Украины сөрөг хүчин мэргэн буучдыг хөлсөлсөн үү
Оросын “РТ” телевиз өчигдөр Эстонийн Гадаад хэргийн сайд
Урмас Паэт болон Европын холбооны дипломат албаны тэргүүн Кэтрин Эштон нарын
хооронд болсон телефон ярианаас иш татан мэдээлсэн нь дэлхий даяар шуугиан
тарьж байна. Киевт болсон жагсаал, тулааны үеэр талбай дээрх хүмүүсийг буудан
унагаж байсан мэргэн буучдын ард Украины сөрөг хүчин зогсож байж магадгүй
талаар Эстонийн улстөрч ярьсан аж.
“Мэргэн буучдын ард Янукович байгаагүй, харин шинэ эвслийн
хэн нэг нь байсан гэдэг нь улам бүр тодорхой болж байна” хэмээн Паэт Эштонд
хэлжээ. Энэ яриаг Украины нууц албаныхан чагнаж, бичиж авсан хэмээн үзэж байна.
Хоёрдугаар сарын тэр нэгэн өдөр Киевт цагдаа, сөрөг хүчний жагсагчдын хооронд
хамгийн том мөргөлдөөн үүсч 100 орчим хүн амь насаа алдахад нэг хэсэг мэргэн
буучид л жагсагчид болон цагдаа нарыг буудан унагаж байсныг Киевийн нэгэн эмч
ярьсан хэмээн Эстонийн сайд хэлжээ.
Youtube-д
тавигдсан тэдний ярианы бичлэгээс үзвэл, Паэт Эштонд “Шинэ эвсэл
энэ хэргийг шалгахыг хүсэхгүй байгаа нь сэтгэл түгшээж байна” гэж хэлснийг
сонсож болно. Шинэ эвсэл гэдэг нь хоёрдугаар сарын 22-нд Виктор Януковичийг
иүлхэн унагаж эрх мэдэлд гарч ирсэн хүмүүсийг хэлж байгаа аж. Эстонийн Гадаад
хэргийн сайд Урмас Паэт хоёрдугаар сарын 25-нд Киевт очсоны дараа Европын
холбооны Аюулгүй байдал, гадаад бодлогын дээд комиссар Кэтрин Эштонтой ийнхүү утсаар
ярьсан ажээ. “Бид үүнийг шалгах ёстой гэж бодож байна. Би үүнийг орхиогүй, энэ
сонирхолтой л юм байна, тэнгэр минь” хэмээн Кэтрин Эштон Эстонийн сайдад
хариулсан байна.
Оросын телевиз мэдээлж буйгаар, дээрх хоёр түшмэлийн
утасны яриаг эрх мэдлээсээ зайлуулагдсан Ерөнхийлөгч В.Януковичид үнэнч Украины
Аюулгүйн албаны ажилтнууд интернэтэд тавьсан аж. Өрнөдийн улстөрчдийн Украины
хямралын талаарх утасны яриа хоёр дахь удаагаа задарч буй нь энэ юм. АНУ-ын
Төрийн нарийн бичгийн даргын Европын асуудал хариуцсан орлогч Викториа Нуланд,
АНУ-ын Киев дахь элчин сайд Жеоффри Пиат нарын
хоорондох телефон утасны яриа хэдэн долоо хоногийн өмнө Youtube дээр
орос бичгийн орчуулгатай тавигдсан юм. Энэ яриан дээр, АНУ сөрөг хүчний лидер
Арсений Яценюкийг (одоогийн Ерөнхий сайд) Виталий Кличкогоос илүү эрхэмлэж байгааг Нуланд онцолсон аж. Мөн АНУ-ын
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Европын холбоог харааж буй нь сонсогдож
байгаа ажээ.
Зургийн тайлбар: Кэтрин Эштон, Урмас Паэт

No comments:
Post a Comment