Monday, 31 March 2014
Saturday, 29 March 2014
Мексикт 370 орчим
цагаач хүүхдийг аварчээ
Мексикийн
эрх баригчид долоо хоногийн дотор АНУ хүрэх замдаа залилуулж хяагдсан 370 хүүхдийг
цагаач хүүхдийг илрүүлсэн байна. Мексикийн 14 мужаас тэдгээр хүүхдийг олж авсан
бөгөөд хамгийн бага нь есөн настай байжээ. Хүүхдүүд АНУ руу гаргаж өгнө гэсэн
хүмүүст гурван мянган доллар төлсөн ч хил хүрэх замд хаягдсан байв. Тэдгээр
хүүхэд ихэд ядарч, хөл нь гэмтэж, ангаж цанган, зүг чигээ алдсан байжээ.
Бирм хүн
амаа тоолж байна
Бирм улс сүүлийн
30 жилд анх удаа хүн амаа тоолж эхэллээ. Хэдийгээр зарим нам, бүлэг “Хүн амын
тоололт үндэстэн хоорондын мөргөлдөөнийг дэврээж магадгүй” хэмээн сануулж
байсан ч эрх баригчид тооллогыг эхлүүлээд байна. Өчигдөр эхэлсэн тооллого дөрөвдүгээр
сарын 10-нд дуусна хэмээн тооцоолж байна. Голдуу сургуулийн багш нар хүн амын
тооллого хийж байгаа бөгөөд тэд 12 сая орон гэрээр орох хэрэгтэй болжээ.
Куньмин дахь аллагын эздийг баривчилжээ
Хятадын цагдаа Куньмин хотын төмөр замын буудал дээр олон хүнийг хутгалан алсан аймшигт хэргийг зохион байгуулсан байж болох гурван этгээдийг баривчилжээ. Хутгаар зэвсэглэсэн этгээдүүд 29 хүний аминд хүрсэн билээ. Дотоод хэргийн яам баривчлагдсан гурван хүн нь хэн болох, ямар үндэстэн гэдгийг зарлахаас татгалзав. Террорист халдлага хэмээн үзэж буй энэ аймшигт хядлагад найман хүн оролцсон хэмээн мэдэгдлээ.
Төмөр
замын буудал дээр аллага үйлдсэн хүмүүс нь Шинжааны салан тусгаарлагчид хэмээн
хэвлэлүүд таамаглаж байна. Аллага үйлдсэн этгээдүүд Хятадыг орхин гарч лалын
террорист бүлгийнхэнтэй нийлэх гэж байжээ.
Англии, Уэльст ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрлөө
Англи, Уэльст ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Гей, лесби хүмүүс бусадтай адил эрхтэй байх ёстой гэж олон жил тэмцсэний эцэст ийнхүү санасандаа хүрч байна. Хууль батлагдсанд баярласан зарим ижил хүйстэн хуримаа хийжээ.
“Та бүхэн Их Британид гадуурхагдалгүй, хууль ёсны эрхтэй болсныг онцлон тэмдэглэж байна” хэмээн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдсэн байна.
Ю.Тимошенко Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
Украины улс төрийн намууд хурлаа хийж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байна. “Батькивщина” намаас экс Ерөнхий сайд Юлия Тимошенко нэр дэвшихээр болов. Харин “УДАР” намын лидер Виталий Кличко олигарх, “Roshen” үйлдвэрийн эзэн Петр Порошенког дэмжиж нэрээ дэвшүүлэхээс татгалзжээ.
Ю.Тимошенко Крымийг оросуудаас буцаан авч, Украиныг Европын холбоо, НАТО-д элсүүлнэ хэмээн амлаж байна. “Бид Крымийг ээзэрхийлэгчдийн гараас буцаан авах болно. Бид энэ тал дээр хангалттай хүчтэй хариу өгч чадаагүй. Ард түмэн намайг Ерөнхийлөгчөөр сонгох юм бол би Украины сөөм ч газар нутгийг дахин алдахгүй. Бид цэргийн хүчээ нэмэгдүүлэх ёстой” хэмээн Тимошенко ярьжээ.
Египетийн
Худалдааны сайд Мунир Абдель Нур: М.Мурси эрх мэдлийг дангаараа эзэмшихийг хүсч
байсан
2013 онд Египетийн дотоодын нийт
бүтээгдэхүүн 60 хувиар буурчээ. Албаны мэдээллээр хүн амын 25 хувь нь (албан бус
мэдээллээр 50 хувь нь) ядуурлын
түвшинд амьдарч байна. Ажилгүйдэл 20 хувьд хүрчээ. Египетийн Худалдааны сайд
Мунир Абдель Нур “Известия”-д ярьж байна.
-Мөдхөн
Египетийн эдийн засаг сэргэж эхэлнэ хэмээн та нэг бус удаа мэдэгдсэн. Энэ
өөдрөг бодол юутай холбоотой вэ?
-Манай эдийн засаг одоо зогсонги
байдалд ороод байна. 2005-2007 онд эдийн засгийн өсөлт жилд 7.1 хувьд хүрч
байсан. 2008 оны олон улсын санхүүгийн хямралын улмаас өсөлт мэдэгдэхүйц
удааширлаа. 2011 оны Хаврын хувьсгал, тэгээд залгасан улс төрийн тогтворгүй байдлын
улмаас энэ удаашралт хадгалагдсаар ирлээ. Каирын гудамжинд жагсаал, мөргөлдөөн
болж байна, улс орон даяар аюулгүй байдал муудлаа гэж бүх хэвлэлээр зарлаж байх
хооронд эдийн засаг уруудаж, гадаадын хөрөнгө оруулалт гэж бараг байхгүй
болсон. Шинэ эрх баригчдын боловсруулсан хөтөлбөрийн ачаар энэ байдал мөдхөн
арилна гэж бодож байна. 2012-2013 онд эдийн засгийн өсөлт 2.1 хувьтай байсан.
Энэ онд гурван хувьд хүргэхээр зорьж байна.
-Тогтвортой
байдалд хүргэх гол түлхүүр нь юу вэ?
-Гурван хэсгээс бүрдэж байна. Бүр
нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хуулиа батлах эхний үе шат өнгөрсөн. Одоо
Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн хоёрдугаар үе шатанд бэлтгэж байна. Маршал Абдель
Фаттах аль-Сиси цэргийн албан тушаалаасаа татгалзаж Ерөнхийлөгчийн сонгуульд
өрсөлдөхөд бэлэн боллоо. Тэр бол эдийн засгийг сэргээж, аюулгүй байдлыг сахиулахын
тулд хүнд, хэцүү алхам хийж чадах шударга, цэвэр хүн. Египетэд ийм л улстөрч
хэрэгтэй байсан. Гуравдугаар үе шат нь парламентын сонгууль байх болно.
-Эдийн
засгийг сэргээх ямар төсөл, хөтөлбөр байгаа вэ?
-Суэцийн сувгийн бүс, хүчин
чадлыг өргөтгөх төсөл маш чухал. Бид тус бүс нутгийг үйлдвэрлэл, олон улсын
худалдааны ар тал, хангамжийн төв болгох хүсэлтэй байна. Бид тэнд хөлөг онгоцны
үйлдвэр, засвар үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөж байгаа. Үүний хажуугаар
төрөөс өгдөг тусламжийг багасгах болно. Бензин шатахуунд өгдөг асар их
татаасийг болиулна. Энэ нь нийгмийн дургүйцлийг хүргэж болох ч ингэхээс өөр арга
алга.
-Олон
улсын валютын сангаас тусламж авах уу. “Лалын ахан дүүс” хөдөлгөөн энэ
тусламжийг авах гэж удаан оролдсон ч чадаагүй..?
