Украины иргэд хэрхэн амьдарч
байна вэ
Киевийн социологч,
мэргэжилтнүүд Украины иргэд эдүгээ хэрхэн амьдарч байгаа талаар судалгаа хийсэн
байна. Судалгаа, санал асуулга Донецк, Луганскаас бусад бүх мужид явагджээ. Судалгааны
дүнг Украины Социологийн хүрээлэнгийн ажилтан Виталина Буткалюк “Риа Новости”
агентлагт танилцуулсан байна. Украин иргэдийн 6.3 хувь нь өөрсдийгээ үгээгүй
ядуу, 40.1 хувь нь ядуу хэмээн тодорхойлжээ. 52.3 хувь нь материаллаг байдлаа “Дунд
зэрэг” хэмээн үзэж байна. Украинчуудын 1.1 хувь нь хөрөнгөлөг, 0.2 хувь нь баян
гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ онд украинчуудын 60 хувийнх нь амьдрал доройтож,
5.3 хувь нь сайжирч, бусад нь ямар байсан тэр хэвээрээ үлдсэн байна.
Таван украин иргэний нэг нь (19 хувь) хэрэгцээт хувцас худалдаж авах мөнгөгүй, дөрвөн
иргэний нэг нь (26.6 хувь) шаардлагатай хоол хүнсээ авах боломжгүй байна. 42.2 хувь нь чөлөөт цагтаа
зарцуулах мөнгөгүй, 41.1 хувь нь эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх боломжгүй
байгаа нь харагдав. Украин иргэдийн бараг тал нь эмнэлгийн тусламж авч чадахгүй
байна.
Украин улс Европын холбоонд
нэгдэх сонирхлоо гаднаа илэрхийлж байгаа ч украинчууд сэтгэлийн гүндээ
капитализмд тийм ч дуртай биш байна. Дөрвөн украин иргэний нэг нь (26.5 хувь) төлөвлөгөөт эдийн засгийг буцааж авчрахын төлөө
байгаа аж. Тэгвэл дөнгөж 14 хувь нь зах зээлийн харилцаанд амьдрахыг зөвшөөрч
байгаа юм. Үлдсэн хэсэг нь аль алиных нь дунджийг олоод явах нь зөв гэж үзжээ.
Улс орны оршин суугчдын бараг тал хувь нь өмнө нь явагдсан үйлдвэр, компаниудын
хувьчлалд сөрөг дүн тавьж, дөнгөж 20 хувь нь л нааштай дүн өгчээ. Мөн
украинчуудын дийлэнх нь газрыг хувьчлахын эсрэг байна.
Судалгаанд хамрагдагсдаас
юунаас хамгийн их айж байгааг асуухад бараг тал хувь нь (53) үнийн өсөлт, 60 хувь нь цалин, тэтгэврийн хоцролт,
61 хувь нь ажилгүйдэл хэмээн нэрлэв. Гурван иргэний нэг нь өлсгөлөн, таван
иргэний нэг нь орон сууцны халаалт доголдохоос эмээж байна. Гурван украин
иргэний нэг нь Ерөнхийлөгчид, хоёр иргэний нэг нь Засгийн газарт үл итгэж
буйгаа илэрхийлэв. Иргэдийн 70 хувь нь улс төрийн нам, шүүх, цагдаа, прокурорт
итгэхгүй байгаа нь харагдлаа. Дөнгөж 0.2 хувь нь Украин дахь улс төрийн нөхцөл
байдлыг сайн гэж үзсэн бол, 55 хувь нь улс орон дахь байдлыг “Дэлбэрэх аюултай”
хэмээн дүгнэв.
Энэ бүгдээс үзэхэд Украинд шинэ Майдан гарах
магадлалтай байна. Иргэдийн 40 хувь нь ийм байдлаар амьдрал сайжрахгүй гэсэн
бол, 37 хувь нь цаашид ямар амьдрал хүлээж буйг мэдэхгүй байна. Дөнгөж таван
украин иргэний нэг нь амьдрал сайжирна гэдэгт итгэж байгаа аж.

No comments:
Post a Comment