Tuesday, 2 September 2014




Ж.Керри Палестины хэлэлцэгчидтэй уулзана

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Палестины автономийн хэлэлцэгчидтэй уулзахаар болжээ. Уулзалтын гол сэдэв Газын зурвас дахь эвлэрэл, гал зогсоолт байх бололтой. Палестины талаас энхийн хэлэлцээний гол хүн болох Саеб Эрекат оролцох аж. Израиль улс Иордан голын Баруун эрэг дээр Палестины дөрван га газрыг өөрийн эзэмшилд авсан билээ. Вашингтон Израильд хандаж энэ шийдвэрээ эргэж харахыг дахин сануулжээ.

30 жил хоригдсоны эцэст гэм буруугүй нь тогтоогджээ

АНУ-ын шүүх 1983 онд Хойд Каролинад 11 настай охиныг хүчирхийлж амь насыг нь хөнөөсөн хэргээр хоригдож буй хоёр иргэнийг суллах шийдвэр гаргалаа. ДНК-ийн шинжилгээгээр тэд гэм буруугүй нь тогтоогдсон юм. 30 жилийн өмнө цагдаа нар насанд хүрээгүй Хенри Макколум, Леон Браун нарыг баривчлан гэмт хэрэгт буруутгажээ. Цагдаа нарт нотолгоо байгаагүй бөгөөд тэднийг хүчээр хэрэг хүлээлгэж хорьсон болох нь хожим тогтоогдсон байна. ДНК-ийн шинжилгээгээр, гэмт хэргийн газраас илэрсэн нотлох баримт нь өөр хэргээр шоронд хоригдож байсан өөр хүнийх болох нь тогтоогдсон юм.

“Хил хязгааргүй эмч нар” Эболагийн эсрэг тулаанд ялагдлаа

“Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын тэргүүн Жоанна Лю НҮБ-ын бага хурал дээр “Африкийн орнууд тархинд цус алдуулдаг Эбола тахлын эсрэг дайнд ялагдлаа” хэмээн мэдэгдэв. Одоогоор 1500 гаруй хүн энэ өвчнөөр өөд болоод байна. Улс орнууд энэ өвчний эсрэг зохих анхаарал хандуулахгүй байгаагийн зэрэгцээ Баруун Африкийн орнуудад эмч, сувилагч нар хангалтгүй байгааг тэрээр санууллаа. Зарим улсын эмнэлэг морг болон хувирчээ. Эболатай тэмцэх НҮБ-ын хорооны зохицуулагч Давид Наварро “Халдвар дэгдсэн бүс руу хангалттай тооны эмч, сувилагчдыг илгээхийг тулд манай байгууллага болломжтой бүхнийг хийж байна” гэлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас анхааруулж буйгаар, Эбола тахал дахин 20 мянган хүнд халдварлаж болзошгүй байна.

Скотланд-Ярдыг дуудлагаар худалдана

Лондон хотын захиргаа эдийн засгийн хямралын улмаас Британийн цагдаагийн газрын төв байр Скотланд-Ярдыг дуудлага худалдаанд тавилаа. Энэхүү оффисийн цогцолборыг худалдсанаар 200-300 сая паундын орлого олно хэмээн хотын эрх баригчид үзжээ. Уг нь барилгыг буулгаж газар дээр нь элит орон сууц барихаар төлөвлөж байсан юм. Эдийн засаг хямралд орсны дараа Британийн Засгийн газар цагдаагийн зардлыг бүх түвшинд 20 хувиар бууруулах шаардлага тавьж байгаа ажээ.
Дуудлага худалдаанд тавигдсан цагдаагийн газрын төв байр нь Лондоны Викториа дүүргийн Бродвей гудамжинд байдаг. Цагдаагийн төв штаб мөн Лондон төвд байрлах өөр барилгад шилжиж орох юм. Скотланд-Ярдад хоёр мянган хүн суудаг байсан бол шинэ байр нь мянган хүний багтаамжтай байх ажээ.

No comments:

Post a Comment