Sofitel зочид буудлыг хятадууд худалдаж авчээ
Нью-Йоркийн Манхэттан дахь Sofitel зочид буудлыг Хятадын
хөрөнгө оруулалтын компани худалдаж авчээ. Олон улсын валютын сангийн тэргүүн
Доминик Строс-Кан үйлчлэгч бүсгүйг хүчирхийлэхийг завдсан хэмээх шуугианаар
дэлхий нийтийн танил болж байсан энэхүү зочид буудал 273 сая долларын үнэ
хүрчээ. Стросс-Кан энэ шуугианы улмаас ОУВС-гийн тэргүүний суудлаас огцрохоос
аргагүй болж, улс төрийн тавцангаас бүрмөсөн алга болсон юм. Sofitel зочид буудлыг
эзэмшихийн төлөө Америк, Канад Европын компаниуд өрсөлдсөн ч Хятадын хөрөнгө
оруулалтын компани
хамгийн өндөр үнэ санал болгожээ. Хятадууд ийм их мөнгө хаясан нь олон хүний
сонирхлыг татжээ.
Канад улс Украинд 200 сая долларын зээл олгоно
Канадын Ерөнхий сайд Стивен Харпер Украины Ерөнхийлөгч
Петр Порошенкотой уулзсаны дараа Киевт 200 сая долларын зээл олгох тохиролцоонд
гарын үсэг зуржээ. Энэ тухай Канадын Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас уламжлав.
Олон улсын валютын сангаас Украинд амласан 17 тэрбум долларын тусламжийн нэг
хэсэг нь энэ юм. Үүнээс гадна Канад улс Киевт гурван сая долларын хүмүүнлэгийн
тусламж үзүүлэхээр болжээ. Ойрын үед Украин, Канадын хооронд чөлөөт худалдааны
бүс байгуулах талаар ярьж байгааг Порошенко мэдэгдлээ.
Жеки Чаны хүү хар тамхины хэрэгт холбогджээ
Хятадын нийслэлийн Дунчэн тойргийн Олон нийтийн аюулгүй
байдлын албаны шийдвэрээр алдарт жүжигчин Жеки Чаны хүүг баривчилсан билээ.
Тэрээр хар тамхи хэрэглэсэн хүнийг нуун дарагдуулсныхаа төлөө гурав хүртэл
жилийн ял авч магадгүй байна хэмээн хэвлэлүүд мэдээлэв. Жеки Чаны хүү, 32
настай Фан Зумин наймдугаар сарын 18-нд хар тамхинд мансуурсан үедээ
саатуулагдаж, гэрийг нь нэгжихэд 100 гр хар тамхи гарчээ. “Чи буруу үйлдэл хийсэн
тул хариуцлагаа хүлээх ёстой. Гэвч би чиний эцэг тул үргэлж чамтай хамт байх
болно” хэмээн Жеки Чан хүүдээ хэлсэн байна. Дашрамд сонирхуулахад, Жеки Чан 2009
онд Хятадад хар тамхитай тэмцэх сайн санааны элчээр томилогдож байжээ. Интернэт
хэрэглэгчид жүжигчнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч зарим нь хүүхдийн хүмүүжилд
хангалттай цаг зав гаргаагүй хэмээн шүүмжилсэн байна.
Чанаргүй вакцины улмаас 100 орчим хүүхэд амиа алджээ
Сирийн сөрөг хүчний хяналтад байдаг баруун хойд хэсгийн
Идлиб мужид НҮБ-ын дэмжлэгтэйгээр явагдсан улаан бурхан өвчний эсрэг
вакцинжуулалтын улмаас 100 орчим хүүхэд амь насаа алдаад байна. Энэ тухай НҮБ
дахь Сирийн байнгын төлөөлөгч Башар Жафари сэтгүүлчдэд мэдэгдлээ. Туркт
үйлдвэрлэсэн чанаргүй вакцин олон хүүхдийн аминд хүрсэн хэмээн тэрээр онцоллоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ хэрэг явдлыг шалгахаар болжээ.
Хүүхдүүдийг вакцинжуулах ажил дөрөв хоногийн өмнө эхэлсэн
аж. Үндэсний сөрөг хүчний байгуулсан түр засгийн газар болон Туркийн эрх
баригчдын тусламжтайгаар улаан бурхан өвчний эсрэг вакцинийг хүүхдүүдэд тарьсан
байна. Хүүхдүүд олноороо нас барсан тул вакцинжуулалтыг түр зогсоогоод байна.
Австралид халдлагад бэлтгэж байсан 15 хүнийг баривчлав
Австралийн цагдаа терроризмийн эсрэг тусгай ажиллагаа
явуулж, халдлага үйлдэхээр төлөвлөж байсан 15 хүнийг баривчилжээ. “Лалын улс”
бүлгийнхэн тус улсын газар нутаг дээр цуврал халдлага үйлдэх гэж байгаа тухай
мэдээлэл тарсны дараа дээрх ажиллагааг явуулсан байна. Тусгай ажиллагааг
Сидней, Брисбен, Логан хотод явуулж, 800 орчим цагдаа оролцжээ. Баривчлагдсан
сэжигтнүүд энгийн иргэдийн эсрэг халдлага, хүчирхийлэл үйлдэхээр төлөвлөж
байсан аж.
Өнгөрсөн
долоо хоногт Австралийн цагдаа Брисбен хотод Сирийн мөргөлдөөнд лалуудын талд
байлдах сайн дурынхныг элсүүлэх ажил хийж явсан хоёр хүнийг баривчилсан юм.

No comments:
Post a Comment