Saturday, 29 March 2014




Мексикт 370 орчим цагаач хүүхдийг аварчээ

 

Мексикийн эрх баригчид долоо хоногийн дотор АНУ хүрэх замдаа залилуулж хяагдсан 370 хүүхдийг цагаач хүүхдийг илрүүлсэн байна. Мексикийн 14 мужаас тэдгээр хүүхдийг олж авсан бөгөөд хамгийн бага нь есөн настай байжээ. Хүүхдүүд АНУ руу гаргаж өгнө гэсэн хүмүүст гурван мянган доллар төлсөн ч хил хүрэх замд хаягдсан байв. Тэдгээр хүүхэд ихэд ядарч, хөл нь гэмтэж, ангаж цанган, зүг чигээ алдсан байжээ.

 

Бирм хүн амаа тоолж байна

 

Бирм улс сүүлийн 30 жилд анх удаа хүн амаа тоолж эхэллээ. Хэдийгээр зарим нам, бүлэг “Хүн амын тоололт үндэстэн хоорондын мөргөлдөөнийг дэврээж магадгүй” хэмээн сануулж байсан ч эрх баригчид тооллогыг эхлүүлээд байна. Өчигдөр эхэлсэн тооллого дөрөвдүгээр сарын 10-нд дуусна хэмээн тооцоолж байна. Голдуу сургуулийн багш нар хүн амын тооллого хийж байгаа бөгөөд тэд 12 сая орон гэрээр орох хэрэгтэй болжээ.


Куньмин дахь аллагын эздийг баривчилжээ

Хятадын цагдаа Куньмин хотын төмөр замын буудал дээр олон хүнийг хутгалан алсан аймшигт хэргийг зохион байгуулсан байж болох гурван этгээдийг баривчилжээ. Хутгаар зэвсэглэсэн этгээдүүд 29 хүний аминд хүрсэн билээ. Дотоод хэргийн яам баривчлагдсан гурван хүн нь хэн болох, ямар үндэстэн гэдгийг зарлахаас татгалзав. Террорист халдлага хэмээн үзэж буй энэ аймшигт хядлагад найман хүн оролцсон хэмээн мэдэгдлээ.

Төмөр замын буудал дээр аллага үйлдсэн хүмүүс нь Шинжааны салан тусгаарлагчид хэмээн хэвлэлүүд таамаглаж байна. Аллага үйлдсэн этгээдүүд Хятадыг орхин гарч лалын террорист бүлгийнхэнтэй нийлэх гэж байжээ.

Англии, Уэльст ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрлөө

Англи, Уэльст ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Гей, лесби хүмүүс бусадтай адил эрхтэй байх ёстой гэж олон жил тэмцсэний эцэст ийнхүү санасандаа хүрч байна. Хууль батлагдсанд баярласан зарим ижил хүйстэн хуримаа хийжээ.

“Та бүхэн Их Британид гадуурхагдалгүй, хууль ёсны эрхтэй болсныг онцлон тэмдэглэж байна” хэмээн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдсэн байна.

Ю.Тимошенко Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Украины улс төрийн намууд хурлаа хийж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байна. “Батькивщина” намаас экс Ерөнхий сайд Юлия Тимошенко нэр дэвшихээр болов. Харин “УДАР” намын лидер Виталий Кличко олигарх, “Roshen үйлдвэрийн эзэн Петр Порошенког дэмжиж нэрээ дэвшүүлэхээс татгалзжээ.

Ю.Тимошенко Крымийг оросуудаас буцаан авч, Украиныг Европын холбоо, НАТО-д элсүүлнэ хэмээн амлаж байна. “Бид Крымийг ээзэрхийлэгчдийн гараас буцаан авах болно. Бид энэ тал дээр хангалттай хүчтэй хариу өгч чадаагүй. Ард түмэн намайг Ерөнхийлөгчөөр сонгох юм бол би Украины сөөм ч газар нутгийг дахин алдахгүй. Бид цэргийн хүчээ нэмэгдүүлэх ёстой” хэмээн Тимошенко ярьжээ.

No comments:

Post a Comment