-Араб ахан дүүсийнхээ ачаар
бидэнд тэр тусламж тийм их хэрэг болохгүй байна. Эдийн засгийн машиныг
ажиллуулахын тулд Египет улс мөнгөний бодлогоо өргөтгөхөөр шийдсэн. ОУВС үүнийг
таашаахгүй байгаа. Мэдээж бид ОУВС-тай тодорхой гэрээ байгуулж, хамтран ажиллах
болно. Бид улс орноо сайн удирдаж, олон улсын санхүүгийн байгууллагуудын
итгэлийг олж авах хэрэгтэй.
-Египет
бол аялал жуулчлалын орон. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард лалын хэт даврагчид
энэ салбарыг устгана, гадаадуудын эсрэг алан хядах ажиллагаа явуулна хэмээн
сүрдүүлсэн..?
-Мэдээж Египетэд ирж буй жуулчид
адал явдал бус, амар тайван аялахыг л эрмэлзэнэ. Бид тайван амралт, зугаалгыг
хангаж чадна. Манайд цагаан элстэй, нарлаг далайн эрэг олон бий. Сайн
сурталчлах хэрэгтэй байна.
-Ард
иргэд улс орны эдийн засгийн байдалд дургүй байсны улмаас “Лалын ахан дүүс”
хөдөлгөөн эрх мэдэлд гарч ирсэн. Гэвч тэд эдийн засгийг сэргээж чадалгүй мөн л
ийм шалтгаанаар эрх мэдлээс хөөгдлөө. Та нар улс орноо босгож чадна гэдэгтээ
итгэлтэй байна уу?
-“Лалын ахан дүүс” улс төр, эдийн
засгийн, мөн аюулгүй байдлын салбарт ч бүтэлгүйтсэн. Гэвч тэдний гол алдаа бол
соёлын бүтэлгүйтэл. Тэд египет хүмүүсийн төрөлхийн зан байдал, сэтгэлгээг
өөрчлөх гэж оролдсон. “Лалын ахан дүүс” ард түмэнд итгээгүй, лалын үзлийг
дэлгэрүүлэх нь тэдний бодлого байсан. Гэтэл бид шашны хэт үзэл, фанатизмд
орооцолдохоос татгалзсан шүү дээ. Фараонуудын үеэс л египетүүд бүх соёл
иргэншилтэй ярилцаж, хэл амаа ололцсоор ирсэн. Иргэдийг гудамжинд гаргасан
зүйлийн нэг нь Мохамед Мурсийн балетийг хориглох санаа байсан.
-2013
оны долдугаар сарын 3-нд Мурсийг эрх мэдлээс зайлуулсан явдлыг төрийн эргэлт
гэж үздэг. Эдүгээ “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг мөрдөн мөшгиж, 500 орчим
гишүүнд нь цаазаар авах ял оноолоо. Үүний улмаас Египет олон улсын санхүүгийн
тусламжийг авч чадахгүй байгаа юм биш үү?
-Болсон үйл
явдлын үнэн мөнийг өрнөдийнхэн буруу ойлгосон бололтой. Мурси 2012 оны арваннэгдүгээр
сард Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг шүүхэд давж заалдахыг хориглосны дараа
ард түмний хөдөлгөөн үүсч, улмаар тэр эрх мэдлээс явсан. Мурси тэр үед эрх
мэдлийг дангаараа эзэмшихийг хүссэн. Үүний дараа л ард иргэд гудамжинд гарч,
Үндсэн хуулийг эргэн харж, парламентын сонгуулийг зарлаж, Ерөнхийлөгчийг
огцрохыг шаардах болсон юм. Эцсийн эцэст эсэргүүцлээ илэрхийлсэн 30 сая иргэн “Лалын
ахан дүүс”-ийн эсрэг тэмцэлд цэргийнхнээс тусламж хүссэн.
-Египетийн эдийн засаг сайнгүй байгаа ч Оросоос хоёр
тэрбум долларын зэвсэг худалдан авах гэж буй тухай мэдээ гарч байна.
Санхүүжилтыг нь Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират хийнэ гэсэн. Египет улс
батлан хамгаалах салбартаа ийм их мөнгө зарцуулах ямар хэрэгтэй юм бэ?
-Манай бүс
нутагт аюулгүй байдал тийм сайнгүй байна. Баруун хэсэгт Ливи, өмнөдөд Судан
гэсэн байнгын самуунтай улс байна. Египетийн хойд хэсгийн Синай мужид лалын
террористууд холхисоор. Хүндэтгэл хүлээхийн тулд хүчтэй байх хэрэгтэй байна. Чи
хүчтэй байвал бусдын итгэлийг олж, эдийн засгаа босгож чадна.
Thursday, 27 March 2014
Унгарт Аттила хааны булшийг олсон уу
Унгарын нийслэлд Дунай мөрөн дээгүүр шинэ гүүр барьж
байгаа барилгачид
VI
зууны үеийн нэгэн гайхалтай булшийг ухаж гаргажээ. Уг олдворт шинжилгээ хийсэн
эртэмтэд энэ бол Хүннү гүрний удирдагч Аттила хааны бунхан хэмээн үзсэн байна. “Тэр хавийн газар тун гайхалтай байсан. Бид олон морины араг яс, Хүннүгийн
соёл уламжлалд хамаарах зэвсэг, гар урлалын бүтээгдэхүүн олсон. Солирын төмрөөр
хийсэн сэлэм хүртэл байсан нь домогт Аттила хааны дайн тулааны сэлэм ч байж
магадгүй байна. Энэ нь Хүннү гүрний хүчирхэг Аттила хааны амарлингуйн өргөө
байх магадлал их байна. Гэвч үүнийг батлахын тулд судалгаа, шинжилгээ хийх хэрэгтэй
байна” хэмээн Будапештийн их сургуулийн түүхч Албрехт Румштейн ярилаа.
Ромын түүхчдийн дунд “Бурхныг номхотгогч” хэмээн
алдаршсан Аттила нь Төв Азийн нүүдэлчин монголчуудын өвөг дээдэс болох
хүннүчүүдийн их удирдагч юм. Тэрээр манай эрины 434-453 онд Төв Азийг захирч
байжээ. Ромын эзэнт гүрнийг баруун, зүүн талаас нь олон удаа уулгалан дайрч
байсан түүний удирдсан арми Ромын эзэнт гүрний задралыг хурдасгасан гэдэг. Олон
унгар иргэн Аттилаг улс орныг үндэслэгч хэмээн үздэг аж. Дээрх нээлт, олдвор
хүннү үндэстэн болон Аттила хааны гарал угсааны талаарх эргэлзээг тайлахад дорвитой
нэмэр болж магадгүй байна хэмээн Worldnews daily report мэдээлэв.
Н.МӨНХЖИН
Wednesday, 26 March 2014
Мик Жаггерийн найз бүсгүй бүх хөрөнгөө түүнд гэрээслэн
үлдээжээ
Гуравдугаар сарын дундуур амиа егүүтгэн хорвоог орхисон
Мик Жаггерийн найз бүсгүй Лорен Скотт бүх эд хөрөнгөө дуучинд гэрээслэн
үлдээсэн байжээ. Энэ тухай The New York Post сонин мэдээлэв. Гэрээслэлийн дагуу,
Лорен Скоттын Нью-Йорк дахь найман сая долларын үнэтэй байр, нийтдээ нэг сая
доллараар үнэлэгдэх гоёл чимэглэл, үнэт эдлэл, хувцас хунар, тавилга, автомашин
болон бусад хувийн эд зүйлс бүгд М.Жаггерт ирж байгаа аж. Харин эдгээр хөрөнгө
мөнгөний хэдэн хувь нь Скоттын өр ширэнд явах нь тодорхойгүй байна.
