Thursday, 20 March 2014



МН370 нислэгийн онгоц Мальдив дээгүүр нисч өнгөрсөн үү

Malaysian Airlines авиакомпанийн МН370 нислэгийн “Боинг 777” онгоцыг эрж хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Энэтхэгийн далай-Арабын тэнгист оршдог арал улс Мальдивийн иргэд маш доогуур нисч өнгөрсөн том нисэх онгоцыг харсан байж магадгүй байна. Тэдний заримд нь онгоцны хаалга тод харагдаж байсан аж. Мальдив иргэдийн дээрх яриаг орон нутгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ. Тэдний харсан нисэх онгоц нь 239 хүний хамт сураггүй алга болоод байгаа “Боинг 777” мөн байж магадгүй хэмээн Мальдивийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгдэв.
Мальдивийн Куда Хувадху арлын оршин суугчид өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны 06.15 цагийн үед том нисэх онгоц маш их дуу чимээ гарган арал дээгүүр нисч өнгөрөхийг харжээ. “Манай арлын дээгүүр нисэх онгоц ийм доогуур, нам өндөртэй нисч байхыг огт хараагүй. Хөнгөн нисэх онгоц ойрхон нисэхийг харж байсан. Харин тэр бол ийм хөнгөн, жижиг биш, маш том нисэх онгоц байсан. Бүр онгоцны хаалга нь хүртэл тод харагдаж байсан” хэмээн нэгэн гэрч ярьсан байна. Тэрхүү онгоцыг харсан, сонссон өөр хүмүүс байгаа ажээ. Юун, ямар их дуу чимээ гараад байгааг мэдэх гэсэн хүмүүс гэрээсээ гарч байсан хэмээн орон нутгийн хэвлэлээр мэдээлж байна.
Malaysian Airlines авиакомпанийн МН370 нислэгийн “Боинг 777” нисэх онгоц 227 зорчигчтойгоор гуравдугаар сарын 8-ны үүрээр Куала-Лумпур хотоос Бээжин орохоор хөөрсөн юм. Гэвч хөөрснөөсөө хойш 40 минутын дараа радараас алга болж, бүр харилцаа холбоо нь тасран сураггүй алга болсон билээ. Уг нисэх онгоц холбоогүй болсныхоо дараа чиглэлээ эрс өөрчлөн нислэгээ үргэлжлүүлсэн нь тодорхой болсны дараа дэлхийн 26 орон эрэл хайгуулын ажиллагаанд оролцож байна. МН370 нислэг чиглэлээ өөрчлөн Мальдив дээгүүр өнгөрсөн бол Африкийн Сомали, Йемен зэрэг улсыг чиглэн ниссэн болж таарч байна. Малайзын эрх баригчид, цагдаагийн газар “Онгоцны нисгэгчид өөрсдөө онгоцоо барьцаалан авч явсан, эсвэл ямар нэг шалтгаанаар амиа хорлосон” гэсэн хувилбар дээр илүү их анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм.

Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, Австралийн баруун эргээс 2500 км-ийн зайд Энэтхэгийн далайд хоёр томоохон зүйл хөвж явааг сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар илрүүлжээ. Эдгээр нь сураггүй алга болсон онгоцны сэг байж магадгүй хэмээн үзэж байгаа аж. Австралийн эрх баригчид 24 мерт урт тэрхүү хоёр биет нь юу болохыг тогтоохоор цэргийн дөрвөн нисэх онгоцыг тийш нь илгээгээд байна. Тэдгээр зүйлс нь далайн тээврийн замд байгаа тул тээврийн хөлөг онгоцноос унасан чингэлэг байхыг ч үгүйсгэхгүй байгаа юм.

No comments:

Post a Comment