахгүй байхыг хүсчээ


Украины Ерөнхий сайд Арсений Яценюк Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлахгүй байхыг өрнөдийн орнуудаас хүсчээ. “Украин улс зүүн нутгаасаа эхлээд Крым хүртэл газар нутаг дээрээ бүрэн хяналт тогтоох хүртэл Оросын эсрэг хоригийг цуцлахгүй байхыг өрнөдийн түншүүдээсээ хүсч байна” хэмээн Яценюк НҮБ-ын индэр дээрээс мэдэгдэв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын Ерөнхий Ассамблейг нээж үг хэлэхдээ “Москва Украины талаарх бодлого, чиглэлээ өөрчилвөл Оросын эсрэг хоригийг цуцлахад бэлэн” хэмээн мэдэгдсэн билээ. 


Бага насны охидыг хулгайлагч баригджээ

Испанийн Мадрид болон дагуул жижиг хотуудыг зургаан сарын турш айдаст автуулаад байсан бага насны охидыг хулгайлж, мансууруулаад орхидог байсан этгээдийг цагдаа нар өчигдөр хойд хэсгийн Сантандер хотоос баривчилжээ. Антонио О.М. гэгч 42 настай этгээд энэ хугацаанд таван охиныг хулгайлж хүчирхийлсэн нь тогтоогдоод байгаа юм. Тэрээр бага насны охидыг тоглоом, чихрээр хууран авч яваад, мансууруулж хүчирхийлээд 4-5 цагийн дараа гудамжинд орхидог байв.
Дөрөвдүгээр сарын 10: Түүний эхний золиос нь Мадридын ойролцоох Линеаль хотын цэцэрлэгт хүрээлэнд тоглож байсан 9 настай испани охин болжээ. Гэмт этгээд зүлгэн дээр зураг авч зогсож байгаад охиныг дэлгүүрээс чихэр аваад гарч ирэхэд нь “Ээжтэй чинь ярьчихсан, чи надтай яваад хувцас өмсч үзэх хэрэгтэй боллоо” хэмээн авч явжээ. 21.00 цагийн үед ийм юм болжээ. Таван цагийн дараа охиныг метроны Каниехас буудлаас олсон байна. Тэнд нэг охин ганцаараа гуйвж дайван явж байна гэсэн нэгэн эмэгтэйн мэдээллийн ачаар олжээ. Охиныг мансууруулсан байв. Цагдаа нар ийнхүү нэгэн хачирхалтай, аймшигтай хэргийн араас оржээ.
Зургадугаар сарын 17: Мадрид хотын Аскоа дүүргийн Луис Руис гудамжнаас 19.30 цагийн үед хятад гаралтай таван настай охин алга боллоо. Нэгэн гэрчийн баталснаар, 40 орчим насны нэг эрэгтэй охинд бугуйвч хэлхэж хийдэг тоглоом өгөөд аваад явжээ. Охин хоёр хүүхдийн хамтаар эцэг эх нь ажиллуулдаг хүнсний дэлгүүрийн гадаа тоглож байсан аж. Дөрвөн цагийн дараа мансуурлын байдалтай охиныг хажуугийн дүүргийн Пинар гудамжинд орхисон байхыг олжээ.
Наймдугаар сарын 22: Гэмт хэрэгтэн дахин гарч ирсэн ч тактикаа өөрчилжээ. Линеаль хотод долоон настай доминикан гаралтай охин алга болоод ердөө цаг хагасын дараа олджээ. Харин охиныг мансууруулаагүй ч хүчирхийлсэн байв. Гэрчүүдийн яриагаар, охиныг авч явсан эрэгтэй, түүний машин өмнөх гэмт хэрэгтнийхтэй таарч байлаа. Гэмт этгээд ул мөрөө баллах арга техникийг сайн мэддэг нэгэн байв. Тэрээр өмнөх хоёр тохиолдолд охидыг мансууруулж хүчирхийлээд, ADN-ий ул мөрөө үлдээхгүйн тулд усанд оруулаад гудамжинд гаргаж тавьсан байсан юм. Гэмт этгээд бага насны охидод чихэр өгөхдөө дотор нь мансууруулах, нойрсуулах бодис хийдэг байсан аж.   