Лорен Скотт хамгийн ойрын хамаатан болох ах, дүү охин
хоёртоо юу ч гэрээслэж үлдээгээгүй аж. Нью-Йоркийн хуулиар, бүрлээч гэрээслэл
үлдээгээгүй бол эд хөрөнгийг нь хань болон хамаатан саданд нь хувааж өгдөг.
Загвар зохион бүтээгч, 49 настай Лорен Скотт гуравдугаар
сарын 17-нд Манхэттан дахь гэртээ амиа хорлосон юм. Тэрээр ороолтоороо өөрийгөө
дүүжилсэн байхыг олсон аж. Тэрээр яагаад амиа хорлох болсон нь тодорхойгүй
байна. Скотт 2006 оноос хойш өөрийн гэсэн хувцасны брэнд гаргаж, Rolling Stones
хамтлагийн сүүлчийн аялал ттоглолтын тайзны хувцасны загварыг гаргаж байжээ. Гэвч
сүүлийн үед ажил хэрэг нь уруудаж, ажилтнууддаа зургаан сая долларын өртэй
болоод байсан юм. Мик Жаггер, Лорен Скотт хоёр 2001 оноос хойш хамт амьдарч
байсан билээ.
Хатан хааны шуудангийн алба ажил хаяна хэмээн сүрдүүлэв
Их Британийн Хатан хааны шуудангийн алба 1600 ажлын
байраа цомхотгохоор төлөвлөж байгааг Үйлдвэрчний эвлэл нь эсэргүүцэж байна
хэмээн Guardian мэдээлэв. Хатан хааны шуудангийн алба 50 сая паундын зардал
хэмнэхийн тулд шуудан ангилах, хүргэх хэсгийн ажилтнуудыг халахаар болж байгаа
аж. Үйлдвэрчний эвлэл долоон мянган ажилтны эрх ашгиг хамгаалан зогсож байна.
Ким Чен Уны үсний засалтыг дэлгэрүүлнэ
Хойд Солонгосын эрчүүд улс орны лидер Ким Чен Ун шиг үсээ
засуулах ёстой гэсэн лүндэн хүлээж авчээ. Энэхүү зарлигийг Пхеньян хотноо хоёр
долоо хоногийн өмнө гаргасан бөгөөд эдүгээ улс орон даяар хэрэгжиж эхлээд
байна. Тус улсын эрчүүд төрөөс баталсан арван загвараар үсээ засуулах ёстой
байдаг. Харин эмэгтэйчүүд нь 18 янзаар үсээ засуулж, арай илүү эрх чөлөө
эдэлдэг ажээ. Коммунист Засгийн газраас “Зүй зохистой” хэмээн баталсан үс
засалтын загварууд үсчний газарт өлгөөтэй байдаг аж.
Жимми Картер Э.Сноуденийг өршөөх асуудлыг хэлэлцэхэд
бэлэн
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер Үндэсний аюулгүй
байдлын агентлагийн экс ажилтан Эдвард Сноуденийг өршөөх асуудлыг хүлээн авч,
хэлэлцэх байсан хэмээн мэдэгджээ. “Тэр АНУ-д буцаж ирээд хууль зөрчсөн хэргээр
шүүхийн сандалд сууж, 12 шүүгчийн олонхийн шийдвэрээр цаазаар авах ял сонсвол
мэдээж би түүнийг өршөөх хэлтрүүлэх асуудлыг судлаж үзэхсэн” хэмээн экс төрийн
тэргүүн The Washington Post сониноос зохион байгуулсан арга хэмжээн дээр
ярьжээ.
Э.Сноуден төрийн нууц задруулсан хэрэгт буруутгагдаж
байгаа бөгөөд одоогоор өршөөгдөх эрхгүй байгаа юм. “Шүүгдэж, ял аваагүй хүнийг
өршөөж болохгүй биз дээ” хэмээн Картер хэлэв. Тэрээр Үндэсний аюулгүй байдлын
агентлагийн үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг ба болзошгүй мөрдлөгт өртөхгүйн
тулд цахим шуудан хэрэглэдэггүй аж.
“Ас-Сисигийн үед улс орон сүйрнэ”
Египетийн “Лалын ахан дүүс” байгууллагын лидер Ибрахим Мунир
“Абдель Фаттах ас-Сиси Ерөнхийлөгч болвол улс оронд тогтвортой, аюулгүй байдал
гэж байхгүй болж, Египет орон сүйрэх болно” хэмээн мэдэгдэв. Египетийн Батлан
хамгаалахын сайд, фельдмаршал Абдель Фаттах ас-Сиси ирэх сард болох Ерөнхийлөгчийн
сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байна. Тэрээр сонгуульд өрсөлдөхийн тулд цэргийн
албанаас татгалзжээ. Ард түмний дунд ихээхэн нэр хүндтэй тэрээр Египетийн
Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах төлөвтэй байна.
Дайна Росс 70 хүрлээ
Америкийн нэрт дуучин, 11 “Грэмми”-ийн эзэн Дайана Росс
70 насны босгыг алхав. Тэрээр баптист гэр бүлийн зургаан хүүхдийн хоёр дахь нь
болон мэндэлжээ. Сургаальд байхдаа л эвлэгхэн хоолойтой байсан Дайана 1959 онд
сургуулиа төгсөөд л “The
Supremes” хэмээх эмэгтэй хамтлагт орж, мэргэжлийн тайзан дээр гарчээ. 1960-аад онд энэ хамтлаг дэлхий даяар “The Beatles”-ийн дараа орохоор
амжилт олж байв. Д.Росс “The
Supremes”-т байхдаа хамтлагаараа болон дангаараа 57 цомог
бичүүлсэн юм.
Хөгжмийн дээд шагнал гэгддэг “Грэмми”-ийг арав гаруй удаа
авсан Дайана Росс Холливудын Алдрын өргөн чөлөөнд хоёр ч одтой. Нэгэн цаг үед
тэрээр бүх цаг үе, ард түмний хамгийн алдартай дуучин хэмээн Гиннесийн номд
бичигдэж байлаа. Попын хаан Майкл Жексон хүүхдүүдийнхээ асран хамгааллыг Дайанад
гэрээслэн үлдээсэн юм.
Д.Росс 1971-77 онд хөгжмийн продюсер Роберт
Силберстайнтай гэрлэж гурван хүүхэд төрүүлжээ. Дараа нь (1985-2000)
Норвегийн бизнесмэн Арне Несстэй гэрлэж дахин хоёр хүүхдийн
ээж болсон байна.
Олимпийн аварга Юлия Липницкая байр хөлсөлдөг
Сочигийн өвлийн олимпоор тодрон гялалзсан Оросын 15 настай
уран гулгагч Юлия Липницкаяг өнөөдөр танихгүй, мэдэхгүй хүн байхгүй. Тэрээр
мөдхөн Японы Сайтама хотод уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд
оролцохоор бэлтгэж байна. Липницкая саяхан Москвагийн 1270-р дунд сургууль дээр
очиж сурагчидтай уулзжээ. Дасгалжуулагч Этери Тутберизегийн хамт ирсэн түүнийг
сурагчид бүчин авч гарын үсгийг нь авч, патиараа татуулж байлаа. Олимпийн
аварга Юлия Липницкая сурагчидтай илэн далангүй ярилцаж, “Олимпийн нээлттэй
хичээл” заасан юм. Энэ үеэр өрнөсөн ярианаас толилуулъя.
-Таныг уран гулгалт руу хэн оруулсан юм бэ?
-Ээж минь уран гулгалт руу хөтөлж оруулж байсан. Тэгэхээр
уран гулгалт намайг дуудаж, уруу татаагүй. Ээж минь оруулсан юм.
-Та гэртээ юу хийх дуртай вэ?
-Тэгэхээр ийм байна. Надад гэр байхгүй. Би хөлсний
байранд амьдардаг.
-Олимпийн тоглолт танд ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?
-Мэдээж нааштай, сайхан сэтгэгдэл үлдсэн.
