Saturday, 8 March 2014





Сураггүй болсон нисэх онгоцны хоёр зорчигч хуурамч паспорттой байжээ

 

Malaysia Airlines авиакомпанийн “Боинг 777-200” онгоц гуравдугаар сарын 8-ны шөнө Малайзаас Бээжин рүү нисч байхдаа Өмнөд Хятадын тэнгис хавьд холбоо тасарч сураггүй болсон юм. Уг онгоцонд суусан зорчигчдын жагсаалтад байсан хоёр хүн онгоцонд суугаагүй болохыг олж тогтоогоод байна. Тэдний паспорт Тайландын газар нутгаас хулгайд алдагдсан байжээ.

Австри, Италийн иргэн энд яригдаж байна. Италийн 37 настай иргэн Луижи Маралдигийн нэр алга болсон “Боинг” онгоцны зорчигчдын жагсаалтад байжээ. Тэрээр хагас жилийн өмнө Тайландад ирж автомашин хөлслөхдөө паспортоо барьцаанд тавьсан байсан нь хулгайд алдагдсан аж. Тэрээр шинэ паспорт авч Азийн орнуудаар аялалаа үргэлжлүүлжээ.

Алга болсон нисэх онгоцны зорчигчдын дунд нэр байсан Австрийн иргэний паспорт мөн л хоёр жилийн өмнө Тайландад хулгайд алдагдсан байна. Австри, Италийн иргэний паспортыг ашигласан хүмүүс алга болсон нисэх онгоцонд суусныг ийнхүү тогтоогоод байгаа юм. Үүний улмаас Malaysia Airlines авиакомпанийн онгоц террорист халлдлагад өртсөн байж болзошгүй гэсэн яриа гарчээ.

Куала-Лумпураас Бээжин рүү хөөрсөн нисэх онгоцонд 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүн байсан аж. Нийтдээ 14 орны иргэд уг онгоцонд байжээ. 227 зорчигчийн 140 орчим нь Хятадын иргэд байжээ. “Боинг 777-200” онгоц хөөрснөөсөө хойш хоёр цагийн дараа холбоо тасарч сураггүй болсон аж. Нисэх онгоцыг Вьетнамын эргээс холгүй далайд унасан хэмээн үзэж эрэл хайгуул хийж байна. Хятад улс эрэл хайгуулд туслуулахаар хоёр хөлөг онгоцыг Вьетнам руу илгээжээ.

 

Шакира Колумбид сургууль нээв

 

Поп од Шакира төрөлх Колумб улсынхаа хойд эргийн Картахена хотод буяны сангийнхаа хөрөнгөөр шинэ сургууль нээжээ. Хотын борчуудын дүүрэгт баригдсан шинэ сургууль нь найман мянган кв метр талбайтай, мөн хөлбөмбөгийн талбайтай бөгөөд 1700 хүүхдийг сургах хүчин чадалтай юм. Уг сургуулийг барихад арван сая доллар зарцуулсан хэмээн France Presse агентлаг мэдээлэв.

 

Хойд Солонгост Ардын дээд чуулганы сонгууль боллоо

 

Хойд Солонгост хууль тогтоох дээд байгууллагын сонгууль болжээ. Ардын дээд чуулганы депутатад нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 6-нд бүртгэж дуусчээ. Сонгогдсон депутатууд Ардын дээд чуулганы 13-р их хурлаар парламентад орж ирэх юм.

Улс орны удирдагч Ким Чен Ун Ардын дээд зөвлөлд сонгогдохоор Пэктусаны 111-р тойрогт нэрээ бүртгүүлсэн байна. Хойд Солонгосын Ардын дээд зөвлөл нь 687 депутаттай, таван жилээр сонгогддог ажээ.

 

Ж.Керри С.Лавровт сануулга өглөө

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров руу утасдаж “Орос улс Крымийг нэгтгэх оролдлогоо орхихгүй бол энэ талаарх Америк, Оросын яриа хэлэлцээ цаашид үргэлжлэх боломжгүй болно” хэмээн сануулжээ. “Украин дахь хямрал болон Крымийг нэгтгэх гэсэн алхам нь Оросын хувьд хямралыг зохицуулах яриа хэлэлцээний бүх дипломат хаалгыг хаах болно гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Москвад ойлгуулсан хэмээн Reuters агентлаг Цагаан ордны эх сурвалжаас иш татан мэдээлэв. Үүний өмнө Ж.Керри, С.Лавров хоёр Украины хямралыг зохицуулахад хамтран ажиллаж, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх тохиролцоонд хүрээд салсан билээ.

 

Ливийн эрх баригчид Хойд Солонгосын хөлөг онгоцыг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлэв

 


Ливид ирж тус улсын босогчдоос нефть худалдан авч ачсан Хойд Солонгосын хөлөг онгоц тушаал биелүүлэхгүй бол бөмбөгдөж устгана хэмээн Ливийн эрх баригчид мэдэгдлээ. “Нефть ачсан Хойд Солонгосын хөлөг онгоц манай тушаал, зааварт захирагдалгүй боомтоос гарч явбал бид агаараас цохилт өгнө” хэмээн Ливийн Ерөнхий сайд Али Зейдан мэдэгдэв. Пхеньяны хөлөг онгоцны үйлдэл нь улс орны бүрэн эрхийг зөрчсөн хэмээн тэрээр үзэж байгаа аж. Ливийн босогчид Хойд Солонгост нефть нийлүүлэх болсноо зарласан билээ. Үүний дагуу Хойд Солонгосын нефть тээвэрлэгч хөлөг онгоц Ливид ирж, босогчид түүнд их хэмжээний нефть ачаад байгаа юм. 

No comments:

Post a Comment