Wednesday, 10 September 2014




Саппород 750 хүнийг нүүлгэн шилжүүлэв

Японы Хоккайдо арал дээр ширүүн аадар бороо олон цагаар үргэлжлэн орсны улмаас дээд зэрэглэлийн түгшүүр зарлаж 750 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. Саппоро хот байдаг Ишикари мужид өчигдөр 400 мм хур тунадас оржээ. Хотын эрх баригчид сургууль, цэцэрлэгийн хаах шийдвэр гаргалаа. Японы хамгийн хойд арал дээр оршдог Саппоро нь тус улсын дөрөв дэх том хот юм. Төрийн тусгай статустай байдаг энэ хотод хоёр сая хүн амьдардаг.   

А.Яценюк, А.Турчинов нар “Ардын фронт” намыг удирдана

Украинд мэндэлсэн улс төрийн шинэ нам “Ардын фронт-ыг Украины Ерөнхий сайд Арсений Яценюк, Дээд Радын спикер Александр Турчинов нар удирдахаар болжээ. Намын Улс төрийн зөвлөлийн тэргүүнээр Яценюк, Төв штабын даргаар Турчинов сонгогдлоо. Ерөнхий сайд, спикер нар Юлия Тимошенкотой санал нийлэхээ больсны улмаас “Батькившина” намыг орхиж, шинэ нам байгуулсан байна. “Ардын фронт” нам хэдхэн хоногийн дараа их хурлаа хийж, шинэ хөтөлбөрөө батлахаар болов. Мөн аравдугаар сарын 26-нд болох парламентын ээлжит бус сонгуульд оролцох шийдвэр гаргах ажээ.

 Венесуэльд инфляц “хаданд гарчээ”

Венесуэль улсад инфляц 63.4 хувьд хүрч Латин Америкийн орнуудаас хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Энэ тухай улсын Төв банк мэдээлэв. Венесуэлийн эдийн засаг сульдсанаар олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн улс орныг хамраад байгаа билээ. Гурил, сүү, ариун цэврийн цаас зэрэг өргөн хэрэглээний бараа үзэгдэхээ больж, үнэ нь “хаданд гарчээ”. Олон дэлгүүрийн лангуу хоосорчээ. Төв банк улс төрийн зорилгоор инфляцийн бодит байдлыг нууж байсан хэмээн иргэд бухимдаж байна.

Цуврал дэлбэрэлтэд 19 хүний амь үрэгдлээ

Иракийн нийслэл Багдад хотод өчигдөр цуврал дэлбэрэлтийн улмаас дор хаяж 19 хүн амь насаа алдаад байна. Эхний халдлага цагдаагийн хэсгийн гадаа болжээ. Минажуулсан автомашин дэлбэрч цагдаагийн таван албан хаагч амиа алдаж, есөн хүн шархаджээ. Үүний дараа зах дээр автомашин дэлбэрч 14 хүний аминд хүрчээ. 35 хүн шархдаж бэртсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хоёр хоногийн өмнө Багдадад айлчлах үеэр мөн халдлага болж 10 хүн амь насаа алджээ.

Парис Жексон хөл хүнд болсон уу

Попын хаан Майкл Жексоны охин Парис Жексон жирэмсэн болсон байж магадгүй. Британийн “Daily Star” сонин 16 настай түүнийг ээж болох гэж байна хэмээн мэдээлсэн нь шуугиан тариад байна. Парис найз залуугийн хамт нэгэн газар оройн зоог барьжээ. Тэрээр нэлмэгэр хувцас өмсөж, гэдэс нь мэдэгдэхүйц бондойж, согтууруулах ундаанаас татгалзаж байсан аж. Парис найз залуутайгаа дарс тулгаж уухын оронд ус захиалж авсан нь ийнхүү хөл хүнд гэсэн шуугиан дэгдэхэд хүрсэн бололтой. Одоогоор хэн ч энэ мэдээллийг баталсангүй.
Парис Жексон хэвлэл мэдээлэл болон элдэв арга хэмжээнээс хол хөндий байдаг нь нэр хүндийг нь улам өсгөжээ. Тэрээр өнгөрсөн оны зун амиа хорлох гэж оролдсон нь мөн л шуугиан дэгдээж байв. Үүний дараа хэдэн сарын турш эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний дараа анир чимээгүй амьдрах болжээ.

No comments:

Post a Comment