Есдүгээр сарын 24: Испанийн үндэсний цагдаагийн ажилтнууд Сантандер хотод нэгэн сэжигтнийг баривчилсан нь Мадрид, Линеаль хотыг айдаст автуулж байсан гэмт хэрэгтэн байлаа. Мадрид орчимд бага насны охидыг хулгайлж байсан этгээд хойд хэсгийн Сантандер хотод очиж нуугдсан байжээ. Тэрээр одоогоор 5-11 насны таван охиныг хулгайлж, гурвыг хулгайлах гэж оролдсон нь тогтоогдоод байна. Гэмт хэрэгтэн Антонио О.М. нь 42 настай, Испанийн иргэн. Бодибилдинг болон зодооны урлагаар хичээллэдэг уг этгээд өмнө нь хулгай, дээрмийн хэргээр шийтгүүлж, мөн зургаан настай охиныг хүчирхийлсэн хэргээр долоон жил шоронд суусан нэгэн байжээ. 

Зургийн тайлбар: Антонио О.М.  

Tuesday, 23 September 2014



Украины мөргөлдөөнд гурван мянга гаруй хүн амиа алджээ

Украины зүүн хэсэг дэх зэвсэгт мөргөлдөөнд амиа алдсан хүний тоо гурван мянга 500-д хүрээд байна хэмээн НҮБ-ын хүний эрхийн хорооны төлөөлөгч Иван Шимонович мэдэгдэв. Малайзын нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүс үүнд багтаж байгаа аж. Одоогоор батлагдаад байгаа мэдээллээр ийм тоо гарч байгааг Шимонович онцлоод, бодит байдал дээр амь үрэгдсэн хүний тоо илүү их байж магадгүй гэжээ. Энэ оны дөрөвдүгээр сараас хойш Украины зүүн нутаг дайн байлдаантай байгаа билээ. Саяхан сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч тэнд мөргөлдөөн болж хүний амь үрэгдсээр байна.

Кубаас зугтсан иргэд Майамид ирэв

Кубаас завиар зугтсан есөн хүн өчигдөр Майамийн эрэг дээр иржээ. Дан эрчүүдээс бүрдсэн салчид Флоридагийн Кей Бискейн эрэгт газардсан бөгөөд АНУ-ын Эргийн харуулын цэргүүд хүлээж аваад байна. Кубын иргэд АНУ-д ямар ч хамаагүй аргаар орж ирж хөл тавьсан л бол оршин суух эрх олж авдаг. Вашингтон Кубын цагаачдыг уруу татаж, Гаванын Засгийн газрыг сул дорой харагдуулахын тулд ийм бодлого баримталдаг хэмээн Кубын эрх баригчид үздэг. Куба, Флоридагийн хооронд ердөө 140 км зайтай байдаг тул куба иргэд завиар зугтаж АНУ-д очих нь элбэг байдаг ажээ.

Хоолондоо хар тамхи хийж зардаг байжээ

Хятадын Янань хотын нэгэн зоогийн газар үйлчлүүлэгчдийг “татахын” тулд хоолондоо хар тамхи хийдэг байсан нь тогтоогджээ. Тус газрын хоолны “нууц жор” санамсаргүй байдлаар илэрсэн байна. Лю Жуй хэмээх нэгэн байнгын үйлчлүүлэгчийг цагдаа зогсоож шалгахад цуснаас нь хар тамхи илэрчээ. Лю хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагүй гэдгээ хэлсэн ч цагдаа нар баривчлан авч явжээ. Үүний дараа залуугийн гэр бүлийнхэн дээрх зоогийн газарт байнга иддэг гурилтай шөлийг шалгахыг цагдаагийн газраас хүсчээ. Хүсэлтийн дагуу шалгахад тус зоогийн газрынхан хар тамхины төрөл болох намуу цэцгийг хоолондоо хийдэг байсан нь тогтоогдсон байна. Хоолны газрын эзэн хоёр кг намуу цэцгийн нунтаг худалдан авч, түүгээрээ сүмс хийн хоолоо амталдаг байсан аж.

