Н.Мадуро Панамтай дипломат харилцаагаа таслав
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Панамтай дипломат
харилцаагаа тасалж буйгаа зарлажээ. Панам улс Венесуэльд болж буй эсэргүүцлийн
хөдөлгөөнтэй холбогдуулж Америкийн улсуудын байгууллагын яаралтай хуралдааныг
зарлах санал дэвшүүлсний дараа Мадуро ийнхүү зарлажээ. “Манай улсын хэрэгт
ийнхүү эрээ цээргүй оролцохыг хэнд ч зөвшөөрөхгүй хэмээн” Венесуэлийн лидер
хэлжээ.
Харин Панамын Ерөнхийлөгч Рикардо Мартинелли Каракасын
шийдвэрт гайхаж буйгаа илэрхийлэв. “Панам улс ах дүүгийн барилдлагатай улсдаа
туслаж, ардчиллыг бэхжүүлж, хямралаас гараасай л гэж хүссэн” хэмээн
Р.Мартинелли мэдэгджээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийн нас барсны нэг
жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр Мадуро Панамтай дипломат харилцаагаа
тасалж буйгаа мэдэгдсэн юм.
Б.Обама Бүгд найрамдах намтай сөргөлдөхөөс болгоомжилж
байна
АНУ-д Цагаан ордон болон Бүгд найрамдах намынхан Оросын
түшмэдийн эсрэг хориг арга хэмжээ авах эсэх асуудлаар ширүүн маргалдаж байна
хэмээн Guardian мэдээлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний ойрын хүрээний өндөр
тушаалын түшмэдийн эсрэг даруй хориг арга хэмжээ авахыг Бүгд найрамдах намынхан
шаардаж байгаа аж. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Ираны эсрэг хориг
арга хэмжээ авахад гарч байсан шиг маргаан дэгдэх вий хэмээн болгоомжилж байна.
Конгресс дээр ширүүн маргаан өрнөж, Ерөнхийлөгч Б.Обамад чөлөөтэй шийдвэр
гаргах боломж олгохгүй байж магадгүй хэмээн Цагаан ордон санаа зовниж буй
бололтой. Б.Обама ойрын үед эрх мэдлээ ашиглан Оросын улстөрчдийн дансыг царцаах,
визийн хязгаарлалт хийх зэргээр арга хэмжээ авах гэж байна хэмээн мэдээлж
байсан ч Оросын лидер В.Путин хэвлэлийнхэнд мэдээлэл, тайлбар хийсний дараа
Вашингтоны шийдвэр өөрчлөгдөж магадгүй болжээ.
Криштиано Роналдо Португалын шигшээгийн түүхэнд бичигдэв
Криштиано Роналдо Португалын шигшээ багийн бүх цаг үеийн
мэргэн бууч боллоо. Тэрээр өчигдөр Камеруны эсрэг тоглохдоо хоёр гоол хийж,
шигшээ багийн гоол нь 49 болжээ. Энэ тоглолтод португалууд 5:1-ийн харьцаагаар
ялалт байгуулсан юм. Португалын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучдын
жагсаалтыг ийнхүү Роналдо тэргүүлэх болов.
1. Криштиано Роналдо 49 гоол.
2. Паулета 47.
3. Эйсебио 41.
4. Луиш Фигу 32.
5. Нуну Гомеш 29.
С.Берлускони “АС Милан”-ыг худалдахаар зэхэж байна
Италийн хөлбөмбөгийн “АС Милан” клубын эзэн, Италийн
Ерөнхий сайд асан Силвио Берлускони клубээ худалдаанд тавилаа хэмээн Bloomberg уламжлав.
Берлускони худалдан авагч олохын тулд Lazard Ltd. Фирмийг хөлсөлсөн байна. Тус
фирм “АС Милан”-ыг сонирхсон талуудад шаардлагатай мэдээллийг хүргэж эхэлжээ. 1986
оноос хойш Берлусконийн мэдэлд байгаа Италийн хөлбөмбөгийн алдарт клубын актив
945 сая доллараар үнэлэлэгдэж байгаа юм. “Интер” клубын эзэн Массимо Моратти
Индонезийн бизнесмэн Эрик Тохирт клубынхээ хувцааны 70 хувийг худалдахад Lazard
Ltd. Фирм зуучилж байсан билээ.
АНУ-д ДОХ-ын вирустэй бас нэг охиныг эмчилжээ
АНУ-ын эрдэмтэд ДОХ-ын вирустэй мэндэлсэн охиныг эмчилж
эдгэрүүлжээ. Охиныг мэндэлсэн даруйд нь эрчимт эмчилгээ хийсний үр дүнд өвчнөөс
нь ангижруулж чаджээ. Калифорнийн уугуул энэ охин эдүгээ есөн сар хүрч байгаа
юм. Төрсөн даруйд нь эмчилгээ хийснээр вирусыг бие организмд батжиж бэхжихээс
нь өмнө устгаж болохыг энэ эмчилгээ харуулж байна.
Өнгөрсөн
онд мөн ийм аргаар Миссисипи мужийн бяцхан охиныг эмчлэн илааршуулж байсан юм.
ДОХ-ын халдвартай төрсөн 50 бяцхан хүүхдийг эмчлэх туршилт мөдхөн эхлэх гэж
байгаа ажээ.


No comments:
Post a Comment