Sunday, 21 September 2014



Ашраф Гани Афганистаны Ерөнхийлөгч болно

Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн Ашраф Гани Ахмадзай, Абдулла Абдулла нар эрх мэдлийг хуваах тохиролцоонд гарын үсэг зурлаа хэмээн Reuters агентлаг уламжлав. Тохиролцооны дагуу Сангийн сайд асан Ашраф Гани төрийн тэргүүн болох юм. Тэрээр долоо хоногийн дотор Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөр төлөвлөж байна. Тангараг өргөх ёслол Ерөнхийлөгчийн ордонд болох ба орон нутгийн телевизээр шууд дамжуулна. Харин Абдулла Абдулла гүйцэтгэх засаглалыг тэргүүлэхээр болжээ. Нэр дэвшигчид тохиролцоонд хүрсний дараа эрх мэдлээсээ бууж буй Ерөнхийлөгч Хамид Карзай тэдэнд баяр хүргээд “Өнөөгийн Засгийн газрын эхлүүлсэн төслийг үргэлжлүүлж, миний хийж чадаагүй зүйлийг хийж чадна гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдлээ.
Хамид Карзайн хэвлэлийн төлөөлөгч Аймал Фаизийн мэдэгдэж буйгаар, Ашраф Гани төрийн тэргүүн болсныхоо дараа анхны шийдвэрээрээ АНУ-тай аюулгүй байдлын асуудлаар хоёр талын гэрээнд гарын үсэг зурах бололтой. Уг гэрээний дагуу гадаадын цэргийн хүчин Афганистаны газар нутаг дээр 2014 оноос хойш үлдэх боломжтой болох юм. 2014 онд АНУ болон НАТО-гийн холбоотнуудын цэргийн ажиллагаа Афганистанд дуусна. Энэ онд гадаадын цэргийг гаргаж дууссаны дараа Афганистаны цэрэг, цагдааг сургах хэдэн мянган америк цэрэг тус улсад үлдэх ажээ.
Ашраф Гани, Абдулла Абдулла нар үндэсний эв нэгдлийн Засгийн газрын бүрэлдэхүүний талаар тохиролцсон хэмээн мэдээлж байна. Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуултьд нэр дэвшигчид болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар есдүгээр сарын 8-нд хэлэлцээ хийсний дараа үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулахаа болсон билээ. Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат зургадугаар сарын 14-нд болсон. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэнээр Ашраф Гани ялалт байгуулжээ. Гэвч түүний гол өрсөлдөгч, Афганистаны Гадаад хэргийн сайд асан Абдулла Абдулла сонгууль будлиантай, луйвартай болсон хэмээн мэдэгдэж, саналыг дахин тоолохыг шаардсан юм. Саналыг дахин тоолохгүй гэсний дараа Абдулла сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Гэвч нэр дэвшигчид хэлэлцээ хийсний эцэст ийнхүү Афганы улс төрийн хямралд цэг тавьж чадлаа.
НАТО-гийн олон улсын цэргийн хүчин тус улсыг аажим аажмаар орхин гарч буйн дараа Афганистан улсын цэрэг, цагдаа өнгөрсөн онд аюулгүй байдлаа хариуцан ажиллах болсон ч халдлага, дэлбэрэлт тасрахгүй байгаа юм. НАТО-гийн цэргийн хүчин 2014 оны сүүлчээр Афганистанаас бүрэн гарч дуусах ч АНУ 2016 оны сүүлч хүртэл есөн мянга 800 орчим цэргээ байлгана гэдгээ зарласан юм. 

No comments:

Post a Comment