Хятад улс Оросыг жимс, ногоогоор хангахад бэлэн байна  

Хятад улс Оросын зах зээлийг жимс, ногоо, давсаар бүрэн хангахад бэлэн байна хэмээн БНХАУ-ын Шаньдун мужийн Худалдааны сайд Чжан Цинвэй мэдэгдэв. Хятадад хөдөө аж ахуйн хөгжлөөр тэргүүлдэг Шаньдун муж Орост лууван, цагаан гаа, сармис, вандуй, хулуу, лооль, өргөст хэмх, цэцэгт байцаа, мөн тоор, лийр, жүрж, тарвас нийлүүлэхэд бэлэн байна хэмээн Цинвэй ярьжээ. Ирэх сард Орос, Хятадын лидерүүд харилцан ашигтай нийлүүлэлтийн нөхцөлийг ярилцахаар төлөвлөж байгааг тэрээр дуулгав. Оросын тал Хятадаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авч, Хятадад буудай, бордоо, рапс нийлүүлэх сонирхолтой байгаа аж. Үүнээс гадна хятадууд Оросын газар нутаг дээр хөдөө аж ахуйн компани байгуулах сонирхолтой байна.

Сирийн дайнд хохирсон иргэдэд 215 сая евро зарцуулна

Европын холбоо Сирийн иргэний дайнд хохирсон иргэдэд үзүүлэх тусламжаа өргөтгөж дахин 215 сая еврогийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ. Үүний 50 сая нь хүмүүнлэгийн тусламжид явж, үлдсэн 165 сая еврог Сири болон бусад улс дахь дүрвэгсдийг дэмжих төсөлд зарцуулах юм. Европын холбооноос мэдэгдэж буйгаар, Сирийн 10 сая иргэнд яаралтай тусламж хэрэгтэй байгаа аж. “Лалын улс” бүлгийн заналхийллийн улмаас Туркийн газар нутаг руу дүрвэн орж ирсэн Сирийн курдуудын тоо 100 мянгыг даваад байна.


Хамид Карзай: Энх тайван тогтоогүйд америкууд буруутай

Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай улс орны тогтворгүй байдалд АНУ-ыг буруутгажээ. “Улс оронд дайн дэгдэж, энх тайван тогтоох үйл явц бүтэлгүйтсэнд АНУ буруутай. Учир нь америкууд энх тайвныг хүсээгүй, тэдэнд өөр зорилго байсан. Өнөөдөр би дахиад хэлье, Афганистан дахь дайн бол биднийх биш ээ. Энэ дайныг гадаадыхан бидэнд нялзааж, бид хохирсон. АНУ, эсвэл Пакистан хүсээгүй цагт бид энх тайванд хүрч чадахгүй” хэмээн Карзай мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн албан тушаалаа шилжүүлэн өгч байгаа Хамид Карзай халааг нь авч буй дараагийн Ерөнхийлөгчийг Вашингтонтой ихэд болгоомжтой харилцахыг анхааруулсан байна.
Өнгөрсөн ням гаригт Афганистаны Сонгуулийн үндэсний хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг зарласан юм. Сангийн сайд асан Ашраф Гани ялалт байгуулж Карзайн халааг авахаар болоод байна. Тэрээр долоо хоногийн дотор Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёстой. Түүний гол өрсөлдөгч Абдулла Абдулла Ерөнхий сайдын албан тушаалд нэрээ дэвшүүлэх эрхтэй болжээ. Абдулла Абдулла сонгууль будлиантай болсон хэмээн мэдэгдэж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан ч эцсийн эцэст эрх мэдлийг хуваах тохиролцоонд хүрснээр Ашраф Ганид Ерөнхийлөгч болох зам нээгдсэн юм. Афганистаны Үндэсний эв нэгдлийн Засгийн газар ирэх долоо хоногийн даваа гаригт ажиллаж эхлэх ёстой болж байна.
Афганистаны шинэ засаг захиргааны анхны шийдвэрийн нэг нь АНУ-тай аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах гэрээ юм. Халаагаа өгч буй Ерөнхийлөгч Хамид Карзай энэ гэрээг батлахаас татгалзаж ирсэн билээ. АНУ болон өрнөдийн орнууд 2001 онд талибуудын засаг захиргаа нуран унасны дараа Афганистанд олон тэрбум долларын тусламж үзүүлсэн ч байдал олигтой дээрдсэнгүй. Энэ хугацаанд олон улсын цэргийн хүчний таван мянга орчим цэрэг амиа алджээ. 2001 онд эрх мэдлээс зайлуулагдсан талибууд эргэн хүчирхэгжиж зарим бүс нутагт нэр нөлөөгөө нэмэгдүүлсээр байна. АНУ болон холбоотны цэрэг Афганистаныг бүрэн орхиж гарсны дараа тус улс дахин “Талибан” хөдөлгөөний мэдэлд орж, терроризмийн үүр уурхай болох вий гэдэгт олон улс санаа зовнисоор байна. 

