Thursday, 20 March 2014







Б.Обама: Украинд цэргийн үйл ажиллагаа явуулахгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Украин дахь нөхцөл байдалд Америкийн цэргийн оролцоо шаардлагагүй хэмээн үзэж байна. Тэрээр NBC телевизэд ярилцлага өгөхдөө “Бид Украинд цэргийн үйл ажиллагаа явуулах бодолгүй байна. Америк, Орос хоёр байлдана гэдэг байж болшгүй зүйл. Үүнийг бүгд ойлгож байгаа биз” хэмээн онцолжээ. Гэвч Вашингтоны тал Оросын эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авахаас татгалзахгүй гэдгийг дуулгав.
Москвагийн Крым дахь үйлдлийн төлөө АНУ Орос, Украины 11 түшмэлийн эсрэг хориг арга хэмжээ аваад байна. Тэдний гадаад дахь дансыг түгжих, визийн хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээ авчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зөвлөх Сергей Глазьев, Владислав Сурков, дэд Ерөнхий сайд Дмитрий Рогозин, Холбооны зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенко, эрх мэдлээсээ зайлуулагдсан Украины Ерөнхийлөгч Виктор Янукович нар үүнд багтсан юм. Мөн АНУ Оростой цэргийн хамтын ажиллагаагаа зогсоосон билээ.

Селин Дионы нөхөр хүндээр өвджээ

Канадын нэрт дуучин Селин Дионы нөхөр Рене Анжелилд 1999 онд хоолойны хорт хавдар илэрсэн билээ. Түүнийг мэс засалд оруулж, химийн эмчилгээ хийж өвчнийг холдуулсан ч бүр алга болоогүй юм. Өнгөрсөн оны эцсээр Ренегийн хорт хавдар дахисан нь тогтоогджээ. Цаг алдалгүй мэс засалд орсон бөгөөд эмч нар цаашдын төлөв байдлын талаар дүгнэлт хийхээс татгалзаж байгаа аж.
Харин Селин Дион тэр цагаас хойш хайртай нөхрөөсөө алхам ч холдсонгүй. Тэд 20 жилийг хамтдаа туулж, гурван хүүхэдтэй болсон билээ. Тэд эдүгээ Лос-Анжелес хотод гэр бүлийн тансаг эдлэндээ амьдарч байна. Селин Дион сүүлийн жилүүдэд олон концерт тоглож хэдэн зуун сая долларын орлого цуглуулсан билээ. Дуучин бүсгүй эдүгээ 45 настай, харин нөхөр Рене Анжелил нь 27 насаар ах юм.

Афганистаны цагдаа халдлагад өртөв

Афганистаны Жалалабад хот дахь цагдаагийн хэсгийг амиа золиослогч этгээдүүд довтолжээ. Халдлагын улмаас дор хаяж хоёр хүний амь үрэгдээд байна. Террористууд цагдаагийн хэсгийг довтлохоосоо өмнө зогсоол дээрх автомашиныг дэлбэлсэн аж. Хоёр хоногийн өмнө Афганистаны хойд нутгийн Майман хотод амиа золиослогч бөмбөг дэлбэлж 15 хүн амь насаа алдсан байна. Ерөнхийлөгч Хамид Карзай талибуудтай тохиролцоонд хүрэхээр хэлэлцээ хийж байгаа ч олигтой амжилт олохгүй байгаа юм. Холбоотны цэрэг тус улсыг орхин гарсны дараа нөхцөл байдал улам муудна хэмээн тоймчид үзэж байна.

Google-ийн тэргүүн: АНУ интернэтийг тагнаж байгаа нь ардчилалд заналхийлж байна

АНУ-ын Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын агентлагаараа (NSA) дамжуулан интернэтийг тагнаж чагнаж байгаа нь ардчилалд учирч буй аюул заналхийлэл хэмээн Америкийн Google корпорацийн тэргүүн Ларри Пейж мэдэгдлээ. “АНУ-ын Засгийн газар энэ бүгдийг нууцаар хийж буй нь тун хачирхалтай байна. Интернэт ашигладаг хүмүүсийг Засгийн газраас хамгаалах хэрэгтэй болвол бид ардчилсан нийгэмд амьдарна гэж бодохгүй байна” хэмээн тэрээр өгүүлэв.
NSA болон бусад тусгай алба цахим ертөнцөд тагнуул хийх зайлшгүй шаардлагатай хэмээн тайлбарладаг аж. Үндэсний аюулгүй байдлын агентлаг Yahoo, Apple, Google, Microsoft, Facebook, AOL дахь хэрэглэгчдийн цахим шуудан, хувийн мэдээлэл зэргийг Prism програмын тусламжтайгаар хянаж, тагнадаг нь ил болсон билээ.

Ливийн Дотоод хэргийн сайдын орлогч хулгайлагджээ

Ливийн Дотоод хэргийн сайдын орлогч Бахлюль Сейид нийслэл Триполи хотын Тажур дүүргээс хулгайлагдсан тухай Libya Herald сонин мэдээлэв. Сайдын орлогч Ливийн тзр Засгийн газраас гарах хүсэлтээ илэрхийлээд буцаад явж байхад нь үл мэдэгдэх этгээдүүд барьцаалж авч явжээ. Түүнийг хаашаа авч явсан нь тодорхойгүй байна. Ямар нэг бүлэглэл, хүмүүс энэ хэргийн хариуцлагыг хүлээсэнгүй. Сайдын орлогч хулгайлагдаад хэд хонож байгаа ч түүнийг чөлөөлөх болзлыг санал болгосон зүйл байхгүй байгаа ажээ.

