Monday, 8 September 2014



Италийн арми марихуан тариална

Италийн арми Флоренц дахь цэргийн эмнэлгийн үйлдвэрт зориулж марихуан тариалахаар болжээ. Батлан хамгаалахын сайд Роберта Пинотти, Эрүүл мэндийн сайд Беатрис Лорензин нар өөрсдийн зөвшөөрлөө өгчээ. Олсний төрлийн ургамлыг зөвхөн анагаахын зориулалтаар тариалах бөгөөд Италид марихуан хориотой хэвээр байгаа юм.
Итали улс эмнэлгийн зориулалтын марихуаныг гадаадаас худалдаж авдаг тул ихээхэн үнэтэй тусдаг. Жишээ нь, өвчтөн марихуанаар хийсэн судас хатуурлын эсрэг бэлдмэлийг нэг сар хэрэглэхэд 700 евро төлдөг аж. Олсны ургамлаар хийсэн эм бэлдмэл Италийн эмийн сангуудаар ирэх оноос эхлэн зарагдаж эхлэхээр болж байна.

Б.Обама Иракийн Ерөнхий сайдад баяр хүргэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иракийн Ерөнхий сайд Хайдар аль-Абадитай утсаар ярилцаж Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ батлуулсанд баяр хүргэжээ. АНУ Иракийн шинэ эрх баригчдын “Лалын улс” бүлгийн эсрэг тэмцэлд туслахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. “Аль-Абади ч Ирак дахь бүх нийгэм, байгууллын төлөөлөлтэй хамтран ажиллаж, Иракийн олон улс дахь нэр хүндийг баталгаажуулна хэмээн амлажээ.

Камерунд “Боко Харам”-ын 100 гаруй босогчийг устгалаа

Камеруны үндэсний армийн цэргүүд тус улсад нэвтрэхийг оролдсон лалын “Боко Харам” бүлгийн 100 гаруй босогчийг устгалаа хэмээн France Presse агентлаг уламжлав. “Камеруны арми “Боко Харам”-д томоохон цохилт өглөө” хэмээн Камеруны Засгийн газрын төлөөлөгч Исса Бакари мэдэгдэв. Тулалдаан Камеруны хойд хил дээр болсон байна. Лалын хэт даврагч “Боко Харам” бүлэг 2014 оны эхний хагаст 2053 хүний аминд хүрээд байгаа юм.

Ю.Тимошенко: Минскт гарын үсэг зурснаар салан тусгаарлагчдыг хүлээн зөвшөөрлөө


Киевийн эрх баригчид Минск хотноо Украины зүүн нутагт гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаар дангаараа тусгаар тогтнолоо зарласан Донецк, Луганскийн бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо хэмээн Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко үзэж байна. “Минскт Украины зүүн хэсэгт түр гал зогсоох гэрээг батласан. Эдгээр баримт бичиг нь Украины газар нутаг, бүрэн эрхт байдалд заналхийлж байна. Учир нь эдгээр баримт бичигт Донецк, Луганскт байгуулагдсан бүлэглэлүүдийг албан ёсны улс хэмээн хүлээн зөвшөөрсөн” хэмээн “Батькивщина” намын лидер ярилаа. Ерөнхийлөгч Петр Порошенко Дээд Радын ээлжит бус хуралдааныг зарлаж Минскийн гэрээг ямар нөхцөлтэйгээр байгуулсан, ямар ямар заалт байгаа, цаашдын арга хэмжээ нь юу болохыг тайлбарлах ёстой хэмээн Тимошенко үзэж байна.

No comments:

Post a Comment