Saturday, 20 September 2014





Гүржид М.Саакашвилийн банкны дансыг битүүмжлэв

Гүржийн эрх баригчид Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилийн банкны бүх дансыг хааж, битүүмжилжээ. Гурав хоногийн өмнө Гүржийн Прокурорын газар Саакашвилийн эд хөрөнгийг хурааж авчээ. Түүний эхнэр Сандра Руловс болон ээж, эмээгийнх нь хөрөнгийг мөн битүүмжлээд байна. Хураагдсан эд хөрөнгө дотор газар, Тбилиси дахь байшин, автомашинууд байгаа аж. Прокурорын шийдвэрийг Гүржийн шүүхэд эсэргүүцэн давж заалдаж болохгүй. Тиймээс Саакашвили Страсбургийн хүний эрхийн шүүхэд хандахаар болсон байна.

Alibaba-гийн тэргүүн Хятадын тэргүүн баян боллоо

Хятадын интернэт худалдааны Alibaba компани хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан билээ. Арилжааны эхний өдөр тус компанийн хувьцааны үнэ 38 хувиар өсч, нэгж хувьцааны үнэ 93.8 долларт хүрчээ. Тэр өдрийн арилжаа хаагдахад Alibaba компанийн хөрөнгийн хэмжээ 231 тэрбум долларт хүрсэн байна. Компанийн тэргүүн Жек Ма Alibaba-гийн хувьцааны 8.9 хувийг эзэмшдэг бөгөөд түүний хөрөнгө 21 тэрбум доллар болж нэмэгджээ. Ийнхүү Жек Магийн хөрөнгө чинээ Хятадын тэргүүн баячуудын жагсаалтыг тэргүүлдэг Ван Цянлиний (“Ваньда” группыг үндэслэгч) хөрөнгийг хоёр дахин давжээ. Мөн Жек Ма дэлхийн тэргүүн 30 баяны жагсаалтад орж ирээд байна.

Лалын босогчид Сирид 60 тосгоныг эзэлжээ

“Лалын улс” бүлгийн дайчид сүүлийн нэг хоногт Сирийн хойд хэсэг буюу Туркийн хил орчимд 60 тосгоныг эзлээд байна хэмээн France Presse агентлаг мэдээлэв. “Лалын босогчид 48 цагийн дотор 60 тосгоныг эзэллээ. Есдүгээр сарын 19-нд гэхэд л “Лалын улс” бүлэг 40 тосгон, сууринг дайрч эзэлсэн. Курдын дайчид өөрийн эрхгүй хүчин мөхөстөж ухрахаас аргагүй болсон” хэмээн Сирийн хүний эрхийн төвийн тэргүүн Абдель Рахман хэллээ. “Лалын улс” бүлэг эдүгээ Сири, Иракийн хэд хэдэн мужийг хяналтдаа авч, Засгийн газрын хүчин болон сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдийн эсрэг тэмцэж байна. Энэ зун лалын босогчид эзэлсэн газар нутаг дээрээ “Лалын халифат” улс байгуулснаа зарласан билээ.

Ким Чен Ун швейцарь бяслагт донтжээ

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун Emmental бяслагт донтсоны улмаас жин нэмж байна хэмээн Daily Star сонин мэдээлэв. Тэрээр швейцарь бяслагаас татгалзаж чадахаа больсон бололтой. Ким Чен Ун Швейцарьт сурч байхдаа Emmental бяслагт дурласан бөгөөд эдүгээ Хойд Солонгос улс зөвхөн түүнд зориулж энэ бяслагийг импортлодог аж. Таргалалт Ким Чен Уны эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг Хойд Солонгосоос зугтсан тэрс үзэлтнүүд батлан хэлж байна. Үнээний сүүгээр хийдэг Швейцарийн уламжлалт Emmental бяслаг нь 45 хувийн тослогтой тул байнга хэрэглэдэг хүн тун амархан таргалдаг ажээ.

М.Платини бэлгийн цагийг буцааж өгөхөөс татгалзав

Европын хөлбөмбөгийн холбооны (UEFA) тэргүүн Мишель Платини Бразилд болсон хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний үеэр бэлгэнд авсан 25 мянган долларын үнэтэй цагийг буцааж өгөхөөс татгалзжээ. Бразилийн хөлбөмбөгийн холбоо 100 жилийнхээ ойгоор хөлбөмбөгийн томоохон зүтгэлтнүүдэд Швейцарийн Parmigiani фирмийн үнэтэй бугуйн цаг бэлэглэсэн юм. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дүрмээр (FIFA) ийм үнэтэй цаг авахыг хориглодог бөгөөд дээрх бэлгийг буцаахыг шаардсан байна. Гэвч Платини “Би хүмүүжилтэй хүн. Хүний өгсөн бэлгийг хэзээ ч буцааж өгдөггүй” хэмээн мэдэгдээд цагны үнэтэй тэнцэх мөнгийг буяны санд хандивлана хэмээн амлаад цагийг өөртөө үлдээхээр шийдсэн байна.

Алтан загасанд тархины мэс засал хийжээ


Авсралид нэгэн алтан загасанд тархины хавдрыг нь авах мэс засал хийж амийг нь аварчээ. Жорж хэмээх загасны эзэн энэ мэс засалд 181 доллар төлсөн байна. Арван жил амьдраад байгаа Жорж эрүүл саруул болвол дахиад 10 жил амьдарна хэмээн мэс засалч Тристан Рич мэдэгдлээ. Мэс заслын үеэр загасны заламгайгаар тусгай гуурч орууож баяжуулсан хүчилтөрөгчөөр тэжээж байжээ. Мэс засал 45 минут үргэлжилсэн байна. Загасанд тархины мэс засал хийсэн анхны тохиолдол боллоо хэмээн “Reuters” агентлаг уламжлав. 

No comments:

Post a Comment