Шинжаанд нөхцөл байдал улам хурцдаж магадгүй
Хятадын Шинжаан-Уйгур мужид өнгөрсөн ням гаригт хэд хэдэн
дэлбэрэлт болж хоёр хүний аминд хүрч, олон хүнийг шархдуулжээ. “Тяншань” веб
сайт мэдээлж буйгаар, эдгээр дэлбэрэлтийг террорист халдлага гэж үзэхгүй байгаа
ч тэнд нөхцөл байдал муудаж байгаа нь илт байна. Лал шашинтай 10 сая орчим уйгур
үндэстэн амьдардаг Шинжаан мужид сүүлийн үед Бээжингийн эрх баригчдыг
эсэргүүцсэн жижиг халдлага дэлбэрэлт тасрахгүй байгаа билээ. Гурван
дэлбэрэлтийн нэг нь Лунтай хотын худалдааны төвд болжээ.
Хэдэн жилийн өмнөөс энэ нутагт гарч буй салан тусгаарлагч
уйгуруудын үйлдэл өдөр ирэх бүр улам ширүүн, харгис болсоор байна. Бээжингийн
эрх баригчид үндэс угсаагаар ялгаварлаж, хүний эрхийг байнга зөрчсөөр байна
хэмээн уйгуруудын нийгэм байнга гомдоллодог. Энэ зөрчил улам хурцадсаар өнгөрсөн
долдугаар сард Шахчи хотод уйгур босогчид болон хятад цагдаа нарын хооронд
мөргөлдөөн болж 100 орчим хүн амь насаа алдсан билээ. “Синхуа” агентлагийн
мэдээлж буйгаар, эрх баригчид уржигдар Шахчи хотын захиргаа болон цагдаагийн 17
өндөр албан тушаалтныг уйгуруудын бослогын өмнө зохих арга хэмжээ авч чадаагүй
хэмээн огцруулж шийтгэсэн байна.
Шинжаан дахь нөхцөл байдал ойрын өдрүүдэд улам хурцдаж
магадгүй болжээ. Учир нь нэртэй уйгур эрдэмтэн Илхам Тахтийг шүүх хурал
өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт ял сонсгож магадгүй
байна. Тахти бүс нутаг дахь Хятадын бодлогыг хатуу шүүмжилснийхээ төлөө бүх
насаараа хоригдох ял авч магадгүй байгаа юм. Илхам Тахти гудамжны эсэргүүцлийн
хөдөлгөөнд оролцоогүй ч уйгур босогчдын оюун санааг эргүүлэхэд гол үүрэг
гүйцэтгэсэн хэмээн үзэж байгаа аж.
Өнгөрсөн
долоо хоногийн сүүлчээр Индонези улсад дөрвөн уйгур үндэстэн баривчлагджээ.
Тэднийг “Лалын улс” бүлэгтэй холбоотой ажилладаг “Зүүн Индонезийн мужахединууд”
бүлгийн хээрийн бааз дээр бэлтгэл сургуулилт хийж байсан хэмээн буруутгаж
байна. “Зүүн Индонезийн мужахединууд” Сулавеси арал дээрх Посо мужид ихээхэн
нэр нөлөөтэй болоод байгаа юм. “Уйгур иргэд хагас цэрэгжсэн бааз дээр Сантозогийн
хүмүүстэй бэлтгэл хийж, тэсрэх бөмбөг хийх аргыг заалгаж байсан. Тэд үүний
дараа эх орон руугаа буцаж, “сурсан мэдсэнээ” ашиглах зорилготой байснаа хүлээсэн”
хэмээн Индонезийн цагдаагийн газраас мэдэгдэв. Абу Варда хочоороо алдаршсан
Сантозо нь “Лалын улс” бүлгийн Ази дахь гол үзэл сурталчийн нэг ажээ. Индонезид
хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж буй түүнийг “Индонезийн Заркави” хэмээн
нэрлэдэг байна. Уйгурын салан тусгаарлагчид Сири, Иракт хүчээ аваад байгаа
лалын босогчидтой холбоотой ажиллах болсон нь ийнхүү батлагдсанаар Хятадын эрх
баригчдын санаа зовнил улам нэмэгджээ.Зургийн тайлбар: Уйгур эрдэмтэн Илхам Тахти

No comments:
Post a Comment