Monday, 22 September 2014


Монголын нууц товчоог уран зургаар өгүүлжээ

Н.Мөнхжин

Зураач Рэнцэнгийн Батцэнгэл 34 уран зурагтай Монголын нууц товчоо түгээмэл эхийн эхний ботийг хэвлэн гаргажээ. Монголын эзэнт гүрний түүхийн ариун судар болох Монголын нууц товчоог залуу, авъяаслаг зураач Р.Батцэнгэл хялбаршуулж, уран зургаар бүгдэд ойлгомжтой өгүүлэхийг зорьжээ. Тэрээр энэ номд орсон зурагнуудаа зургаан жилийн турш урлаж бүтээсэн байна.
“Монголын нууц товчоо нь угаасаа нарийн дүрслэл байхгүй зохиол. Яг сонгодог уран зохиол шиг дотогш нь ороод үйл явдлыг, зохиолын баатрыг нарийн илэрхийлсэн зүйл байдаггүй. Тэгээд энэ агуу зохиол, номыг хүмүүст ойлгомжтой, хүртээмжтэй, түгээмэл байх үүднээс үйл, явдал, баатруудыг нь дотроо харж, дүрсэлж уран зургаар илэрхийлсэн юм. Би 2001 онд Чингис хааны төрсөн өдөрт зориулж үзэсгэлэн гаргаж байсан. Ер нь бол 4-р ангиасаа хойш л Монголын нууц товчоог зурж байна даа” хэмээн ярьсан юм.
Япон улс В.Путинд өгсөн урилгаа цуцлах уу

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг энэ намар эх орондоо айлчлахыг урьсан урилгаа эргэн харахаар боллоо хэмээн “Киодо” агентлаг мэдээлэв. Тиймээс Оросын лидерийн айлчлал 2015 оны хавар, эсвэл бүр цаана хүртэл хойшилж магадгүй болжээ. Украины хамралаас болж Москва, өрнөдийн харилцаа муудчихаад байгаатай холбогдуулан Вашингтоны засаг захиргаа Путиний айлчлалыг хойшлуулахыг Токиогоос хүссэн хэмээн бичиж байна. Гэсэн хэдий ч Орос, Японы тэргүүнүүд арваннэгдүгээр сард Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээний хүрээнд уулзахаар төлөвлөжээ. Япон улс Европын холбоо, АНУ-ын араас Оросын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй байгаа юм.



