Б.Обама Эболаг дэлхийн аюул
хэмээн нэрлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Баруун
Африкт тархаад байгаа Эбола тахлыг дэлхийн аюулгүй байдалд заналахийлж байна
хэмээн мэдэгдлээ. Хяналтаас гараад байгаа энэ тахлыг зогсоохгүй бол халдвар
авсан хүний тоо 100 мянгад хүрч болзошгүй гэдгийг Обама онцлоод аймшигт вирусыг
тогтоон барихын тулд илүү эрчимтэй хүчин чармайлт гаргахыг дэлхий нийтэд
уриалав. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Эбола тахлаар хоёр
мянга 500 орчим хүн нас бараад байна. Энэ өвчинтэй тэмцэхэд нэг тэрбум доллар
хэрэгтэй байгааг НҮБ-ын төлөөлөгч Дэвид Наварро хэлжээ.
NASA-гийн шинэ хөлгийг Boeing, SpaceX барина
Америкийн сансрын агентлаг (NASA) шинэ үеийн сансрын хөлөг бүтээхийн тулд Boeing,
SpaceX компаниудыг сонгож авчээ. “Шаттл” сансрын хөлгийн хугацаа 2011 онд
дууссанаас хойш АНУ сансарт нисэхдээ Оросын “Союз” хөлгийг ашиглаж байна. “Союз”
хөлгөөр нэг сансрын нисэгчийг нисгэхэд NASA 70 сая доллар зарцуулдаг. Boeing, SpaceX компанийн
бүтээсэн хөлгөөр америк сансрын нисэгчдийг Олон улсын сансар огторгуйн станцад
хүргэх юм. Америкийн шинэ үеийн сансрын хөлөг 2017 онд бэлэн болно хэмээн
тооцоолжээ. NASA Флорида дахь Канавералын хошуун дахь нислэгийн талбайг үргэлжлүүлэн
ашиглах бололтой.
Эрмитаж Европын шилдэг
музейгээр нэрлэгдлээ
Аялал жуулчлалын TripAdvisor
сайтын хэрэглэгчдийн саналаар
Санкт-Петербург дахь Эрмитаж музейг Европын шилдэг музейгээр нэрлэсэн байна.
Тус музей Парисын Орс болон Флоренцийн Урлагийн музейг ардаа орхижээ. “Дэлхийн
бүх гоо сайхан нэг музейд цогцолжээ. Манай гаригийн бүх өнцөг булан, бүх цаг
үеээр аялахад энэ музей хамгийн тохиромжтой” хэмээн TripAdvisor
сайтын мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Тус сайт дэлхийн жагсаалтыг гаргахад Эрмитаж Чикагогийн Урлагийн музей,
Мексикийн Үндэсний музейн араас гуравдугаарт орлоо. Нийтдээ дэлхийн 509 шилэг
музейг жагсаасан юм.
Матрын цөөрөм руу үсэрч амиа
хорложээ
Тайландад 65 настай нэгэн
эмэгтэй Бангкок хотоос холгүй байдаг амьтны хүрээлэнгийн матрын цөөрөм үсэрч
амиа хорложээ. Тэрээр сүүлийн хэдэн өдөр бухимдаж, хямралд ороод байсан тухай
гэр бүлийн гишүүд нь цагдаагийн газарт ярьсан байна. Самут Пракан хэмээх амьтны
хүрээлэнд амралтын өдрөөр матар наадуулагчид матрын аманд толгойгоо хийх
зэргээр зочдыг хөгжөөдөг байжээ. Гэвч уг матрууд дээрх эмэгтэйгээр “зоог
барьсны” дараа ийм үзүүлбэрийг хориглоод байна. Амьтны хүрээлэнгийн матрын
цөөрөмд 100 гаруй матар байдаг аж.
Хойд насандаа ч тайван байх
хэцүү
Гватемалд нас барсан хүмүүс
хойд насандаа ч тайван байх тавилангүй ажээ. Орон нутгийн дүрэм журмаар шарилын
түрээсийн хугацаа дуусч төлбөр нь хийгдээгүй бол оршуулгын газрын ажилтнууд бунхныг
задалж, цогцсыг гаргаж хаядаг байна. Ар гэрийнхэн нь цогцсыг буцааж авахгүй бол
тэдгээрийг гялгар уутанд хийгээд хөдөө хээр аваачиж булдаг ажээ. Эрх баригчид
энэхүү гажиг, хүмүүнлэг бус байдлыг арилгах гэж оролддог ч амжилт олдоггүй.
Учир нь бүрлээчийнхээ түрээсийг төлж чаддаггүй ядуу иргэдийг ядуурлаас гаргасан
цагт л энэ асуудал арилна хэмээн үзэх хүмүүс байдаг ажээ.


No comments:
Post a Comment