Sunday, 21 September 2014

Иорданд лалын босогчдыг баривчилжээ

Иорданд “Лалын улс” террорист бүлгийн 11 босогчийг баривчилжээ. Тэд босогчдын бүлгийн Сири дахь салбартай холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба Иорданы хаант улсад халдлага зохион байгуулах гэж байсан аж. “Лалын улс” бүлгийн босогчид Иордан дахь нэгэн гишүүний гэрт тэсрэх бөмбөг бэлтгэж байгаад болгоомж алдаж дэлбэрэлт болжээ. Үүний дараа хууль сахиулах байгууллагынхан террористуудын мөрөөр орж босогчдыг баривчилсан байна.

Олзны хүмүүсийг солилцов

Донецкийн бүгд найрамдах улсын салан тусгаарлагчид болон Украины армийнхан цэргийн олзлогдогсдыг солилцлоо хэмээн “ВВС” мэдээлэв. Тал бүрээс тус бүр 28 олзны хүнийг шилжүүлж өгчээ. Донецк хотоос хойш 30 орчим км-т солилцоо явагдсан бөгөөд Европын аюулгүй байдлын албаны төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийнхэн байлцсан байна. Үүнээс хоёр хоногийн өмнө сөргөлдөгч талууд Донбасст олзны 38 хүнийг солилцсон юм.

Польшийн шигшээ волейболын дэлхийн аварга болов

Польшид болсон волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нутгийн шигшээ баг түрүүллээ. Аваргын төлөө тоглолтод польшууд Бразилийн шигшээ багийг 3:1-ээр (18:25, 25:22, 25:23, 25:22) хожжээ. Польшийн шигшээ баг үүнээс өмнө хамгийн сүүлд 1974 онд дэлхийн аварга цол хүртэж байв. Харин бразилчууд сүүлийн гурван дэлхийн аваргад манлайлж байсан юм. Хүрэл медалийг Германы шигшээ хүртжээ. Оросын шигшээ баг тавдугаар байр эзэлсэн байна.

Туркууд Сиритэй залгаа хилээ хаажээ

Туркийн эрх баригчид Сиритэй залгаа хил дээрх шалган нэвтрүүлэх боомтуудаа хаалаа. Сүүлийн хоёр хоногт “Лалын улс” бүлгийн дайралт, довтолгооноос зугтсан Сирийн курдуудын 70 мянган дүрвэгч Туркийн газар нутаг руу орж ирсэн байна. Хил дээр цугласан курдууд төрөл төрөгсдөө хайж үймээн дэгдээж, Туркийн аюулгүйн албаныхан эмх журам сахиулах хэрэгтэй болжээ. Зарим курд иргэн лалын босогчидтэй байлдана хэмээн Сири рүү буцаж орох гэж оролдсон аж. “Лалын улс” бүлгийнхэн Сирийн Кобани  хот руу давшиж, танк зэрэг хүнд зэвсэглэл ашиглаж байгаа тул ийнхүү олон хүн дүрвэж байна. Лалын босогчид мөн курдуудад тун харгис хандаж байгаа мэдээлэл ирж байгаа аж.

Венесуэльд бактериологийн дайн болж байна гэв

Улс оронд бактериологийн дайн болж байна хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэв. Түүний баталж буйгаар, сөрөг хүчнийхэн улс орон дахь нөхцөл байдлыг тогтворгүй болгохын тулд үл мэдэгдэх вирус ашиглаж байгаа аж. “Нөхөд өө, эх орон нэгтнүүд ээ, олон улсын дайн болж байна. Венесуэлийг өвдөг сөхрүүлэхийг хүссэн хүмүүс дайн эхлүүллээ” хэмээн Мадуро хэлэв. Энэ дайн нь бактериологи, сэтгэл зүй болон санхүүгийн шинж чанартай байна хэмээн тодотгожээ.
Венесуэль улс дампуурахад ойрхон байна хэмээн Харвардын их сургуулийн багш Рикардо Хаусман мэдэгдсэн юм. Николас Мадуро энэ мэдэгдэлд эгдүүцэж, Харвардын багшийн эсрэг “арга хэмжээ” авахыг Венесуэлийн прокурорт үүрэгджээ.

Испанид Эболагийн бас нэг сэжигтэн илрэв

Испанийн Менорка арал дээр Эбола тахлын халдвар авсан байж магадгүй нэг эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр саяхан Африкаас ирсэн байжээ. Эмэгтэй Сенегалын зүүн өмнөд хэсэг буюу Эболагийн олон тохиолдол илсэрсэн Гвинейтэй залгаа хил орчимд хагас жил орчим ажиллаж байгаад ирсэн аж. Одоогоор эмэгтэйг Меноркагийн “Матеу Орфила” эмнэлэгт хэвтүүлж, бусад өвчтөнөөс тусгаарлаад байна. Шинжилгээний дүнг Мадридын шинжилгээ, судалгааны төв рүү илгээгээд байна.
2014 оны наймдугаар сард Испанид Эбола тахлын халдвар авсан 75 настай санваартан Мигель Пахарес нас барсан юм. Тэрээр Сьерра-Леон улсад амьдарч байсан бөгөөд Эбола вирусээр нас барсан анхны европ хүн болжээ. 

No comments:

Post a Comment