Sunday, 16 March 2014




Крым дахь санал хураалтын урьдчилсан дүн гарчээ

Хар далайн тэнгис дахь Крымийн хойгт бүх нийтийн санал асуулга болж өнгөрлөө. Санал асуулгад оролцсон иргэдийн 95.5 хувь нь Крымийн автономит бүс нутгийг Оросын бүрэлдэхүүнд оруулахыг дэмжиж саналаа өглөө хэмээн “Интерфакс” агентлаг уламжлав. Санал асуулгад Крымийн сонгуулийн насанд хүрсэн иргэдийн 82.71 хувь нь оролцлоо хэмээн Бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулах комиссын тэргүүн Михаил Малышев мэдэгдэв. 3.5 хувь нь Крымийг Украинд үлдээхийн төлөө саналаа өгчээ. Нийт саналын нэг хувь нь хүчингүйд тооцогдсон аж. Украины эрх баригчид болон гадаадын олон улс орон, Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага энэ санал асуулгыг Үндсэн хуулийн бус хэмээн мэдэгдэж байгаа. Харин ОХУ үүнийг хууль ёсны хэмээн үзэж байгаа билээ.

“Их-7”-гийн уулзалтыг Лондонд хийх санал дэвшүүлэв

Их Британийн Засгийн газар Сочид болох ёстой “Их-8”-ын уулзалтыг Лондон хотод хийх санал дэвшүүллээ хэмээн Германы “Spiegel” мэдээлэв. Уулзалтыг “Их-7” хувилбараар буюу Оросын оролцоогүйгээр явуулах тухай ярьж байгаа аж. Үүнээс гадна, дөрөвдүгээр сард Лейпцигт болохоор төлөвлөгдөөд байсан Орос-Германы Засгийн газар хоорондын хэлэлцээ эргэлзээнд ороод байна. Германы тал аргагүйн эрхэнд “том биш, хүйтэн хөндий” уулзалт зохион байгуулах бололтой хэмээн Берлины Засгийн газарт ойр эх сурвалж мэдээлэв.
Үүссэн нөхцөл байдлын улмаас Оростой худалдааны дайн дэгдэж магадгүй хэмээн герман бизнесмэнүүд сануулж байна. Крымийн асуудлаас болж Оросын эсрэг хориг арга хэмжээ авах нь зохистой бус хэмээн Германы бизнесийн төлөөлөгчид үзэж байгаа ажээ. Гуравдугаар сарын эхээр ОХУ-ын Холбооны зөвлөл Ерөнхийлөгч В.Путиний хүсэлтийн дагуу Крымд цэрэг оруулах зөвшөөрөл өгсний дараа “Их-7”-гийн орнууд Сочид болох уулзалтын бэлтгэл ажлаа зогсоосон билээ.

Алга болсон нисэх онгоц Афганистан, эсвэл Пакистан руу чиглэсэн байж болзошгүй

Сураггүй алга болоод байгаа Malaysian Airlines-ийн Boeing 777-200 нисэх онгоц радараас алга болсноосоо хойш Афганистан, Пакистаныг чиглэн ниссэн байж болзошгүй хэмээн Малайзын эрх баригчид үзэж байна. Мөрдөн шалгагчид энэ магадлалыг шалгах, судлах дипломат зөвшөөрлийг хүлээж байгаа аж. Boeing 777-200 онгоц чиглэн ниссэн байж магадгүй хэмээн үзэж байгаа агаарын хоёр замын нэг нь талибуудын мэдэлд байдаг. Тэр агаарын зам руу орсон бол нисэх онгоц Пакистан, Афганы илрүүлэлтийн системд өртөхгүй байх магадлалтай ажээ. Пакистаны иргэний нисэхийн газар, радарын бичлэгээ шүүж үзэхэд алга болсон нисэх онгоц илэрсэнгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Чилид газар хөдөлжээ


Чилийн Номхон далайн эрэгт газар дор хэд хэдэн удаа хүчтэй түлхэлт болсны дараа эрх баригчид иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авчээ. Ойролцоогоор 100 мянга орчим хүн орон гэрээ яаралтай орхин гарсан аж. Чилийн Икике боомт хотоос 64 км-ийн зайд далайд 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Үүний улмаас цунами үүсч магадгүй гэж үзээд иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. 2010 оны хоёрдугаар сарын 27-нд Чилид 8.8 магнитудын хүчтэй газар хөдөлж 524 хүн амь насаа алдсан билээ. 

No comments:

Post a Comment