В.Путин бүх нийтийн
санал асуулгыг дэмжиж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч
Владимир Путин Германы канцлер Ангела Меркел, Их Британийн Ерөнхий сайд Дэвид
Кэмеронтой утсаар ярилцахдаа Украины автономит бүс нутаг болох Крымийн эрх
баригчдын авч буй арга хэмжээг хамгаалсан байна. “Крымийн эрх баригчдын алхам
нь олон улсын эрх зүйд нийцсэн хууль ёсны үйлдэл хэмээн Путин онцолсон” хэмээн
Кремлийн мэдэгдэлд дурджээ. Крымийн хойгийг Орост нэгтгэх эсэх бүх нийтийн
санал асуулга гуравдугаар сарын 16-нд Крымд болох билээ. Бүх нийтийн санал
асуулга нь хойгийн хүн амын ихэнхийг бүрдүүлдэг оросуудын эрх ашигт нийцсэн
алхам хэмээн Путин үзэж байгаа аж. Оросын лидер барууны удирдагчидтай утсаар
ярихдаа “Украины шинэ эрх баригчид нийслэл Киев хот болон бусад бүс нутаг дахь
хэт үндсэрхэг, радикал хүчний эсрэг арга хэмжээ авахгүй байна” хэмээн онцолжээ.
Хэдийгээр ярилцагч талууд Украины хямралын талаар зөрүүтэй байр суурь баримталж
байсан ч Крым дахь Орос-Украины мөргөлдөөнийг тойрсон нөхцөл байдлыг намжаах
сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тэд дахин холбоо барьж, ярилцахаар
тохиролцжээ. Мөн Гадаад хэргийн сайд нараа утсаар яриулахаар болсон байна.
Аль-Сиси Египетэд нэг
сая орон сууц барина хэмээн амлав
Египетийн Батлан
хамгаалахын сайд, фельдмаршал Абдель-Фаттах аль-Сиси орон сууц барих том төсөл
хэрэгжүүлэх болсноо зарлалаа. Таван жилийн хугацаатай, 40 тэрбум долларын
төсөвтэй энэ төслийг Арабын нэгдсэн эмиратын Arabtec барилгын компанитай
хамтран хэрэгжүүлэх аж. Египетийн 13 бүс нутагт нэг сая орчим орон сууц
барихаар төлөвлөж байгаа ажээ. Санхүүжилтыг Египетийн болон гадаадын банкууд
гаргана хэмээн мэдээлэв. Шинэ орон сууцыг дунд орлоготой египет иргэдэд олгоно
хэмээн эрх баригчид зарлалаа.
Аль-Сиси нь Египетэд
удахгүй болох гэж буй Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалтай байгаа юм. 2013
онд генерал Абдель-Фаттах аль-Сиси цэргийн эргэлт хийн Ерөнхийлөгч Мохамед
Мурсийг эрх мэдлээс нь хүчээр зайлуулсан билээ. Үүний дараа Мурсийг дэмжигчдийн
жагсаал олон удаа болсон ч зэвсэгт хүчин харгисаар дарж, зогсоосон юм. 2014 оны
нэгдүгээр сард Египетийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Адли Мансур аль-Сисид
фельдмаршал цол олгожээ.
Хөлөг онгоц сүйрч 42
хүний аминд хүрчээ
Йемений өмнөд эрэгт
хөлөг онгоц сүйрч 42 хүн амь насаа алдлаа хэмээн France Presse агентлаг
мэдээлэв. Амь үрэгдсэн иргэд нь Йемен рүү зорьж явсан Африкийн хууль бус
цагаачид байжээ. Эргийн аврах албаныхан 30 орчим хүний аварч чаджээ.
Этиоп, Сомалийн цагаачид
Йеменээр дамжин Саудын Араб руу орох нь элбэг байдаг. 2012 онд Африкийн 84
мянган цагаач Саудын Арабт орж иржээ. 2013 онд Саудын Араб хууль бус цагаачдад
өршөөл үзүүлж, ажиллах зөвшөөрөл олгохоор зарласан юм. Үр дүнд нь дөрвөн сая
орчим цагаач хууль ёсоор ажиллах зөвшөөрлөө авчээ.
Кувейт улс тэгш эрх, шударга ёс, эрх чөлөөг
эрхэмлэдэг
Арабын бүс нутаг дахь хамгийн ардчилсан,
либерал улс гэгддэг Кувейт улс нь нэг иргэнд ногдох орлогоороо дэлхийд
наймдугаар байрт ордог. Эдийн засгийн хөгжлөөрөө Дэлхийн банкнаас өндөр үнэлгээ
авдаг тус улс нефтийн нөөц баялгаараа дэлхийд эхний тавд ордог билээ. Персийн
буланд Саудын Араб, Ирактай хиллэн оршдог Кувейт улс 17 мянган кв км нутагтай. Кувейт нь парламентын системтэй Үндсэн хуульт
хаант засаглалтай. Улс төр, эдийн засгийн нийслэл Кувейт хот.
Кувейт
улс тэгш эрх, шударга ёс, эрх чөлөөг эрхэмлэдэг улс юм. Мөн иргэдээ адил тэгш
боломж, аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэндээр хангадгаараа алдартай.
Кувейтууд гэр бүл, үр хүүхэд, залуучууд болон байгаль, хүрээлэн буй орчинг
төрийн хамгаалалтад байлгаж, хувийн өмчийг хүндэтгэдэг ард түмэн ажээ.
Сергей Аксенов Крым хоёр хэлтэй байна хэмээн амлав


No comments:
Post a Comment