Ханхүү Харри 13 сая паундын хөрөнгө өвлөж авна
Энэ сарын 21-нд Британийн ханхүү Харри 30 нас хүрч ээж,
Уэльсийн гүнж Дианагийн өв хөрөнгөнөөс 13 сая орчим паундын хөрөнгийг өвлөж
авна. Ахынх нь гэргий, Кембрижийн гүнж Кейт хөл хүнд болж, бие нь эвгүйрхсэн
тул Харри 30 насныхаа баярын арга хэмжээг хойшлуулжээ.
Диана гүнж хүү Уильям, Харри нарт 6.5 сая паундын хөрөнгө
үлдээсэн бөгөөд тэд 30 хүрээд өвлөж авах эрхтэй байсан. Диана нас барснаас хойш
өнгөрсөн 17 жилд Харригийн өв хөрөнгө амжилттай хөрөнгө оруулалтын ачаар 13 сая
болж өсчээ. Гэвч Харри энэ хөрөнгөнөөс
2.3 сая паундыг өв залгамж болон хөрөнгийн өсөлтийн татварт төлөх юм. Ханхүү
Уильям 2012 онд 30 хүрэхдээ өөрийн хувийг өвлөж авсан. Эдүгээ ах дүү хоёр
ээжийнхээ хувийн эд зүйлс болох даашинз, үнэт эдлэл, уран зураг, ктноны
цуглуулга, мөн хувийн захидлуудын албан ёсны өв залгамжлагч болж байна.
Армийн ахмад Харри жилийн 46 мянган паундын цалинтай.
Уильям, Кейт нарын хоёр дахь хүүхэд төрсний дараа тэрээр Британийн хаан ширээг
залгамжлах жагсаалтад тавдугаарт бичигдэх юм.
Польш эмэгтэй Ерөнхий сайдтай болов
Польшийн шинэ Ерөнхий сайдаар хатагтай Эва Копач
тодорлоо. Ерөнхийлөгч Бронислав Коморовский түүнд Засгийн газрын шинэ
кабинетийг байгуулах үүрэг өгчээ. Өмнөх Ерөнхий сайд Дональд Туск (2007-2014) Европын зөвлөлийг толгойлох болсон тул албан тушаалаа орхисон
юм.
Эва
Копач парламентын спикерээр ажиллаж байсан нэгэн. 2007-2011
онд Эрүүл мэндийн сайд байсан тэрээр ийнхүү Польшийн хоёр дахь эмэгтэй Ерөнхий
сайд болж байна. Польшийн Засгийн газрыг толгойлсон анхны эмэгтэй нь Ханна
Сухоцкая юм.
Лалын босогчдын байрлалд цохилт өгчээ
АНУ-ын нисэх хүчин Иракийн нийслэл Багдад хотоос холгүй
орших “Лалын улс” бүлгийн босогчдын байрлалд цохилт өгчээ. Пентагоны төлөөлөгч
мэдэгдсэнээр, лалын босогчдын дайралтад өртөөд байгаа Иракийн цэргүүдийг
дэмжихийн тулд агаараас цохилт өгсөн байна.
Ирак, Сирид хүчээ аваад байгаа “Лалын улс” бүлгийн эсрэг
тэмцэлд Иракийн цэргийнхэнд шаардлагатай тусламжийг үзүүлэхээр шийдсэн 40-өөд
орны төлөөлөгчид Парис хотод уулзаад байна. “Лалын улс” бүлэг ард иргэдийг
бөөнөөр нь хороож, үндэстний цэвэрлэгээ явуулж байна хэмээн Иракийн Ерөнхийлөгч
Фуад Масум мэдэгдлээ.
Насанд хүрээгүй хүүхдийг гэрлүүлбэл хорих ялаар шийтгэнэ
Бангладешийн Засгийн газар гэрлэлтийн доод насыг заасан
хуулинд өөрчлөлт оруулах хууль санаачилж парламентад хэлэлцүүлэхээр болов.
Эрэгтэйчүүдийн гэрлэх насыг 21-ээс 18, эмэгтэйчүүдийнхийг 18-аас 16 болгон
бууруулах санал гаргасан байна. Хуулийг
зөрчвөл хоёр хүртэл жилээр шоронд хорьж, 650 доллараар торгох аж. Бангладешт
насанд хүрээгүй хүүхдийг гэрлүүлэх, нөхөрт гаргах явдал өргөн дэлгэрчээ. Үүнийг
таслан зогсоох нь шинэ хуулийн гол зорилго юм.
Жерар Депардье: Би нэг уух юм бол өдөрт 12 шил архи уудаг
Францын нэрт жүжигчин Жерар Депардье “So Film” сэтгүүлд ярилцлага
өгөхдөө “Уйдахаараа архи уудаг. Нэг уухаараа зогсож чаддаггүй. Өдөрт
12, 13, 14 шл архи уудаг” хэмээн ярьжээ. Өндөр татварын улмаас Франц эх
орноосоо зугтсан алдарт жүжигчин нисэх буудал дээр нэг бус удаа согтуурч
шуугиан тарьж байв. МӨн согтуугаар автомашин жолоодож осол гаргаж байжээ. 65
настай франц эр архи эрүүл мэндэд нь заналхийлэх болсныг хүлээн зөвшөөрөөд
саяхан мэс засалд орж цусан дахь холестеролийг хянах төхөөрөмж суулгуулснаа
ярьжээ.
“Би
болгоомжтой байх хэрэгтэй болсон. Ямар ч байсан одоо үхэхгүй. Эрч хүчтэй хэвээр
байна” хэмээн Депардье өгүүлэв. Нэрт жүжигчин хэд хэдэн дарсны үйлдвэр, зоогийн
газар эзэмшдэг. Тэрээр уулын горхины усаар “Биологийн архи” үйлдвэрлэх санаатай
байгаагаа өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.



No comments:
Post a Comment