Monday, 3 March 2014




Англи хөлбөмбөгчид дэлхийн аваргад эхнэрээ авч явж болно

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Рой Хожсон тоглогчиддоо эхнэр, найз охиноо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд авч явахыг зөвшөөрчээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ зун Бразилд болно. “Найз хүүхнээ, эхнэрээ авч явахыг зөвшөөрч байгаа. Гэхдээ Бразилд аюулгүй байдалдаа анхаарахад илүүдэхгүй биз” хэмээн Хожсон ярилаа. Ихэнх шигшээ багийн дасгалжуулагчид эхнэр, найз охиноо тэмцээнд дагуулж явахыг тоглогчиддоо зөвшөөрдөггүй ажээ.

Д.Кэмероны туслах хүүхдийн порнографын хэргээр баривчлагдав

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны ойрын туслахуудын нэг байсан Патрик Рок хүүхдийн порнографтай холбоотой хэргээр баривчлагдлаа хэмээн Telegraph сонин мэдээлэв. Патрик Рок Британийн Засгийн газарт интернэт дахь хүүхдийн поронграфтай тэмцэх асуудал хариуцдаг байжээ. Цагдаа нар өнгөрсөн сард Даунинг-стрит дахь Ерөнхий сайдын өргөөн дахь компьютерүүдийг шалгасны дараа Патрикийг баривчилжээ. Тэрээр энэ явдлын дараа албан тушаалаасаа шууд огцорсон аж. Патрик Рок нь сүүлийн 20 жилийн туршид Дэвид Кэмероны хамгийн ойрын туслах, зөвлөхүүдийн нэг байсан юм.

Б.Обама Оросыг буруутгав

Оросууд Крымд цэргээ оруулснаар буруу зам сонголоо хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв. Тэрээр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг хүлээн авахаасаа өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа, ОХУ Украины талаарх бодлгоо өөрчлөхгүй бол АНУ дипломат, эдийн засгийн арга хэмжээ авах боломжийг судална хэмээн онцолжээ.
“Цаг хугацаа өнгөрөх тусам энэ шийдвэр Оросын хувьд үнэтэй тусах болно. Одоо тэд үүнийгээ эргэн харж хүчээр бус, дипломат арга замыг сонгох цаг нь боллоо” хэмээн Цагаан ордны тэргүүн хэллээ. АНУ Оростой цэргийн хамтын ажиллагаагаа, мөн худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээгээ зогсоох шийдвэр гаргажээ.

Хүний махан хоолтой зоогийн газрыг хаажээ

Нигерийн өмнөд хэсгийн Анамбра мужид хүний махан хоол санал болгож байсан нэгэн зоогийн газрыг хаажээ. Ийм хоолтой газар байна гэсэн мэдээллийн мөрөөр цагдаа нар очиж шалгасан байна. Хуулийн байгууллагын ажилтнууд эл зоогийн газарт шалгалт хийхэд ширээн дээр хүний шарсан толгой, хөргөгчнөөс хүний жижиглэсэн мах гарч иржээ.
Орон нутгийн нэг ламтан “Би тэр газарт хоол идсэний дараа миний тооцоо их өндөр гарсан. Яагаад вэ гэж асуутал зоогийн газрын ажилтнууд “Хүний махтай хоол идсэн учраас” гэж хэлсэн. Би шууд л бөөлжсөн” хэмээн цагдаа нарт ярьсан байна. Нигерийн өмнөд нутагт лалын халифат улс байгуулахын төлөө тэмцдэг “Боко Харам” бүлгийнхнийг уг зоогийн газарт хүний мах нийлүүлсэн хэмээн үзэж байгаа аж.

Сингапур – дэлхийн хамгийн үнэтэй хот

Эдийн засагчдын дунд явуулсан судалгаагаар, 2014 оны дэлхийн хамгийн үнэтэй хотоор Сингапур шалгарчээ. Сингапурын тогтвортой валют, хотод автомашин хэрэглэх, байр хөлслөх зэрэг өндөр өртөг нь Сингапурыг хамгийн үнэтэй хотоор шалгаруулж, Токиог нэгдүгээр байрнаас нь буулгажээ. Тэдний араас Парис, Осло, Цюрих, Сидней шалгарсан байна. Харин Энэтхэгийн том хотууд хамгийн хямд, ажиллаж, амьдрахад хамгийн өртөг багатай хотоор нэрлэгджээ. 

No comments:

Post a Comment