-Та хэнийг дагаж дуурайдаг вэ?
-Хэнийг ч дагаж дуурайдаггүй.
-Таны хамгийн дуртай харайлт юу вэ?
-Гүйцэтгэж дуусгасан харайлт.
-Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахад ямар сэтгэгдэл төрсөн
бэ?
-Гайхалтай. Учир нь тэр Ерөнхийлөгч шиг биш, энгийн хүн
шиг л байсан.
Сурагчид гарсны дараа сэтгүүлчид орж ирж, нэрт кино
найруулагч Стивен Спилбергээс Юлияд бичсэн захидлын талаар сонирхсон байна. “Шиндлерийн
бүртгэл” киноны аянд улаан пальтотой охины хийсэн үзүүлбэр бүхний сэтгэлд хүрч,
суут Спилбергийг хүртэл захидал бичихэд хүргэсэн юм. Харамсалтай нь нэрт кино
найруулагч сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн захидлаа Юлия Липницкая охинд хаяглан
илгээсэн ч эзэндээ хүрээгүй аж. Захидлыг хүнээр дамжуулан илгээсэн ч ирээгүй
байгаа гэв.
Тажикистаны иргэдэд гурван жилийн ажлын зөвшөөрөл олгоно
ОХУ-ын Холбооны зөвлөл Орос-Тажикийн Засгийн газар
хоорондын хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулжээ. Оросын газар нутагт ирсэн
тажик иргэдэд нэг жилийн ажиллах эрх олгодог байсныг гурван жил болгон сунгасан
байна. ОХУ-д визгүй орж ирдэг гадаад иргэдэд нэг жилийн ажиллах эрх олгодог
бөгөөд одоогоор зөвхөн тажикуудыг ийнхүү “харж үзсэн” байна. Орост эдүгээ 1.3
сая тажик иргэн амьдарч байна.
Daily Mail: Сочи хий үзэгдэл-хот болжээ
Хэдхэн долоо хоногийн өмнө дэлхийн спортын их баярыг
тэмдэглэн зургаан мянган тамирчинг хүлээн авч бужигнаж байсан Оросын Сочи хот
өнөөдөр хоосон байшин, гудамж, нарлан хэвтэх тэнэмэл ноходтой хий үзэгдэл-хот
болсон тухай Британийн Daily Mail сонин мэдээлэв. Тэнд олимпийн тосгон, дэд
бүтцийг байгуулахын тулд асар их мөнгө, хөрөнгө зарцуулсан юм. Крым дахь үйл
явдал Сочигийн олимпийн амжилт, нөлөөг бууруулсан хэмээн ажиглагчид үзэж байгаа
аж. Эдүгээ хоосорч, эль хуль болсон Сочи хот олон улсын аялал жуулчлалын нэг
чухал орон зай болно гэдэгт итгэхэд бэрх байна хэмээн тус сонинд бичжээ.
Гвинет Пэлтроу нөхрөөсөө саллаа
Холливудын од, дуучин, жүжигчин Гвинет Пэлтроу нөхөр,
Coldplay хамтлагийн дуучин Крис Мартинаас салж буйгаа зарлав. “Ухамсартай
салалт” хэмээн нэрлэсэн тэдний хамтын мэдэгдэл Гвинет Пэлтроугийн хувийн веб
сайт дээр гарчээ. “Бид сэтгэлдээ гунигтайгаар салахаар шийдлээ” хэмээн
мэдэгдэлд онцолсон байв. Тэд шүтэн бишрэгчидээ хандан “Ийм хүнд хэцүү цагт
бидний хувийн амьдралыг хүндэтгэхийг хүсч байна” гэжээ. Пэлтроу, Мартин нар 11
ханилж, хоёр хүүхэдтэй болсон юм.
Киргизид түр Ерөнхий сайдыг томилов
Киргизийн Ерөнхийлөгч Алмаз Атамбаев зарлиг гаргаж
Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгчийг дэд Ерөнхий сайд Жоомарт
Оторбаевийг томиллоо. Тэрээр мөн Эдийн засгийн дэд сайд болон Ерөнхийлөгчийн
албанд гадаад хөрөнгө оруулалт хариуцан ажиллаж байжээ.
Парламентын эвсэл задарч, Засгийн газрын тэргүүн Жанторо
Сатыбалдиева гуравдугаар сарын 25-нд албан тушаалаасаа огцорсон тул үүрэг
гүйцэтгэгчийг томилох хэрэгтэй болсон юм. Засгийн газрын эвсэлд ордог “Ата
Мекен” нам Сатыбалдиевийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж
эвслээс гарсан байна. Үндэстэн хоорондын мөргөлдөөнийг зохицуулахад Засгийн
газар муу ажилласан дүн авч, эвсэл задарсан ажээ.
Каталоны бүх нийтийн санал асуулгыг хууль бус хэмээн
үзжээ
Испанийн Үндсэн хуулийн шүүх Каталон мужийн тусгаар
тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулгыг улс орын Үндсэн хуульд харшилж
байна хэмээн үзжээ. Испанийн аль нэг бүс нутаг өөрсдийнхээ хувь заяаг
тодорхойлох бүх нийтийн санал асуулгыг дангаараа явуулж болохгүй хэмээн хориглож,
Каталоны парламентаас гаргасан бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг
Үндсэн хуульд нийцэхгүй байна хэмээн үзжээ.
Каталоны парламент Испаниас салан тусгаарлах бүх нийтийн
санал асуулга явуулах шийдвэрийг 2014 оны нэгдүгээр сард гаргасан юм. Мужийн
Ерөнхий сайд Артур Масын тэргүүлдэг “CU” нам Каталоныг
тусгаар улс болгохын төлөө зогсож байна. Бүх нийтийн санал асуулгыг Мадридын
төвийн Засгийн газраас хоригловол Каталон муж бие даан санал асуулга явуулна
хэмээн Артур Мас хэлжээ. Барселона нийслэлтэй Каталон мужийн иргэдийн 50 хувь
нь Испаниас салан тусгаарлахыг дэмжиж байгаа ажээ.
Б.Обамагийн бие хамгаалагчид хөөгджээ
АНУ-ын Нууц алба буюу Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны
гурван ажилтан сахилга бат алдаж Голландаас нутаг руугаа хөөгджээ. Тэдний нэг
нь Амстердамын зочид буудлын үүдний танхимд согтуу байж байгаад баригдсаны
дараа гурван ажилтанг нутаг буцаажээ. Тэрээр ухаанаа алдталаа согтсон байсан
бөгөөд нөгөө хоёр хамгаалагчийг “Нэг нь сахилга бат зөрчиж байхад таслан
зогсоогоогүй” хэмээн хамт хөөсөн байна. Тэр гурав бүгд АНУ-ын Ерөнхийлөгчийг
болзошгүй халдлага, довтолгооноос хамгаалах Counter
Assault Team тусгай тасгийн ажилтнууд байжээ. Ерөнхийлөгч Барак Обамаг
Голландад ирэх бэлтгэл ажил, аюулгүй байдлыг хангах үеэр ийм явдал болсон аж.
Павел Глоба: Украин задарч гурван хэсэгт хуваагдана
-Оросын нэрт зурхайч Павел Глоба сүүлийн үеийн чухал үйл
явдлын талаар өөрийн таамаглалаа дэвшүүлж байна-
Украин улс нэгдмэл, тусгаар тогтносон улс байхаа больж
магадгүй хэмээн Оросын зартай зурхайч Павел Глоба хэлж байна. Түүний үзэж буйгаар,
Европын холбоог ч мөн ийм хувь заяа хүлээж байгаа аж. Украин улс эдийн засаг,
улс төрийн хямралаа даван туулж чадалгүй гурван хэсэгт хуваагдана, тэдгээрийн
хоёр нь Оросын бүрэлдэхүүнд орно хэмээн орос зурхайч хэллээ.
