Wednesday, 3 September 2014

Р.Кадыров В.Путинийг “Лалын улс”-аас хамгаална

Чеченийн бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыров “Лалын улс” бүлгий дайчдыг устгана гэдгээ амлажээ. “Орос улсыг заналхийлж, манай орны Ерөнхийлөгч Владимир Путиний нэрийг дуудаж зүрхэлсэн хэнийг ч болтугай тэр газар дээр нь устгана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тэд нисэх онгоцныхоо жолооны ард сууж Хаттаб, Абу Валид зэрэг террорист ах дүү нар нь үмхэрч ялзарч байгаа газар руу явахыг бик хүлээж суухгүй” хэмээн тэрээр Instagram-даа бичжээ.
“Лалын улс” террорист байгууллагын нэгэн гишүүн есдүгээр сарын 3-нд видео мэдэгдэл гаргахдаа “Аллахын нэрийн өмнөөс Чечень, Кавказыг чөлөөлнө” хэмээн Оросыг заналхийлсан юм. Уг бичлэг орос тайлбартай байсан ба террористууд Орост үйлдвэрлэсэн артиллер, нисэх онгоцыг барьцаалсан хэмээн мэдэгдэж байв. Сирид эрх баригчдын эсрэг байлдаж буй “Лалын улс” бүлэг Ирак, Сирийн газар нутаг дээр “Лалын халифат” байгуулж буйгаа зарлаж, барьцааны хүмүүсийг зэрлэгээр хороох болсон билээ.

Ираны талаарх хэлэлцээ есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ

Иран болон цөмийн хөтөлбөрийн асуудлаар зуучлагч зургаан улсын хоорондох хэлэлцээний шинэ шат есдүгээр сарын 18-нд Нью-Йоркт болно хэмээн Wall Street Journa сэтгүүл дипломат эх сурважаас иш татан мэдээлэв. Хэлэлцээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы өмнөхөн болох юм. Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээ сүүлийн зургаан сард Вена хотод болж байсан билээ. Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф “Цөмийн хөтөлбөрийн асуудлаар цаг алдалгүй тохиролцоонд хүрэх боломжтой” хэмээн мэдэгджээ.

Жагсагчийн аминд хүрсэн цагдаад найман жилийн ял оноов

2013 онд Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр нэгэн жагсагчийн аминд хүрсэн турк цагдаа шүүхээс найман жилийн ял сонслоо. Яллагчид түүнд 25 жилийн ял оноохыг шаардаж байжээ. Амиа алдсан жагсагчийн ар гэр, ойр дотныхон дээрх ялыг хэтэрхий хөнгөдсөн хэмээн үзэж байна. Өнгөрсөн онд Туркийн Засгийн газар Стамбулын Гези цэцэрлэгт хүрээлэнд барилга байшин барих шийдвэр гаргасны дараа олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөж, цагдаа нартай мөргөлдсөний улмаас найман хүн амь насаа алдсан юм. Найман мянга орчим хүн гэмтэж бэртэй байжээ.

АНУ Украинаас болж Оростой байлдахгүй

АНУ Украин дахь нөхцөл байдлын улмаас Оростой цэрэг, дайны сөргөлдөөнд орохгүй хэмээн Пентагоны тэргүүн Чак Хейгел мэдэгдлээ. Хейгел Америкийн CNN телевизэд ярилцлага өгөхдөө “Москва Украин дахь хурцадмал байдлыг дэвэргэж магадгүй аюултай алхам хийсээр байна. Үүний үр урхаг Орос дээр л тусах болно” хэмээн онцолжээ. Харин энэ бүгдээс болж АНУ Оросын эсрэг дайн хийхгүй хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын засаг захиргаанаас Украины хямралыг зохицуулах талаар баримталж буй бодлого үр ашиггүй өнгөрч байгаа гэх ямар ч үндэслэл байхгүй хэмээн Ч.Хейгел онцоллоо.

No comments:

Post a Comment