Лалын дайчид Францын жуулчныг хулгайлжээ

“Лалын улс” террорист байгууллагатай ойрхон “Жамат аль-Жилафа” бүлгийн дайчид Алжирт айлчилж явсан Францын жуулчныг барьцаалжээ. Нүүрээ халхалсан зэвсэгтэй лалын дайчид барьцаанд байгаа франц жуулчин Пьер  Гарделийн зургийг интернэтээр цацаж, Францын Ерөнхийлөгч Франсуа Олландад Ирак дахь довтолгоогоо зогсоох 24 цагийн хугацаа өгчээ. Алжирийн “Хадаз” сонины мэдээлж буйгаар, Францын иргэн тус улсад алжир иргэдийн хамтаар явган аялал хийж яваад террористуудад барьцаалагдсан байна. Лалын дайчид алжир иргэдийг үлдээгээд франц эрийг ганцааранг нь авч явжээ. Ирак, Сирийн нутаг дээр лалын халифат улс байгуулах санаатай байгаа босогчид шаардлагыг биелүүлэхгүй бол Францын иргэнийг цаазлана хэмээн сүрдүүлж байна. Тэд мөн “Лалын улс” бүлгийн эсрэг тэмцэж буй олон улсын цэргийн эвслийн орнуудын иргэдийг хорооно хэмээн мэдэгджээ.

Хэний ч бус сууцанд найман жил үнэгүй амьдарчээ

АНУ-ын Индианаполис хотын оршин суугч Лиза Харди 570 метр кв талбайтай амины орон сууцанд найман жил үнэгүй амьдарч байна. Тэрээр ипотек, эсвэл түрээс төлдөггүй, зөвхөн ус, цахилгааны мөнгө тэргүүтнийг төлдөг. Гурван хүүхдийн эх Лиза эзэн нь хаяад явчихсан орон сууцанд найман жилийн өмнө орж амьдрах болжээ. Гэвч энэ хугацаанд “Энэ миний байшин” гэж хэн ч түүн дээр ирээгүй аж.
Түрээсийн мөнгө нэхэж байгаа байрны эзэн ч, банк ч гэж гарч ирсэнгүй. АНУ-ын томоохон хотуудад эзэд нь, оршин суугчид нь хаяад явчихсан, хэнийх ч биш болчихсон байр, амины орон сууц хэдэн мянгаараа байдаг аж. Тэдгээрт үнэгүй амьдардаг “азтай хүмүүс”-ийн нэг нь Лиза Харди юм. “Би өдөр бүр бурханд талархдаг. Байрны түрээс төлөхгүйгээр амьдрах боломж олгосон бурханд баярлаж байна” хэмээн Лиза ярилаа. Тэрээр байр, орон сууцны зуучлалын компанид ажиллаж байсан ч хэдэн жилийн өмнөөс компани нь дампуурч ажилгүй болжээ.

Жорж Клуни хуриман дээрээ Арманигаар гоёно

Жоржио Армани жүжигчин Жорж Клунид хуримын ёслолын хувцсыг нь хийж өгөхөөр болжээ. Холливудын од Клуни өмгөөлөгч Амаль Аламуддинтай есдүгээр сарын 27-нд Венецид хуримлах юм. “Жорж биднийг сонгосон. Түүний хуримын хувцсыг нь оёхын тулд саяхан очиж биеийн хэмжээг нь авлаа” хэмээн Италийн ззагвар зохион бүтээгч Жоржио Армани хэллээ. Клуни, Амаль нарын хурим Гудечча арал дээрх Чиприани тансаг зочид буудалд болно. Венецийн кино наадамд ирсэн Холливудын жүжигчид ихэвчлэн энэ буудалд байрладаг билээ. Гэрлэх ёслолын гэрчээр Амаль дүү Талагаа сонгосон бол, Жорж Клуни дотны найз, Синди Кроуфордын нөхөр Ранд Герберийг сонгосон байна.

АНУ Палестинд 71 сая долларын тусламж үзүүлнэ

АНУ Газын зурваст 71 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо хэмээн Төрийн департаментийн сайтад мэдээлжээ. Үүний 59 саяыг бүс нутаг дахь НҮБ-ын ажилд зарцуулах юм. 12 сая долларыг Газын зурваст шинэ байшин барилга барих, ундны ус, эм тариагаар хангахад зарцуулах ажээ.

Палестин-Израилийн дайны үеэр орон гэргүй болсон 58 мянган хүн НҮБ-ын хуаранд амьдарсаар байна. Тэдэнд наад захын шаардлагатай зүйлс яаралтай хэрэгтэй байгаа юм. Венесуэль улс Палестинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр онгоц илгээлээ хэмээн Reuters мэдээллээ.