“Задрал одоо явагдахгүй. 2014 онд хэдийгээр газар нутгийн
бүрэн бүтэн байдал нь албан ёсоор хадгалагдах ч Украинд бие биенээсээ хараат
бус хоёр засаг захиргаа бий болно, яг л Молдав шиг. Зүүн Украины холбоо Киевт
захирагдахаа больж, үнэн хэрэгтээ Оросын эзэнт гүрний нэг хэсэг болно” хэмээн
Павел Глоба хэлснийг “Новый Регион” агентлаг уламжиллаа.
Европын холбоо бас ийм хувь тавилантай бололтой. “Нэгдмэл Европын холбооны буурин дээр хэд хэдэн холбоо бий болно.
Скандинавын болон Балтийн тэнгисийн орнууд “Ганзейн холбоо”-ны залгамж болох
Хойд холбоог үүсгэнэ. Франц, Итали, Испани Өмнөд Европын холбоог үүсгэн тусдаа
гарна. Европын холбоо гэсэн байгуулал тэсч хоцрох ч зөвхөн цаасан дээр л үлдэнэ”
хэмээн Глоба харж байгаа аж.
Орос зурхайчийн зурлагад бууснаар, цэрэг, улс төрийн
бусад холбоо ч задрах ажээ. “Хямралын төгсгөл үед НАТО-гийн эвсэл ч тэсэхгүй
задрана. Тус эвсэл ойрын үед жаахан хүчирхэгжих ч дараа нь хүч нь суларч
бутарна” хэмээн Глоба хэллээ.
Тэрээр мөн АНУ-ын ирээдүйн талаар төлгө буулгасан байна. “Нэгдсэн
улсыг том хямрал хүлээж байна. Америк лидерийн байр сууриа алдана. Ерөнхийлөгч
Барак Обама халаагаа өгсний дараа АНУ-д хүнд бэрх цаг үе ирэх болно” хэмээн
Павел Глоба онцолжээ. Дорнодод ужгирсан дайн дэгдэж магадгүйг нэрт зурхайч
сануулж байна. “Энэ дайн Ирантай л битгий холбогдоосой гэж бодож байна. Хэрвээ
Ирантай холбоотой дайн дэгдвэл энэ дэлхий дээр жинхэнэ гамшиг нүүрлэж,
терроризмийг хянаж чадахаа болино” гэв.
Орос улс 2014 онд ямар нэг дайнд татагдаж орохгүй хэмээн
тэрээр баталж байна. “Танхай балмад этгээдүүд дэлбэлж тэсэлнэ. Гэхдээ цааш
даамжрахгүй. Энэ он Оросын хувьд дайснуудаа таньж мэдэх он болно” хэмээн Глоба
онцлон тэмдэглэлээ.
Monday, 24 March 2014
Олимпийн автобусуудыг Крымд ашиглана
Sunday, 23 March 2014
Техникийн гайхамшиг
Швейцарьт нэгэн ер бусын автомашиныг зохион бүтээжээ. Энэ
бол sQuba хэмээн нэрлэгдсэн гайхамшигтай хүлэг юм. Энэ хүлэг ердийн замаар явж
чадна. Мөн нэг товчийг нь дарахад л ус руу орж, 10 метрийн гүнд хүртэл шумбаж
чаддаг аж. Шумбагч автомашины нарийн ширийн зүйлийг нанотехнологийн суурин дээр
дээр хийсэн байна. Squba
автомашинаас байгальд хортой юу ч ялгардаггүй ажээ.
АНУ-д 18 хүн сураггүй алга болов
АНУ-ын Сиэтл хотоос 88 км-ийн зайд байдаг Осо сууринд
хөрсний нуралт болсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 18 хүн ор сураггүй алга
болоод байна. Ширүүн борооны улмаас хөрсний нуралт үүсчээ. Хөрсний нуралт бараг
хоёр кв км газрыг хамарч, 30 орчим байшинг сүйтгэлээ хэмээн “Associated Press”
агентлаг уламжлав. Хөрсний нуралт голын урсгалыг боосон
тул суурин үерт автах аюултай болсон аж. Тиймээс эрх баригчид тэр хавийн оршин
суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.
Эрлийн бүсэд “сэжигтэй зүйл” илрүүлжээ
Хятадын нисэх онгоц Малайзийн авиакомпанийн “Боинг 777”
онгоцны эрлийн бүсэд “сэжигтэй зүйл” илрүүллээ хэмээн France Presse агентлаг “Синхуа”-гаас
иш татан мэдээлэв. Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт дөрвөлжин хэлбэртэй цагаан
биет хөвж яваа нь Хятадын нисэх онгоцноос харагдсан аж. Тэрхүү биетийн
координатыг Австралийн эрэл хайгуулын төв рүү илгээсэн байна. Мөн тэр бүс рүү явж
буй Хятадын хөлөг онгоц руу зохих мэдээллийг өгчээ.
Хэд хоногийн өмнө Австралийн баруун эргээс 2500 км-ийн
зайд Энэтхэгийн далайд хоёр биет илрүүлсэн ч юу болохыг нь тогтоож чадаагүй юм.
Австралийн цэргийн дөрвөн нисэх онгоц тэнд очиж хиймэл дагуулын илрүүлсэн хоёр
биетийг хайсан ч юу ч олж чадаагүй юм.
Месси “Эль-Класико”-гийн мэргэн бууч боллоо
Каталоны Барселона клубын довтлогч Лионель Месси Реал
Мадридын эсрэг тоглолтод нэгэн өвөрмөц амжилт тогтоолоо. Өчигдөр “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд болсон тоглолтонд
аргентин хөлбөмбөгч хет-трик хийснээр “Эль-Класико” буюу Реал-Барсагийн халз тулаанд
оруулсан гоол нь 21 болжээ. Энэ хоёр агуу багийн халз тулаанд цагаануудын
домогт довтлогч Альфредо ди Стефано 18 гоол оруулсан амжилтаар нэгдүгээрт
бичигдэж байсан юм. Месси 2008 онд “Камп Ноу” цэнгэлдэхэд болсон “Эль-Класико”-д
бас хет-трик хийж байжээ.
Испанийн La Liga-ийн өчигдрийн тоглолт 3:4-ийн харьцаатай
зочдын ялалтаар өндөрлөсөн юм. Эзэн хааны баг 2:1-ээр тэргүүлж байсан ч
Мессигийн гурван гоол тэдний мөрөөдлийг нураалаа. 29 тойргийн дараа Атлетико
Мадрид хүснэгтийг 70 оноотойгоор тэргүүлж байгаа бол Реал Мадрид 70, Барселона
69 оноотой араас нь нэхэж байна.
Америкууд БНХАУ-ын лидерийг тагнаж байжээ
Америкийн тусгай албад Хятадын харилцаа холбооны
тэргүүлэх компанийн сүлжээнд нэвтэрч, Хятадын Коммунист намын ерөнхий нарийн
бичгийн даргыг тагнаж байсан тухай мэдээлэл цацагдлаа. Вашингтон, Бээжингийн
лидерүүд Голландад уулзахын өмнөхөн ийм шуугиан дэгдсэн ч энэ нь хоёр лидерийн
яриа, хэлэлцээнд нөлөөлөхгүй бололтой.
