Билл Клинтон: Монголын тал нутгаар морь унаж давхимаар
байна
АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон “АВС News”
телевизэд ярилцлага өгөхдөө нэгэн нандин хүслийнхээ талаар дэлгэжээ. Сэтгүүлч
Жорж Степанополус Цагаан ордны экс эзнээс “Үхэхээсээ өмнө юу хийхийг (bucket
list) хүсдэг вэ”
хэмээн асуухад “Би Монголд очиж үзээгүй л явна. Монголын тал нутгаар морь унан
давхиж, Чингис хааны өлгий нутагт ямар байдгийг төсөөлөхийг хүсч байна. Мөн
Килиманжаро ууланд цасыг нь байхгүй болохоос өмнө авирмаар байна” хэмээн
хариулжээ. Билл, Хиллари нарын охин Челси хэзээ мөдгүй амаржих гэж байгаа билээ.
“Өөр очиж үзээгүй, аяламаар санагддаг хэд хэдэн газар бий. Ач маань аялалд авч
явахад хангалттай том болсон үед ч би аялах хүч чадалтай байх болно. Би
Хилларийг, мөн Челси, Марк (хүргэн) нарыг авч явах болно” хэмээн 68 настай экс
Ерөнхийлөгч ярилаа.
Лас-Вегас мөрийтэй тоглоомоор амьдрахаа больжээ
АНУ-ын Лас-Вегас хот мөрийтэй тоглоомын орлогоор
амьдрахаа больж байна. Энэ хотод зочилж буй хүмүүс зочид буудал, зоогийн газар,
концерт, шоу, бага хурал, зугаа цэнгээний парк болон бусад салбарт мөнгөө илүүтэй
зарцуулах боллоо хэмээн Business Insider мэдээлэв. Морган Стэнли-гийн эдийн
засагчдын судалгаагаар, Лас-Вегас хот 2013 онд нийт орлогынхоо 37 хувийг
мөрийтэй тоглоомоос олсон байна. 1970-аад онд орлогын 60 хувь нь мөрийтэй
тоглоомын газраас орж ирдэг байжээ.
Зочид буудлаас хотын нийт орлогын 13 хувь нь орж ирдэг
байсан бол эдүгээ 25 болж өсчээ. Концерт, хурал зэрэг олон нийтийн арга
хэмжээнээс орж ирдэг орлого 2-оос 14 хувь болж өссөн байна.
С.Лавров Ж.Керри нар Украины талаар ярилцжээ
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн
нарийн бичгийн дарга Жон Керри нар уулзаж Украин дахь нөхцөл байдлын талаар
ярилцжээ. Тэд Минскийн тохиролцооны бүх заалтыг даруй, бүрэн гүйцэд биелүүлэх
ёстой гэдэг дээр санал нэгдлээ хэмээн Төрийн департаментын мэдээлэлд онцолсон
байна. Украины зүүн нутагт дайны гал зогсоох Минскийн гэрээ нь 12 заалттай.
Сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч үе үе мөргөлдөөн, тулаан
гарч хүний амь үрэгдсээр байгаа юм. Америк, Оросын дипломат албаны тэргүүнүүд
мөн “Лалын улс” бүлгийн эсрэг тэмцэл болон Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх
зургаан талт хэлэлцээний талаа санаа бодлоо солилцсон байна.
Навахо омгийнхонд 554 сая долларын нөхөн төлбөр олгоно
Навахо омгийн индианууд АНУ-ын Засгийн газраас 554 сая
долларын нөхөн төлбөр авахаар боллоо. Навахо омгийнхон төрийн болон хувийн
мэдлийн үйлдвэр, компаниуд Нью-Мексико, Аризона, Юта муж дахь индиануудын нөөц
нутагт нэвтэрч олборлолт, хайгуул хийж байна хэмээн гомдол гаргасан юм. АНУ-ын
түүхэнд индиан омгийнхонд олгож буй хамгийн өндөр нөхөн төлбөр нь энэ болов. Ийнхүү
50 гаран жил үргэлжилсэн навахо нарын гомдол, шүүхийн үйл явц төгсгөл болж
байна. АНУ-ын Засгийн газар навахо индиануудын эзэмшлийн 14 сая га газрыг
мэдэлдээ авч хөдөө аж ахуй, нефть, нүүрсний олборлолт, мод бэлтгэх чиглэлээр ашиглуулж
байгаа юм.
Лана Дель Рей оршуулгын газарт тоглоно
Америкийн дуучин Лана Дель Рей ер бусын үйлдлээрээ попын
хатан хаан Мадоннаг ч гүйцэх бололтой. Мадонна 2006 онд нэгэн концерт дээрээ
загалмайн дээр хэвтэж олныг шуугиулж байв. Тэгвэл Лана Дель Рей оршуулгын
газарт концертоо тоглохоор шийджээ. Бүр нэг удаа ч бус аравдугаар сарын 17,
18-нд Холливуд дахь оршуулгын газар дээр хоёр удаа тоглохоор болсон бөгөөд
тасалбар нь аль хэдийнэ дуусчээ.
Дуучин бүсгүй тэнд мөнх нойрсож буй Холливудын оддод
хүндэтгэл үзүүлж байна хэмээн ярилаа. Түүний энэ алхмыг буруутгаж байгаа хүн
байхгүй байгаа нь хачирхалтай. Холливуд дахь оршуулгын газарт урлагийн тоглолт
хийх нь шинэ зүйл биш ажээ. Нутгийн хошин шогчид тэнд тоглох их дуртай байдаг
хэмээн мэдээлж байна.
Оросын эсрэг хоригийг цуцлахгүй байхыг хүсчээ
Украины Ерөнхий сайд Арсений Яценюк Оросын эсрэг хориг
арга хэмжээг цуцлахгүй байхыг өрнөдийн орнуудаас хүсчээ. “Украин улс зүүн
нутгаасаа эхлээд Крым хүртэл газар нутаг дээрээ бүрэн хяналт тогтоох хүртэл Оросын
эсрэг хоригийг цуцлахгүй байхыг өрнөдийн түншүүдээсээ хүсч байна” хэмээн Яценюк
НҮБ-ын индэр дээрээс мэдэгдэв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын
Ерөнхий Ассамблейг нээж үг хэлэхдээ “Москва Украины талаарх бодлого, чиглэлээ
өөрчилвөл Оросын эсрэг хоригийг цуцлахад бэлэн” хэмээн мэдэгдсэн билээ.


No comments:
Post a Comment