“УДАР” намын нэр дэвшигчээ зарлана

“УДАР” нам ирэх долоо хоногт Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлана хэмээн тус намын лидер Виталий Кличко мэдэгдлээ. Тус нам ирэх долоо хоногт их хурлаа хийж,  Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө батлах бололтой. “Манай улсад олон чиглэл, салбарт өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй байна. Украины хүчин чадал асар их. Эхлээд амьдрал, үнэ цэнийн стандартад нийцсэн Европын орчин үеийн улс орныг бий болгох хэрэгтэй байна: Үүний төлөө л хүмүүс жагсаж, эсэргүүцэж байсан” хэмээн В.Кличко ярилаа. “УДАР” намаас Виталий Кличког Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ хэмээн ажиглагчид үзэж байна.

Хуурамч эмнэлэгтэй тэмцэж байна

Бангладешийн Засгийн газар өвчтөнийг эмчлэх зөвшөөрөлгүй хэдэн зуун хуурамч эмнэлэг, эмч нарын эсрэг тэмцэх кампанит ажлыг эхлүүллээ. Цагдаа нар хэд хоногийн өмнө хорт хавдрыг эмчлэх үйлчилгээг санал болгож байсан хуурамч эмнэлгийг илрүүлэн хаасны дараа энэхүү кампанит ажил эхэлсныг албан ёсоор зарласан юм. Уг эмнэлэг нийслэл Дакка хот дахь Засгийн газрын төв эмнэлгийн хажууханд ажиллаж байжээ. Зөвшөөрөлгүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүст оноох ялыг чангатгахаар болж байгаа аж.

Кейт Уинслетийн од Холливудын өргөн чөлөөнд заларлаа

“Титаник”-ийн дүрээр дэлхий дахинд танигдсан жүжигчин Кейт Уинслет Холливудын өргөн чөлөөнд одтой боллоо. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард гурав дахь хүүхдээ төрүүлсэн билээ. Уинслет төрснөөсөө хойш анх удаа олны гарахдаа Холливуд дахь одныхоо хажууд зургаа авахуулжээ. Ийнхүү Холливуын өргөн чөлөөн дахь 2520 дахь од нь “Титаник”-ийн Роузынх боллоо. Одныхоо дэргэд зураг авахуулж байхад Лос-Анжелес хотод 4.4 баллын хүчтэй газар хөдөлжээ. Гэвч Уинслет чамин  богино улаан даашинзтай улаан хивсэн дээр гарч ирэхэд энэ нь саад болсонгүй. “Энэ ийм гайхалтай, олон хүн цугласан үйл явдал болдог гэж ёстой мэдсэнгүй. Ирсэн хүмүүст талархлаа” хэмээн Кейт хэллээ. Тэрээр газар хөдлөхөд айсан гэдгээ нуусангүй.

Валерий Леонтьев 65 хүрлээ

Зөвлөлт, Оросын эстрадын алдарт дуучин, Оросын ардын жүжигчин Валерий Леонтьев гуравдугаар сарын 19-нд 65 нас хүрчээ. Тэрээр 22 настайдаа бүс нутгийн “Песня-72” уралдаанд түрүүлж суут дуучны замналаа эхлүүлсэн юм. Харин 1980 онд Ялтад болсон хөгжмийн наадамд түрүүлснээр Оросын холбооны улс даяар нэр алдах нь түгжээ.
Тэрээр дуучны урт удаан замналдаа 19 цомог бичүүлсэн нь хэдэн сая хувиар борлогдож байв. Хамгийн сүүлчийн “Падаю в небеса” цомгоо 2005 онд гаргажээ. В.Леонтьев суут Раймонд Паулс, Юрий Чернавский, Игорь Крутой нарын дууг дуулж, урлагийн олон шагналын эзэн болж байв.

Селин Дионы нөхөр хүндээр өвджээ

Канадын нэрт дуучин Селин Дионы нөхөр Рене Анжелилд 1999 онд хоолойны хорт хавдар илэрсэн билээ. Түүнийг мэс засалд оруулж, химийн эмчилгээ хийж өвчнийг холдуулсан ч бүр алга болоогүй юм. Өнгөрсөн оны эцсээр Ренегийн хорт хавдар дахисан нь тогтоогджээ. Цаг алдалгүй мэс засалд орсон бөгөөд эмч нар цаашдын төлөв байдлын талаар дүгнэлт хийхээс татгалзаж байгаа аж.

Харин Селин Дион тэр цагаас хойш хайртай нөхрөөсөө алхам ч холдсонгүй. Тэд 20 жилийг хамтдаа туулж, гурван хүүхэдтэй болсон билээ. Тэд эдүгээ Лос-Анжелес хотод гэр бүлийн тансаг эдлэндээ амьдарч байна. Селин Дион сүүлийн жилүүдэд олон концерт тоглож хэдэн зуун сая долларын орлого цуглуулсан билээ. Дуучин бүсгүй эдүгээ 45 настай, харин нөхөр Рене Анжелил нь 27 насаар ах юм.

No comments:

Post a Comment