New York Times болон Германы Spiegel сэтгүүл Америкийн үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) Хятадын харилцаа холбооны
аварга компани Huawei-ийн дотоод сүлжээ рүү нэвтэрсэн тухай нууц мэдээллийг нийтэлсэн байна. Америкууд мөн Хятадын лидер асан Ху Жинтаогийн цахим
шууданд нэвтрэх гэж оролдож байсан аж. Эдвард Сноудений задруулсан энэхүү нууц
баримт, материал 2010 онд хамаатай. Тэр үед NSA болон Америкийн нууц албад
Shotgiant хэмээх тусгай ажиллагаа явуулжээ. Ажиллагааны гол зорилго нь Huawei
компани болон Хятадын ардын чөлөөлөх армийн дотоод сүлжээ рүү нэвтрэх. Мөн тус
компанийн дэлхий дахинд нийлүүлдэг компьютер, телефон холбооны тоног
төхөөрөмжийг ашиглан өргөн хүрээтэй мэдээлэл цуглуулах зорилготой байжээ. Huawei дэлхийн хүн амын гуравны нэгд нь зориулан роутер, интернэт дамжуулагч, харилцаа холбооны төхөөрөмж үйлдвэрлэдэг тул Хятадын
компанийн бүтцэд нэвтрэх нь NSA-д тун чухал байв.
Өрнөдийн хэвлэлүүд Shotgiant ажиллагааг хайр найргүй
шүүмжилж байна. АНУ өөрийн улсын фирмүүдэд Хятадын компанийн бүтээгдэхүүнийг
худалдаж авахыг хориглосон байдаг. Мөн Австрали зэрэг холбоотнуудаа ч Хятадын
компанитай гэрээ хийхийг хориглодог билээ. Хятадын тоног төхөөрөмж бусад улс
орны харилцаа холбооны объектэд суурилагдвал тэдгээр улсын төрийн нууцад
нэвтрэх “Хар хонгилийн хаалга” Бээжингийн өмнө нээгдэнэ хэмээн Вашингтон хэлдэг
аж. Гэтэл тэд өөрсдөө Хятадын сүлжээ рүү “Хар хонгил” гаргах гэж оролдсон
бололтой.
Хятадын эсрэг кибер тагнуулын ажиллагаа зөвхөн цэрэг,
технологийн мэдээлэл цуглуулахаас хязгаарлагдсангүй. Үндэсний аюулгүй байдлын
агентлагийн овоо хараанд 2010 онд Хятад ард улсын дарга, Хятадын Коммунист
намын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жинтао өртөж байжээ. Америкийн тагнуулчид
түүний цахим шуудан руу нэвтэрч байсан тухай Сноудений задруулсан нууц баримт,
материалд байгаа аж. Б.Обама, Си Жинпиний уулзалтын өмнөхөн ийм мэдээлэл
цагцагдсан нь тохиолдол уу? Тэд цөмийн аюулгүй байдал төдийгүй Украин дахь
хямрал, оросууд Хар далайн хойгийг нэгтгэсний үр дагаварыг ч бас хэлэлцэнэ.
Хятад улс Оросыг чимээгүйхэн дэмжиж байгаа ч АНУ болон
Европтой харилцаагаа муутгахыг хүсэхгүй байна. Тэд энэ асуудалд зуучлагчийн
байр сууринаас оролцох бодолтой байна. Хэдийгээр америкууд Хятадын пүүс
компани, лидерүүдийг тагнаж чагнасан гэх мэдээлэл тарж байгаа ч хоёр улс үүнээс
болж хэзээ ч муудалцахгүй хэмээн тоймч, ажиглагчид үзэж байгаа юм. Тэд
муудалцаж, маргалдсан ч аюултай шугаманд хэзээ ч хүрэхгүй гэдгээ сайн мэдэж
байгаа бололтой.
Saturday, 22 March 2014
Венесуэльд дахин хоёр хүн амь
насаа алдлаа
Венесуэльд үргэлжилсээр байгаа
Засгийн газрын эсрэг жагсагчид, цагдаа нарын хоорондох мөргөлдөөнд дахин хоёр
хүн амь насаа алджээ. Жагсагч Архенис Эрнандес гэдсэндээ буудуулан амиа алдсан
байна. Түүнийг зам дээр хаалт саад босгож байхад автомашинтай явж байсан нэг
этгээд түүн рүү буудсан аж.
Сан-Кристобаль хотод болсон жагсаалын үеэр
жагсагчид, цагдаа нар буудалцаж, автобусны жолооч Вилфредо Рей бууны суманд
өртөн амьсгал хураажээ. Венесуэль дахь мөргөлдөөнд нийтдээ 30 гаруй хүн амь
насаа алдаад байна. Сүүлийн нэг сард эсэргүүцлийн жагсаал цуглааны улмаас улс
оронд арван тэрбум долларын хохирол учраад байна хэмээн Ерөнхийлөгч Николас
Мадуро мэдэгдлээ.
Мадридад эсэргүүцлийн жагсаал
болов
Испанийн нийслэл Мадрид хотод
цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн болж 88 хүн гэмтэж бэртлээ. Тэдний 55 нь
цагдаа юм. Есөн цагдаа, найман жагсагч эмнэлэгт хүргэгджээ. Колумбын болон
Сибелес талбайд хамгийн том мөргөлдөөн болжээ.
Засгийн газраас явуулж буй
эдийн засгийн хатуу бодлого болон ажилгүйдлийг эсэргүүцсэн иргэд гуравдугаар
сарын 22-нд нийслэл хотод “Нэр төрийн жагсаал” зарлаж, улс орны өнцөг булан
бүрээс хэдэн мянган хүн ирээд байжээ. Тус улсад ажилгүйдэл 26 хувьд хүрээд
байгаа нь Европын холбоон доторх хамгийн өндөр үзүүлэлт юм.
Гвинейд Эбола тахал дэгджээ
Баруун Африкийн Гвиней улсад Эбола
тахал дэгдэж 59 хүн нас бараад байна. Тахал улс орны өмнөд хэсэгт, Сьерра-Леон
улсын хил орчимд дэгджээ. Анхны тохиолдол хоёрдугаар сард бүтгэгдсэн ч тухайн
үед Эбола тахал гэдгийг тогтоож чадаагүй аж. Хэд хоногийн дараа Францын Лион
хотын лабораторид үүнийг Эбола тахал болохыг тогтоосон байна. Гвиней улсын
тахлын бүсэд “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын 24 мэргэжилтэн ажиллаж
байгаа юм.
Мөн хөрш Сьерра-Леон улсад
Эбола тахалтай адил хэд хэдэн тохиолдол илэрчээ. Тус улсын эрх баригчид аймшигт
өвчин хил даван орж ирсэн эхэсийг шалгаж байгаа аж. Дотуур цус алдуулдаг Эбола
тахал анх 1976 онд Судан, Заирт (одоогийн Конгын бүгд найрамдах ардчилсан улс) гарч байжээ. Ийм өвчин туссан
хүмүүсийн 90 хувь нь хорвоог орхидог байна.
Хойд Солонгос дахин 16 пуужин
харвалаа
МН370 нислэгтэй хамт алга
болсон мөрөөдлүүд
Хятадын даатгалын China Life компанийн ажилтан, хатагтай Жэн
Рюсян гуравдугаар сарын 8-нд гэртээ харихаар Malaysian
Airlines авиакомпанийн МН370 нислэгээр
Куала-Лумпураас Бээжин рүү хөөрчээ. Тэрээр яг энэ өдөр 42 нас хүрч байсан юм.
Гэвч МН370 нислэгийн “Боинг 777” нисэх онгоц сураггүй алга болж, эрэл хайгуул
үргэлжилсээр байна. Австралийн баруун эргээс хоёр мянга гаруй км хол Энэтхэгийн
далайд нисэх онгоцны сэг байж болох хоёр зүйл хиймэл дагуулаар илрүүлсэн ч
тэрийг олж, гаргаж авч чадсангүй. Эрлийн багийнхан тэрхүү бүсэд очиж дөрөв дэх
өдрөө хайгуул хийж байгаа ч хиймэл дагуулаар илрүүлсэн тэдгээр зүйлсийг олж
чадахгүй байна. Malaysian Airlines-ийн 239 хүнтэй (227 зорчигч, нисэх багийн 12 гишүүн) нисэх онгоц учир битүүлгээр
алга болж, яасан нь мэдэгдэхгүй ээдрээтсэн 239 амь, амьдралын нэг нь энэхүү 42
насныхаа босгонд хүрсэн хятад бүсгүй байсан юм. Зорчигчдын дийлэнх нь буюу 153
нь хятад иргэн байсан. Нисэх онгоц сураг алдраад 14 хонож байна.
