Wednesday, 17 September 2014



А.Александров: Дайн түр зогсчихоод байна

Правда.ру Донецкийн бүгд найрамдах улсын дэд Ерөнхий сайд Алексей Александровтой уулзаж Украины зүүн нутаг дахь гал зогсоолт, энхийн гэрээ болон дахин дайн дэгдэх эсэх сэдвээр ярилцжээ. “Биднийг амаргүй он жилүүд хүлээж байна. Одоо дайн ОХУ-ын газар нутаг руу нэвтрэх үү, эсвэл өрнөд рүү орох уу гэдэг асуудал чухал болоод байна” хэмээн тэрээр хэлж байна.

-Минскийн энхийн гэрээ бодит үр дүн авчирсан уу?

-Хүмүүс үхэж үрэгдэхээ больсон, бараг больсон гэх үү дээ, сайн л хэрэг. Гэвч энэ нь урт удаан хугацааны эвлэрэл гэдэгт би итгэхгүй байна.

-Киевийн эрх баригчдад ч, босогчдын удирдлагад ч захирагддаггүй зэвсэгт бүлэглэлүүд байсаар байна. Хэнд ч захирагддаггүй хүчнүүд байсаар байхад дайн байлдааны ажиллагааг яаж зогсоох вэ?

-Киевийн Засгийн газрыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс нь цөөхөн байна. Бид лав хүлээн зөвшөөрдөггүй. Галичины бүлэг байна. Донецк болон Луганскийн бүгд найрамдах улс өөрийнхөөрөө амьдарч байна. Тэд гарна гэж зарлаагүй ч тусдаа амьдралтай болсон.  Днепропетровск муж гэж байна. Тэнд Украины армийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан огт өөр хүчнийхэн газар нутгийг хянаж, Украины газар нутаг дээгүүр дээрэм тонуул хийж явна. Тэд мэдээж Киевт захирагдахгүй. Тэд түр зуур галаа зогсоож болох ч Порошенкод захирагдахгүй нь ойлгомжтой. Гал зогсоосны онцгой ашиг тус гэж бидэнд бараг алга. Яахав бид нэг удаа чөлөөтэй амьсгалж, иргэдийн амь насыг аварч, өвөлд бэлдэх цаг завтай болж байна. Энэ хэрэгтэй л дээ. Гэхдээ дайн дуусаагүй гэдгийг би сайн ойлгож байна. Түр зогсчихоод л байна.

-Хэнд ч захирагддаггүй ийм олон хүчин хаанаас гараад ирэв ээ?

-Тэд аль дээрээс байсаар ирсэн, ярьдаггүй л байсан болохоос. Дайны эхний өдрүүдэд л тэд байсан, ер нь тэд л дайныг эхлүүлсэн шүү дээ. Майданаас бүх юм эхэлж, муу ч гэсэн хууль ёсны Ерөнхийлөгчөө зайлуулснаар дайны эх үндэс тавигдсан. Үүний дараа эрх чөлөөний тухай их ярьсан даа. Тэгээд л энэ үйл явцын хүрээнд Донецк, Луганскт бүх нийтийн санал асуулга явуулж, цаашдаа яаж амьдрах вэ гэж иргэдээс асуусан. Яагаад гэвэл хууль ёсны Ерөнхийлөгчтэй тэр Украин орон байхгүй болчихсон юм. Цаашаа яаж амьдрах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй болсон.
Гэтэл тэд гал нээж хариу барьсан. Идэвхтнүүдийг хулгайлж, Коломойскийн отрядын залуус хилийн шалган нэвтрүүлэх пост барьж эхэлсэн. Тэд энхийн, зэвсэггүй бүх нийтийн санал асуулгыг хүчээр нухчин дарахыг оролдсон. Тэгээд л бид өөрсдийн амьдралаа хамгаалахын төлөө зэвсэглэх хэрэгтэй болсон юм. Учир нь бид бүх нийтийн санал асуулгыг тун амжилттай явуулж, ирц ч гайхалтай өндөр гарсан. Харин Киев үүнд гал нээж хариу барьсан. Украины арми, офицер, цэргүүд байлдахыг хүсээгүй. Ер нь Украинд арми гэж байгаагүй. Тэгээд Киев эдгээр зэвсэгт дээрмийн бүлгүүдэд хандахаас өөр аргагүй болж, дараа нь Коломойский хэмээх баян нөхөр санаачилгыг гартаа авсан. Донбассын хязгаараар тэнүүчилж, дээрэм тонуул хийж явдаг эдгээр дээрмийн бүлгүүдийг тэр байгуулсан юм.

No comments:

Post a Comment