Гавана гайхамшигт долоон хотын нэг болох уу
Швейцарийн New7Wonders сан Дэлхийн гайхамшигт долоон
хотыг нэрлэхээр санал асуулга явуулж
байна. Хамгийн сонирхолтой нь хог новшиндоо дарагдсан, асфальтгүй, чулуун
шигтгээн гудамжтай, байшин барилга нь хэт хуучирч нурах шахсан Кубын нийслэл
Гавана хот сүүлийн шалгаруулалтад багтжээ. New7Wonders Cities шалгаруулалт 2012 онд
эхэлж дэлхийн 220 орны мянга 200 гаруй хот дээр санал авч
эхэлсэн юм. Гавана хот эхний мянга гаруй хотын дотор нэрлэгдэж байсан ч
сүүлчийн 21-д шигшигдэж үлдэнэ гэдэгт хэн ч итгээгүй юм. Парис, Токио, Нью-Йорк,
Лондон зэрэг дэлхийн соёлын томоохон нийслэл байж байхад гадаадын иргэд Гаванад
юу үзэх юм бэ гэж олон хүн гайхаж магадгүй.
Тэгвэл Гавана нь саяхан Бразилын Сан-Паулу хотын хамтаар
Аялал жуулчлалыг хамгийн ихээр татсан газраар шалгарчээ. 2014 оны “Аялал
жуулчлалын шилдэг 10” хэмээх шилдэг ажилтан, компани, аялахад сайхан газрыг
шалгаруулдаг арга хэмжээ ийнхүү Гавана, Сан-Паулуг шалгаруулсан байна.
Дэлхийн гайхамшигт 7 хот шалгаруулалт аравдугаар сарын
7-нд сүүлчийн шатандаа орж, арванхоёрдугаар сарын 7-нд дуусч эцсийн үр дүнг
зарлах юм. Тус сангийн бусад төслийн адилаар шилдэг хотын төлөө санал өгөхдөө www.new7wonders.com
сайтаар орж санал өгч болохоос гадна олон улс оронд гар утаснаасаа зурвас
явуулж болох ажээ. Кубын Аялал жуулчлалын яам Facebook, Twitter сүлжээг ашиглан
Кубад болон гадаадад амьдардаг иргэддээ хандан Гавана хотын төлөө санал өгөхийг
уриалж байна. Гэвч Куба арал дээр интернэт асуудалтай байдаг тул Кубад амьдардаг
иргэд тэр бүр саналаа нэмэрлэж чадахгүй бололтой.
Сүүлчийн шатны өмнөх шалгаруулалтад Бангкок, Барселона,
Бейрут, Чикаго, Доха, Дурбан, Гавана, Стамбул, Куала-Лумпур, Ла Пас, Лондон,
Мендоза, Мехико хот, Бомбей, Перт, Кито, Рекъявик, Санкт-Петербург, Сөүл,
Шэнжэнь, Уиган хот үлдээд байна. Шинэ оны өмнөхөн эдгээрээс Дэлхийн гайхамшигт
долоон хот тодрох юм.
New7Wonders
сан 2007 онд Дэлхийн долоон шинэ гайхамшигийг тодруулахад
Рио-де-Жанейро дахь Христосын хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Петрагийн хуучин
хот, Андын нурууны орой дээрх инкүүдийн Мачу-Пикчу хотын туурь, Чичен-Итца
пирамид, Ромын Колизей болон Таж Махал шалгарч байсан билээ. 2011 онд Долоон
гайхамшигт байгалийг тодруулахад Амазон мөрөн, Ха Лонг булан, Игаузу хүрхрээ,
Жэжү арал, Комодо, Пуэрто Принсесагийн газар доорх гол, Меса уул шалгарчээ.

No comments:
Post a Comment