Тэдгээрийн ихэнх нь эгэл, жирийн
амьдралтай иргэд байсан ч салбартаа тодорч, гялалзсан цөөнгүй хүн байжээ.
Хятадын Мэдээлэл технологийн яамны Мэдээллийн аюулгүй байдлын төвийн 27 настай
ажилтан Ван Ионган тэдний нэг. Тэрээр асар их мэдлэг, туршлагаа хуваалцаж,
сургалт явуулахаар гуравдугаар сарын 4-нд Малайз улсад ирээд байсан юм. Ван
Ионган 2004 онд Бүх Хятадын мэдээлэл зүй, компьютерийн улсын уралдаанд
нэгдүгээр байр эзэлж байжээ. Ажил мэргэжлийн хувьд ёстой л цойлж явсан хятад залуу
энэ онд найз бүсгүйтэйгээ гэрлэх гэж байсан аж.
Адал явдалтай, зодоонтой киноны
хамгийн аймшигтай хэсэгт тоглодог орлон жүжигчин Жу Кун мөн л салбартаа өндөр
амжилтад хүрээд байв. Тэрээр Weibo дахь хуудсандаа Хонконгийн нэрт кино найруулагч Вон
Карвайн “The Grandmasters” хэмээх зодоонтой кинонд тоглох болсноо бахархалтайгаар
өгүүлж байсан юм. Итгэмээргүй, аймшигтай зодоон нүдээнээс шалбархай ч үгүй гарч
чаддаг мастер Жу Кун Malaysian Airlines-ийн МН370 нислэгийн учир битүүлэг хувь заяанаас
зайлж чадсангүй.
Хэнань мужийн Жэнжоугийн уугуул
Ху Сяонин, түүний гэргий Жан На нар ч мөрөөдлөө гүйцээж чадалгүй сураггүй алга
болоод байна. Тэд гурван настай Сиван охиндоо хамаг бүхнээ зориулдаг тухайгаа
эхнэр нь өөрийн блогтоо бичиж үлдээсэн байв. Сиван гэдэг нь мандарин хэлээр “авъяаслаг,
төгс төгөлдөр” гэсэн үг аж. МН370 нислэгийн хамтаар сураггүй болоод хоёр долоо
хонож байгаа эцэг эх нь охиноо өхөөрдөн Панпан (Итгэл найдвар) хэмээн дууддаг байжээ.
“Боинг 777” нисэх онгоц
харилцаа холбоогоо тасалсны дараа чиглэлээ санаатайгаар өөрчлөн ниссэн тухай Малайзийн
Ерөнхий сайд Нажиб Разак мэдэгдсэн билээ. Үүнийг сонссон зорчигчдын ар
гэрийнхэн “Нисэх онгоцыг хаа нэгтээ буулган барьцаалсан байж магадгүй. Хүмүүс
амьд байгаа ч юм билүү” хэмээн өчүүхэн ч болтугай найдвар тээх болсон юм.
Гэвч МН370 нислэгийн талаар
ямар нэг сураг сонсогдсонгүй, хэн нэг нь аврал тусламж эрж дуудсангүй өдөр хоног
өнгөрсөөр.
Жан Жин бүсгүйн гэр бүл ч нисэх
онгоцны сургийг харуулдан харамсан сууж байна. Түүний нөхөр Жао Пэн Сингапурт
нэг жил ажилласныхаа дараа гэртээ харихаар эргэж, Куалу-Лумпураар дамжин тэрхүү
нисэх онгоцонд суужээ. Тэрээр онгоцонд суухаасаа өмнө нисэх буудал дээрээс
эхнэр рүүгээ утасдаж компьютерээр дүрсээ харан ярилцая гэсэн аж. Гэвч эхнэр нь “Маргааш
тэртэй тэргүй уулзаад ярилцая” гээд хойшлуулжээ. Шөнө орой болсон байсан тул
хүүхдээ сэрчих вий гэж бодсон аж. Эдүгээ Жан Жин бүсгүй нөхөртэйгээ ярилцах
минь яав даа хэмээн харамсаж буй нь лавтай.
Thursday, 20 March 2014
Б.Обама: Украинд цэргийн үйл ажиллагаа явуулахгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Украин дахь нөхцөл байдалд
Америкийн цэргийн оролцоо шаардлагагүй хэмээн үзэж байна. Тэрээр NBC телевизэд
ярилцлага өгөхдөө “Бид Украинд цэргийн үйл ажиллагаа явуулах бодолгүй байна.
Америк, Орос хоёр байлдана гэдэг байж болшгүй зүйл. Үүнийг бүгд ойлгож байгаа
биз” хэмээн онцолжээ. Гэвч Вашингтоны тал Оросын эсрэг эдийн засгийн нэмэлт
хориг арга хэмжээ авахаас татгалзахгүй гэдгийг дуулгав.
Москвагийн Крым дахь үйлдлийн төлөө АНУ Орос, Украины 11
түшмэлийн эсрэг хориг арга хэмжээ аваад байна. Тэдний гадаад дахь дансыг
түгжих, визийн хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээ авчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч
В.Путиний зөвлөх Сергей Глазьев, Владислав Сурков, дэд Ерөнхий сайд Дмитрий
Рогозин, Холбооны зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенко, эрх мэдлээсээ
зайлуулагдсан Украины Ерөнхийлөгч Виктор Янукович нар үүнд багтсан юм. Мөн АНУ
Оростой цэргийн хамтын ажиллагаагаа зогсоосон билээ.
Селин Дионы нөхөр хүндээр өвджээ
Канадын нэрт дуучин Селин Дионы нөхөр Рене Анжелилд 1999
онд хоолойны хорт хавдар илэрсэн билээ. Түүнийг мэс засалд оруулж, химийн
эмчилгээ хийж өвчнийг холдуулсан ч бүр алга болоогүй юм. Өнгөрсөн оны эцсээр Ренегийн
хорт хавдар дахисан нь тогтоогджээ. Цаг алдалгүй мэс засалд орсон бөгөөд эмч
нар цаашдын төлөв байдлын талаар дүгнэлт хийхээс татгалзаж байгаа аж.
Харин Селин Дион тэр цагаас хойш хайртай нөхрөөсөө алхам
ч холдсонгүй. Тэд 20 жилийг хамтдаа туулж, гурван хүүхэдтэй болсон билээ. Тэд
эдүгээ Лос-Анжелес хотод гэр бүлийн тансаг эдлэндээ амьдарч байна. Селин Дион
сүүлийн жилүүдэд олон концерт тоглож хэдэн зуун сая долларын орлого цуглуулсан
билээ. Дуучин бүсгүй эдүгээ 45 настай, харин нөхөр Рене Анжелил нь 27 насаар ах
юм.
Афганистаны цагдаа халдлагад өртөв
Афганистаны Жалалабад хот дахь цагдаагийн хэсгийг амиа
золиослогч этгээдүүд довтолжээ. Халдлагын улмаас дор хаяж хоёр хүний амь
үрэгдээд байна. Террористууд цагдаагийн хэсгийг довтлохоосоо өмнө зогсоол дээрх
автомашиныг дэлбэлсэн аж. Хоёр хоногийн өмнө Афганистаны хойд нутгийн Майман
хотод амиа золиослогч бөмбөг дэлбэлж 15 хүн амь насаа алдсан байна. Ерөнхийлөгч
Хамид Карзай талибуудтай тохиролцоонд хүрэхээр хэлэлцээ хийж байгаа ч олигтой
амжилт олохгүй байгаа юм. Холбоотны цэрэг тус улсыг орхин гарсны дараа нөхцөл
байдал улам муудна хэмээн тоймчид үзэж байна.
