Tuesday, 9 September 2014





Коринна Шумахер: Михаэлийн бие сайжирсаар байна

“Формула-1” уралдааны долоон удаагийн дэлхийн аварга Михаэль Шумахер цанаар гулгаж байгаад осолд орж ухаангүй хэвээр байгаа ч бие нь аажим аажмаар, удаанаар сайжирсаар байна хэмээн түүний гэргий Коринна Шумахер Германы хэвлэлд ярьжээ. “Удаан ч гэсэн түүний эрүүл мэнд тогтворжиж, сайжирсаар байна. Манай Михаэль бол дайчин тэмцэгч, тэр хэзээ ч бууж өгөхгүй” хэмээн Коринна өгүүлэв. Шумахер удахгүй Лозанн дахь эмнэлгээс гарч гэртээ эмчилгээгээ үргэлжлүүлэхээр болжээ.

Пирс Броснан Москвад киноныхоо нээлтийг хийнэ

Ирландын жүжигчин, продюсер Пирс Броснан Москва хотод “Арваннэгдүгээр сарын хүн” (өөрөө гол дүрд нь тоглосон) киноныхоо нээлтийг хийх гэж байна. Рожерс Дональдсон найруулагчаар нь ажилласан “Арваннэгдүгээр сарын хүн” киног Америкийн зохиолч Билл Грейнжерийн зохиолоос сэдэвлэн хийжээ. Тагнуулын төв газрын тагнуулч албандаа буцан ирж бусад онцгой тагнуулч болон Оросын сонгогдсон Ерөнхийлөгчтэй аюултай тоглоом тоглож эхэлдэг тухай энэ кинонд өгүүлдэг. “Арваннэгдүгээр сарын хүн”-д мөн Ольга Куриленко, Люк Брейси нар тогложээ.

Үерт 440 хүн амиа алджээ

Энэтхэг, Пакистанд болсон үерийн улмаас 440 хүн амиа алдаад байна хэмээн Associated Press агентлаг мэдээлэв. Пакистаныг тэр чигээр нь нөмөрсөн үер сүүлийн хэдэн жилд байгаагүй томоохон гамшигт тооцогдож байна.Тус улсад 700 мянган хүн орон гэрээ даруй орхин явах сануулга авчээ. “Бид бүгдийн хувьд гунигтай, хэцүү мөч ирлээ. Үер, байгалийн гамшиг гэнэт ирлээ. Ийм аюултай гамшиг ирнэ гэж хэн ч мэдсэнгүй” хэмээн Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф мэдэгджээ. Пакистан, Энэтхэгийн эрх баригчид үерт боогдсон хүмүүст хоол хүнс хүргэхийн тулд завь, нисдэг тэрэг ашиглаж байна. Хэдэн зуун мянган хүн орон гэргүй болжээ.

Польшийн Ерөнхий сайд огцорчээ

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск албан тушаалаа орхижээ. Тэрээр улс орны Ерөнхийлөгч Бронислав Коморовскийд хаягласан огцрох өргөдлөө явуулсан гэснээс өөр тайлбар хийсэнгүй. Д.Туск аравдугаар сарын 1-нээс Европын зөвлөлийн даргын албыг хашихаар болсон тул ийнхүү Польшийн Засгийн газрын тэргүүний суудлаас татгалзсан бололтой.  

Шинэ хямрал айсуйг Дэлхийн банк анхааруулав

Дэлхий нийт ойрын үед ажлын байрны глобал хямралтай тулгарч магадгүй хэмээн Дэлхийн банкны мэргэжилтнүүд анхааруулж байна. Дэлхийн эдийн засаг эдүгээ мэргэшсэн ажилтнуудын хурц дутагдалд ороод байгааг илтгэлд онцолжээ. “Ажлын байрны глобал хямрал айсуй гэдэгт браг эргэлзээ алга” хэмээн Дэлхийн банкны захирал Найжел Тоус Австралид болсон Хөдөлмөрийн сайд нарын уулзалт дээр мэдэгдлээ.
2030 он гэхэд дэлхий даяар 600 сая ажлын байр шинээр бий болгох шаардлагатай болж байгааг илтгэлд онцолжээ. Дэлхийн хүн ам өсөх хэрээр ийм тооны ажлын байр бий болгох шаардлагатай аж. “Их-20”-ийн орнуудад 100 сая ажилгүй хүн байна. Мөн ажил хийдэг ч өдөрт хоёр доллараар амьдардаг 447 сая “Ажилтай ядуу хүн” байгаа ажээ.

No comments:

Post a Comment