20
мянган хосод хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ
Хятадын
нийслэл Бээжин хотын 20 мянга орчим хос хоёр хүүхэдтэй болох зөвшөөрлийг эрх
баригчдаас авчээ. Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард гэр бүл төлөвлөлтийн
бодлогыг зөөлрүүлсний үр дүн ийнхүү гарч байна хэмээн “Синхуа” агентлаг
мэдээлэв. Наймдугаар сарын сүүлч хүртэл 21 мянга 249 хос дахин хүүхэдтэй болох
хүсэлт гаргаж 19 мянга 363 хос зөвшөөрлөө аваад байна хэмээн Бээжингийн Гэр бүл
төлөвлөлт, эрүүл мэндийн хорооноос зарлалаа. Хүсэлт гаргагчдын 56 хувь нь 31-35
насны эмэгтэйчүүд байна. 40-өөс дээш насны 537 эмэгтэй байгаа аж.
Бусад
хүсэлтийн эзэд нь мэдээж эрчүүд. Хятадад эрх баригч Коммунист нам өнгөрсөн онд “Нэг
гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг эргэн хэлэлцэж зөөлрүүлэх шийдвэрт хүрсэн билээ.
1970-аад оны сүүлчээр хүн амын хэт их өсөлтийг хазаарлан зогсоохын тулд нэг гэр
бүл нэгээс илүү хүүхэдтэй байж болохгүй гэсэн хуулийг баталж байсан юм. Хятадын
хүн ам хурдацтай хөгширч, ажиллах хүч дутагдаж, мөн хүн ам зүйн хатуу бодлогын
улмаас өөр бэрхшээл гарах болсон тул Коммунист нам дээрх бодлогыг зөөлрүүлж, эхнэр,
нөхрийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол дахин нэг хүүхэдтэй болохыг зөвшөөрч
байгаа аж. Өмнө нь эхнэр, нөхөр хоёулаа айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй
болохыг зөвшөөрдөг байжээ.
Гэр бүл төлөвлөлтийн
бодлого ийнхүү зөөлөрсний дараа хүн ам хэт ихтэй Хэнань болон Хятадын ихэнх муж
Коммунист намаас тавьсан шаардлагыг хангаж байвал хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг
зөвшөөрч байгаа аж. Үүнээс гадна, Бээжингийн Засгийн газар улс орон дахь
эрэгтэй хүйсийн хэт давамгай байдлыг зогсоохын тулд хэвлий дахь хүүхдийн
хүйсийг хууль бусаар тогтоох, үр хөндөх явдлын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд
байна. Хятадад эрэгтэйчүүд нь хэт олширсны улмаас хүн ам зүйн асуудал бэрхшээл
үүсээд байгаа билээ. 30-аас доош насны хүн амд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ
20 саяаар их байгааг албан ёсны тоо баримтууд баталж байна.

No comments:
Post a Comment