Египетэд “Хамас”-ыг хориглов
Египетийн шүүх гуравдугаар сарын 4-нд
Палестины “Хамас” бүлэг улс орны газар нутаг дээр ямар нэг үйл ажиллагаа
явуулахыг хориглосон шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг гаргасан шүүгч нэрээ
зарлахаас татгалзжээ. “Хамас” бүлэг эдүгээ Египетэд хориглогдоод байгаа “Лалын
ахан дүүс” хөдөлгөөнтэй нягт холбоотой байдаг учраас дээрх шийдвэрийг гаргасан
аж. Египетийн өнөөгийн эрх баригчид улс орон дахь нөхцөл байдлыг тогтворгүй
болгох зорилготой, терроризмд сэжиглэгдсэн лалын байгууллагуудын эсрэг өргөн
хүрээтэй кампанит ажил явуулж байна.
Газын зурвасыг хянадаг “Хамас” бүлэг бүх
түүхийнхээ туршид Египетийн эрх баригчид болон лалын байгууллагуудтай нь нягт
харилцаатай явж ирсэн юм. Газын зурваст орж ирдэг зэр зэвсэг болон импортын
бараа бүтээгдэхүүний ихэнх нь Египетээс орж ирдэг ажээ.
Орос, Украины тэрбумтнууд бирж дээр 13 тэрбум
доллараа алджээ
Орос, Украины тэрбумтнууд гуравдугаар сарын
3-ний хөрөнгийн биржийн худалдаан дээр 12.8 тэрбум доллараа алдлаа хэмээн
Bloomberg мэдээлэв. Хамгийн их хохирлыг Геннадийн Тимченко, Леонид Михельсон
нар алджээ. Тэдний эзэмшлийн “Новатэк” корпорацийн хувьцааны үнэ 18 хувиар
унаж, 3.2 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна. Новолипецкийн төмөрлөгийн
үйлдвэрийн эзэн Владимир Лисин 1.2 тэрбум доллар алджээ. “Лукойл”-ын ерөнхийлөгч
Вагит Алекперов 960 сая, Украины тэргүүн баян Ринат Ахметов 700 сая доллараа
биржийн наймаан дээр алдаад байна.
ОХУ-ын Холбооны зөвлөл Ерөнхийлөгч В.Путинд
Украинд цэрэг оруулах эрх олгосны дараа Москвагийн болон бусад хөрөнгийн
биржийн ханш 11 хувиар унажээ. Дэлхийн 300 тэрбумтан нэг өдрийн дотор нийтдээ
44.4 тэрбум доллараа алдсан байна. Microsoft-ийг үндэслэгч Билл Гейтс гэхэд л
527 сая доллараа нэг өдөрт алджээ.
Марихуан хадгалсны төлөөх шийтгэлийг
зөөлрүүлэв
Вашингтон хотод бага хэмжээний марихуан
хадгалсныг гэмт хэрэг гэж тооцохоо больж байна. Тус хотын иргэн 28 граммаас
бага марихуан авч яваад баригдвал гэмт хэрэг гэж үзэхээ больж байгаа аж. Үүний
оронд 25 доллараар торгохоор болж байгаа юм. Энэ шийдвэрийг хотын зөвлөлийн 11
гишүүн дэмжиж, зөвхөн нэг нь эсэргүүцсан байна. Харин олон нийтийн газар
марихуан хэрэглэвэл гэмт хэрэгт тооцож, 60 хоног хорьж, 500 долларын торгууль
ногдуулах шийдвэр хэвээр байгаа юм.
Дэлхийн хамгийн өндөр настан 116 хүрлээ
Манай гаригийн хамгийн өндөр настай эмэгтэй,
Японы уугуул Мисао Окава 116 нас хүрлээ хэмээн France Presse агентлаг мэдээлэв.
Осака хотын хөгшчүүдийн асрамжийн газарт амьдардаг Мисао эмээ дээр хотын
захиргааны тэргүүн зочлон ирж, баглаа цэцэг гардуулжээ.
“Өндөр насныхаа талаар юу бодож байна даа”
гэж түүнээс асуухад япон эмээ “Их л цаг хугацааг туулснаа мэдэрч байна” хэмээн
хариулав. Японууд өндөр насладгаараа алдартай. Хамгийн өндөр настнаар нэрлэгдэж
байсан Кимура өвөө 2013 оны зургадугаар сард 116 насандаа өөд болсон билээ.

No comments:
Post a Comment