Wednesday, 26 March 2014



Киргизид түр Ерөнхий сайдыг томилов

Киргизийн Ерөнхийлөгч Алмаз Атамбаев зарлиг гаргаж Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгчийг дэд Ерөнхий сайд Жоомарт Оторбаевийг томиллоо. Тэрээр мөн Эдийн засгийн дэд сайд болон Ерөнхийлөгчийн албанд гадаад хөрөнгө оруулалт хариуцан ажиллаж байжээ.
Парламентын эвсэл задарч, Засгийн газрын тэргүүн Жанторо Сатыбалдиева гуравдугаар сарын 25-нд албан тушаалаасаа огцорсон тул үүрэг гүйцэтгэгчийг томилох хэрэгтэй болсон юм. Засгийн газрын эвсэлд ордог “Ата Мекен” нам Сатыбалдиевийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж эвслээс гарсан байна. Үндэстэн хоорондын мөргөлдөөнийг зохицуулахад Засгийн газар муу ажилласан дүн авч, эвсэл задарсан ажээ.

Каталоны бүх нийтийн санал асуулгыг хууль бус хэмээн үзжээ

Испанийн Үндсэн хуулийн шүүх Каталон мужийн тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулгыг улс орын Үндсэн хуульд харшилж байна хэмээн үзжээ. Испанийн аль нэг бүс нутаг өөрсдийнхээ хувь заяаг тодорхойлох бүх нийтийн санал асуулгыг дангаараа явуулж болохгүй хэмээн хориглож, Каталоны парламентаас гаргасан бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг Үндсэн хуульд нийцэхгүй байна хэмээн үзжээ.
Каталоны парламент Испаниас салан тусгаарлах бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг 2014 оны нэгдүгээр сард гаргасан юм. Мужийн Ерөнхий сайд Артур Масын тэргүүлдэг CU” нам Каталоныг тусгаар улс болгохын төлөө зогсож байна. Бүх нийтийн санал асуулгыг Мадридын төвийн Засгийн газраас хоригловол Каталон муж бие даан санал асуулга явуулна хэмээн Артур Мас хэлжээ. Барселона нийслэлтэй Каталон мужийн иргэдийн 50 хувь нь Испаниас салан тусгаарлахыг дэмжиж байгаа ажээ.

Б.Обамагийн бие хамгаалагчид хөөгджээ


АНУ-ын Нууц алба буюу Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны гурван ажилтан сахилга бат алдаж Голландаас нутаг руугаа хөөгджээ. Тэдний нэг нь Амстердамын зочид буудлын үүдний танхимд согтуу байж байгаад баригдсаны дараа гурван ажилтанг нутаг буцаажээ. Тэрээр ухаанаа алдталаа согтсон байсан бөгөөд нөгөө хоёр хамгаалагчийг “Нэг нь сахилга бат зөрчиж байхад таслан зогсоогоогүй” хэмээн хамт хөөсөн байна. Тэр гурав бүгд АНУ-ын Ерөнхийлөгчийг болзошгүй халдлага, довтолгооноос хамгаалах Counter Assault Team тусгай тасгийн ажилтнууд байжээ. Ерөнхийлөгч Барак Обамаг Голландад ирэх бэлтгэл ажил, аюулгүй байдлыг хангах үеэр ийм явдал болсон аж. 

No comments:

Post a Comment