Saturday, 13 September 2014

Олзны хүмүүсээ солилцохоор тохирчээ

Украины эрх баригчид болон дангаараа тусгаар тогтнолоо зарласан Донецкийн бүгд найрамдах улсын босогчид өнөөдөр олзны хүмүүсээ солилцохоор тохиролцжээ. Энэ тухай Донецкийн бүгд найрамдах улсын Цэргийн олзлогдогчдын хорооны тэргүүн Дарья Морозова “Новости” агентлагт ярьжээ. “Олзлогсдыг өнөөдөр маргааш (өнөөдөр) солилцох болно. Харин тоо, жагсаалт гараагүй байна” хэмээн  тэрээр онцоллоо. Уржигдар босогчид болон Киевийн талынхан хэд хэдэн олзны хүмүүсийг солилцсон юм. Донецк орчимд 31 босогчийг олзонд байсан 36 украин цэргээр солилцсон байна.

Пакистанд сөрөг хүчний гишүүдийг баривчлав

Пакистаны Имламабад хотын шүүхийн шийдвэрээр сөрөг хүчний 100 орчим идэвхтнийг жагсаал цуглааны хуулийг зөрчсөн хэрэгт буруутган 14 хоногийн хугацаагаар баривчилжээ. 200 долларын барьцаа төлвөл суллаж байгаа аж. Сөрөг хүчний олон зуун гишүүд Засгийн газрыг огцрохыг шаардаж 30-аад хоногийн турш нийслэл хотод жагсаж байгаа билээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний гол лидерүүд нь крикетийн тоглогч асан Имран Хан болон шашны зүтгэлтэн Тахир Кадри нар юм. Баривчлагдсан хүмүүсийг суллахаас нааш эрх баригчидтай хэлэлцээ хийхгүй хэмээн Имхан Ханы намынхан мэдэгдлээ. Эрх баригчид парламентын гаднах жагсаалын хүчийн сааруулахын тулд сөрөг хүчний гишүүдийг олноор нь баривчлан хориод байгаа аж.

“Лалын улс”-ынхан британи иргэнийг цаазалжээ

“Лалын улс” бүлгийн дайчид Их Британийн иргэн Дэвид Хэйнсийг цаазалжээ. Тэд өмнө нь Америкийн хоёр сэтгүүлчийг хэрцгий аргаар цаазалж, видео бичлэгийг нь цацаж байсан аргаа дахин хэрэглэсэн байна. Хоёр минут 27 секунд үргэлжилж буй “Америкийн холбоотнуудад илгээх зурвас” хэмээн нэрлэсэн бичлэгт лалын босогчид Ерөнхий сайд Дэвид Кэмероныг “АНУ-тай ойртон нөхөрлөсөн” хэмээн
буруутгажээ.
“Та сайн дураараа “Лалын улс”-ын эсрэг АНУ-ын эвсэлд орлоо. Таны өмнөх удирдагч Тони Блэр ч мөн ингэсэн. Танд америкуудаас татгалзах эр зориг байсангүй” хэмээн лалын зандалчин ярьжээ. Тэрээр мөн агаарын довтолгоог зогсохгүй бол барьцаанд байгаа Британийн бас нэг иргэн Алан Хеннингийг цаазлана хэмээн сүрдүүлэв. Төрийн бус байгууллагын ажилтан, 44 настай Дэвид Хэйнс нэг жилийн өмнө Сирийн газар нутаг дээр хүмүүнлэгийн тусламжийн бараа хүргэж яваад лалын босогчдод олзлогдсон юм.

Украин дахь инфляц орчуулагчийн буруугаас болж 90 хувь өсчээ

Украины Төв банкны тэргүүн Валери Гонтарева “Ялтын Европын стратеги” форум дээр мэдэгдэхдээ, инфляцийн түвшний талаарх мэдээлэл алдаа байсан гэжээ. “2014 онд инфляц 90 хувьд хүрсэн гэх гайхалтай мэдээлэл тархсан. Инфляц 90 хувьд бус, 19 хувьд хүрсэн” хэмээн Гонтарева англи хэлээр мэдэгджээ. Орчуулагч 19 гэдгийг 90 хэмээн буруу орчуулснаас ийнхүү алдаа гаргасан аж.
2014 онд дэлхийн эдийн засгийн хямрал болон дотоодын дайн, мөргөлдөөний улмаас эрс муудсан юм. Дотоодын хямралын улмаас эдийн засгийн хэд хэдэн салбар зогсонги байдалд орсон билээ. Өсөлт зөвхөн хөдөө аж ахуйн салбарт л ажиглагджээ. Оны эхээр нэг доллар 8.3 гривентэй тэнцэж байсан бол ханш нь унасаар эдүгээ 14 гривен болжээ.

Аюултай, хайнга жолоочийг хатуу шийтгэнэ

Энэтхэгийн Засгийн газар авто зам дээрх аюулгүй байдлын дүрэм журмыг чангатгахаар болов. Зам тээврийн осол, эндэгдлийг багасгахын тулд шинэ хууль санаачилжээ. Осол гаргасан жолоочид оноох торгуулийг нэмж, зам дээр хүүхдийн амь насанд хүрвэл жолоочийг долоо хүртэл жилээр хорихоор болж байна. Мөн аюултай, хайнга жолоодлого хийвэл эрхийг нь хасахаар болжээ. Энэтхэгт сүүлийн таван жилд зам тээврийн ослоор 200 мянган хүн амь насаа алдаад байна. Жил бүр 500 мянган автын осол бүртгэгддэг ажээ.

Германы бизнесмэнүүд Оросын эсрэг хоригийг буруутгаж байна

Германы эдийн засгийн зүүн хороо Европын холбооноос Оросын эсрэг авсан шинэ хориг арга хэмжээг “Алдаа болсон” хэмээн буруутгав. “Зарим улс орон энэ хоригт оролцохгүй байгаа. Ази, Өмнөд Америкийн орнууд, заримдаа Швейцарь хүртэл оролцохгүй байгаа. Тэгэхээр бид улам их хохирол амсч байгаа юм” хэмээн хорооны тэргүүн Экхард Кордес мэдэгдлээ. Түүний үзэж буйгаар, нөөц баялаг ихтэй улсуудыг ганцаардуулж, тусгаарлана гэдэг орчин үед боломжгүй аж. Оростой бизнес хийдэг Германы бага, дунд биенесийнхэн ихээхэн аюулд ороод байна. Тэд өөр зах зээлд гарахад тун хүндрэлтэй байгаа юм. Оросын эсрэг хориг арга хэмжээний улмаас барууны орнуудын бизнес 40 тэрбум еврогийн алдагдал хүлээгээд байна. 

No comments:

Post a Comment