Tuesday, 18 March 2014




Бүх утасны яриаг бичиж авах систем боловсруулжээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) улс орны бүх газар нутаг дээрх утасны яриаг бичиж авах боломжтой системийг боловсруулсан тухай Washington Post сонин нэрээ хэлэхийг үл хүссэн эх сурвалж болон Америкийн тагнуулын экс ажилтан Эдвард Сноудений задруулсан нууц материалаас иш татан мэдээлэв. NSA-ийн боловсруулсан MYSTIC хөтөлбөрийн хүрээнд тусгай албад телефон утасны бүх яриаг бичиж, нэг сар хадгалах боломжтой болсон аж. Эдгээр ярианы нэг хувьд нь шинжээч, мөрдөгчид дүн шинжилгээ хийдэг байна. Ингэхдээ шаардлагатай гэж үзсэн аудио бичлэгүүдийг удаан хугацаагаар хадгалахаар цуглуулдаг байжээ.
NSA 2009 онд MYSTIC хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн хэмээн хэвлэлд бичжээ. Хоёр жилийн дараа энэ хөтөлбөрийг өөр улс оронд туршиж үзсэн байна. Гэвч дээрх програмыг ашигласан эхний жилд л маш ихээр цуглуулсан мэдээлэл, аудио бичлэгийг хадгалахад бэрхтэй болж байгааг тагнуулын мэргэжилтэн, ажилтнууд мэдэгдэж байжээ. Гэсэн хэдий ч 2013 оны аравдугаар сар гэхэд утасны яриаг бичиж авдаг програмыг зургаан оронд хэрэглэсэн хэмээн Washington Post-д онцлов. Харин ямар ямар улс оронд хэрэглэснийг мэдээлсэнгүй. Эдүгээ энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа, эсвэл зогссон эсэх нь ч тодорхойгүй байна.  

С.Берлусконийг төрийн алба хашихыг хориглов

Италийн давж заалдах шатны шүүх экс Ерөнхий сайд Сильвио Берлусконийг хоёр жилийн хугацаанд төрийн алба хашиж болохгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Берлусконийн эзэмшлийн Mediaset корпорац татварын хэрэгт холбогдсон тул түүнийг төрийн алба хашихыг хориглосон шийдвэрийг анхан шатны шүүх 2013 оны намар гаргасан юм. Тэрээр энэ хоригийн улмаас Сенат дахь суудлаа алдаж, сонгуульд оролцох эрхгүй болсон билээ.
Засгийн газрын экс тэргүүн мөн татвараас зайлхийсэн хэргээр дөрвөн жилийн ял сонссон. Энэхүү ялыг давж заалдах шатны шүүх 2013 оны наймдугаар сард баталсан ч хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүй байна. Гэвч Берлускони ямар ч тохиолдолд шоронд орохгүй бололтой. Тэрээр өршөөлийн хуульд хамрагдаж гурван жил нь хасагдах бөгөөд дараа нь экс Ерөнхий сайдын өндөр насыг (77) харгалзаж үлдсэн нэг жилийн ялыг олон нийтийн засан хүмүүжүүлэх ажлаар солих ажээ.

“Майданы мэргэн буучид”-ийг хэн болохыг тогтоожээ

Киевт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр энгийн иргэд болон цагдаагийн ажилтнуудыг буудсан хэрэгт оролцсон хүмүүсийн нэр, буудсан газар, байрлалыг нь олж тогтоолоо хэмээн Украины Ерөнхий прокурорын газраас мэдэгдэв. Гэвч жагсаалын үеэр иргэдийг буудаж байсан мэргэн буучид нь тэр үеийн сөрөг хүчинд огтхон ч хамаагүй хэмээн Ерөнхий прокурорын газрын орлогч дарга Николай Голомш хэллээ. Харин тэдгээр мэргэн буучдын дотор гадаадын иргэн байгаа гэв. Киевт хүмүүсийг буудаж байсан мэргэн буучдын хэргийг шалгах тусгай комисс байгуулна гэж ярьж байсан ч чимээгүй болжээ.

Крым дахь цалин, тэтгэвэр Оросын жишигт шилжинэ

Крым дахь цалин, тэтгэврийг ойрын үед Оросын хуулийн дагуу индексжүүлнэ хэмээн хойгийн Ерөнхий сайд Сергей Аксенов мэдэгдлээ. Мөн Крымийн Цагаачлалын алба нутгийн иргэдэд Оросын паспорт олгохоор ажиллаж эхэлснийг дуулгалаа. “Бид хэнийг ч албадахгүй. Украины паспортоо өөртөө үлдээх боломжийг олгоно. Тэр паспортыг буцааж өг гэж хэн ч хэнийг ч албадахгүй” хэмээн С.Аксенов ярилаа. Орон нутгийн эрх баригчид Крымийн бүх гарц, боомтыг хянаж байгааг тэрээр нэмж хэллээ. 

No comments:

Post a Comment