Google-ийн
тэргүүн: АНУ интернэтийг тагнаж байгаа нь ардчилалд заналхийлж байна
АНУ-ын Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын
агентлагаараа (NSA)
дамжуулан интернэтийг тагнаж чагнаж байгаа нь ардчилалд
учирч буй аюул заналхийлэл хэмээн Америкийн Google корпорацийн тэргүүн Ларри
Пейж мэдэгдлээ. “АНУ-ын Засгийн газар энэ бүгдийг нууцаар хийж буй нь тун
хачирхалтай байна. Интернэт ашигладаг хүмүүсийг Засгийн газраас хамгаалах
хэрэгтэй болвол бид ардчилсан нийгэмд амьдарна гэж бодохгүй байна” хэмээн
тэрээр өгүүлэв.
NSA
болон бусад тусгай алба цахим ертөнцөд тагнуул хийх зайлшгүй шаардлагатай
хэмээн тайлбарладаг аж. Үндэсний аюулгүй байдлын
агентлаг Yahoo, Apple, Google, Microsoft, Facebook, AOL дахь хэрэглэгчдийн
цахим шуудан, хувийн мэдээлэл зэргийг Prism програмын тусламжтайгаар хянаж,
тагнадаг нь ил болсон билээ.
Ливийн Дотоод хэргийн сайдын орлогч хулгайлагджээ
Ливийн Дотоод хэргийн сайдын орлогч Бахлюль Сейид нийслэл
Триполи хотын Тажур дүүргээс хулгайлагдсан тухай Libya
Herald сонин мэдээлэв. Сайдын орлогч Ливийн тзр Засгийн
газраас гарах хүсэлтээ илэрхийлээд буцаад явж байхад нь үл мэдэгдэх этгээдүүд
барьцаалж авч явжээ. Түүнийг хаашаа авч явсан нь тодорхойгүй байна. Ямар нэг бүлэглэл,
хүмүүс энэ хэргийн хариуцлагыг хүлээсэнгүй. Сайдын орлогч хулгайлагдаад хэд
хонож байгаа ч түүнийг чөлөөлөх болзлыг санал болгосон зүйл байхгүй байгаа
ажээ.
“УДАР” намын нэр дэвшигчээ зарлана
“УДАР” нам ирэх долоо хоногт Украины Ерөнхийлөгчийн
сонгуульд нэр дэвшигчээ зарлана хэмээн тус намын лидер Виталий Кличко мэдэгдлээ.
Тус нам ирэх долоо хоногт их хурлаа хийж,
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө батлах бололтой. “Манай
улсад олон чиглэл, салбарт өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй байна. Украины хүчин
чадал асар их. Эхлээд амьдрал, үнэ цэнийн стандартад нийцсэн Европын орчин
үеийн улс орныг бий болгох хэрэгтэй байна: Үүний төлөө л хүмүүс жагсаж, эсэргүүцэж
байсан” хэмээн В.Кличко ярилаа. “УДАР” намаас Виталий Кличког Украины
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ хэмээн ажиглагчид үзэж байна.
Хуурамч эмнэлэгтэй тэмцэж байна
Бангладешийн Засгийн газар өвчтөнийг эмчлэх зөвшөөрөлгүй
хэдэн зуун хуурамч эмнэлэг, эмч нарын эсрэг тэмцэх кампанит ажлыг эхлүүллээ.
Цагдаа нар хэд хоногийн өмнө хорт хавдрыг эмчлэх үйлчилгээг санал болгож байсан
хуурамч эмнэлгийг илрүүлэн хаасны дараа энэхүү кампанит ажил эхэлсныг албан
ёсоор зарласан юм. Уг эмнэлэг нийслэл Дакка хот дахь Засгийн газрын төв
эмнэлгийн хажууханд ажиллаж байжээ. Зөвшөөрөлгүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж
байгаа хүмүүст оноох ялыг чангатгахаар болж байгаа аж.
Кейт Уинслетийн од Холливудын өргөн чөлөөнд заларлаа
“Титаник”-ийн дүрээр дэлхий дахинд танигдсан жүжигчин
Кейт Уинслет Холливудын өргөн чөлөөнд одтой боллоо. Тэрээр өнгөрсөн оны
аравдугаар сард гурав дахь хүүхдээ төрүүлсэн билээ. Уинслет төрснөөсөө хойш анх
удаа олны гарахдаа Холливуд дахь одныхоо хажууд зургаа авахуулжээ. Ийнхүү
Холливуын өргөн чөлөөн дахь 2520 дахь од нь “Титаник”-ийн Роузынх боллоо.
Одныхоо дэргэд зураг авахуулж байхад Лос-Анжелес хотод 4.4 баллын хүчтэй газар
хөдөлжээ. Гэвч Уинслет чамин богино
улаан даашинзтай улаан хивсэн дээр гарч ирэхэд энэ нь саад болсонгүй. “Энэ ийм
гайхалтай, олон хүн цугласан үйл явдал болдог гэж ёстой мэдсэнгүй. Ирсэн
хүмүүст талархлаа” хэмээн Кейт хэллээ. Тэрээр газар хөдлөхөд айсан гэдгээ
нуусангүй.
Валерий Леонтьев 65 хүрлээ
Зөвлөлт, Оросын эстрадын алдарт дуучин, Оросын ардын
жүжигчин Валерий Леонтьев гуравдугаар сарын 19-нд 65 нас хүрчээ. Тэрээр 22
настайдаа бүс нутгийн “Песня-72” уралдаанд түрүүлж суут дуучны замналаа
эхлүүлсэн юм. Харин 1980 онд Ялтад болсон хөгжмийн наадамд түрүүлснээр Оросын
холбооны улс даяар нэр алдах нь түгжээ.
Тэрээр дуучны урт удаан замналдаа 19 цомог бичүүлсэн нь
хэдэн сая хувиар борлогдож байв. Хамгийн сүүлчийн “Падаю в небеса” цомгоо 2005
онд гаргажээ. В.Леонтьев суут Раймонд Паулс, Юрий Чернавский, Игорь Крутой нарын
дууг дуулж, урлагийн олон шагналын эзэн болж байв.
Селин Дионы нөхөр хүндээр өвджээ
Канадын нэрт дуучин Селин Дионы нөхөр Рене Анжелилд 1999
онд хоолойны хорт хавдар илэрсэн билээ. Түүнийг мэс засалд оруулж, химийн
эмчилгээ хийж өвчнийг холдуулсан ч бүр алга болоогүй юм. Өнгөрсөн оны эцсээр Ренегийн
хорт хавдар дахисан нь тогтоогджээ. Цаг алдалгүй мэс засалд орсон бөгөөд эмч
нар цаашдын төлөв байдлын талаар дүгнэлт хийхээс татгалзаж байгаа аж.
Харин Селин Дион тэр цагаас хойш хайртай нөхрөөсөө алхам
ч холдсонгүй. Тэд 20 жилийг хамтдаа туулж, гурван хүүхэдтэй болсон билээ. Тэд
эдүгээ Лос-Анжелес хотод гэр бүлийн тансаг эдлэндээ амьдарч байна. Селин Дион
сүүлийн жилүүдэд олон концерт тоглож хэдэн зуун сая долларын орлого цуглуулсан
билээ. Дуучин бүсгүй эдүгээ 45 настай, харин нөхөр Рене Анжелил нь 27 насаар ах
юм.
Subscribe to:
Comments (Atom)

































