“Malaysia Airlines”-ийн нисэх онгоцны үлдэгдлийг олсон бололтой
Вьетнамын эргийн
харуулын нисэх онгоц Тхо Чу арлаас баруун өмнө зүг 80-аад км-т нисэх онгоцны
дотор хаалга хөвж явааг илрүүлсэн нь өнгөрсөн бямба гаригт сураггүй алга болсон
“Malaysia
Airlines” авиакомпанийн “Боинг 777” онгоцных байж болзошгүй
байна. Вьетнамын Харилцаа холбооны яамнаас ийнхүү мэдэгдэж, далайд хөвж яваа
зургийг нь танилцуулжээ. Нисэх онгоцыг яг энэ хавьд алга болсон хэмээн үзэж
эрэл хайгуул хийж байгаа билээ. Үүнээс гадна тэр хавиас нисэх онгоцны сүүлний
хэсгийг илрүүлсэн тухай Америкийн “Wall Street Journal” уламжлав. “Reuters” агентлаг мэдээлж буйгаар, эрэл хайгуул хийж буй бүс нутаг нь
байгалийн гэрэл муутай тул эдгээр үлдэгдэл нь Малайзын нисэх онгоцных гэдгийг
батлахад бэрхтэй байгаа аж. Нөгөө талаар, нисэх онгоц сураггүй алга болсон
явдлыг мөрдөн шалгаж байгаа багийнхан нисэх онгоц агаарт дэлбэрч, задарсан байж
болзошгүй хэмээн үзэж байна.
Нисэх онгоц агаарт
дэлбэрсэн байж болох уу
“Malaysia Airlines”-ийн 370-р нислэгийн онгоц бямба гаригийн шөнө Куала Лумпураас Бээжин рүү
хөөрч хоёр цагийн дараа сураггүй болсон юм. Нисэх онгоц 10 мянган метрийн
өндөрт гарсан байжээ. “Нисэх онгоц алга болоод 72 цаг өнгөрч байхад хаана
байгааг нь илрүүлж чадаагүй байна. Тиймээс агаарын хөлөг 10 мянган метрийн
өндөрт задарч, дэлбэрсэн байж болзошгүй байна” хэмээн энэ хэргийн шалгаж буй
мөрдөгчдийн эх сурвалж мэдээлэв.
Хэрвээ “Боинг 777” ийм
өндрөөс дэлбэрэлгүйгээр ус мөргөн далай руу унавал олон жижиг хэсэг болон
задрахгүй хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, дэлбэрэлгүй далайд унасан бол
хурдан олдох магадлалтай аж. Вьетнамын Тхо Чу арлаас 80-аад км-т олдсон нисэх
онгоцны сэг нь Малайзын нисэх онгоцных гэдгийг баталж чадахгүй байгаа юм. Тэр
хавьд гэрэл гэгээ муу байгаа нь эрэл хайгуулд муугаар нөлөөлж байна. Өнөөдөр
тэр бүс нутаг руу хүч нэмэгдүүлэн хайгуул хийхээр төлөвлөөд байна.
370-р нислэгийн “Боинг
777” онгоц радараас алга болохоосоо өмнө чиглэлээ өөрчилсөн хэмээн мэдээлж
байгаа билээ. Уг нисэх онгоцонд хуурамч паспорттой хоёр этгээд нэвтэрсэн, тэд
тийзээ цугтаа худалдаж авсан зэрэг нь нисэх онгоц террорист халдлагад өртсөн
байж болзошгүй гэх хардлагыг нэмэгдүүлээд байгаа юм. Сураггүй болсон нисэх
онгоцонд 239 хүн явж байжээ. Тэдний 153 нь Хятадын, 38 нь Малайзын иргэн юм. Индонезийн
12, Австралийн зургаа, АНУ-ын дөрөв, Францын гурав, Украин, Шинэ Зеланд,
Канадын тус бүр хоёр, Орос, Итали, Тайвань, Голланд, Австрийн нэг нэг иргэн
байгаа ажээ.
Нисэх онгоцыг Малайзын
нисэгч Захари Ахмед Шах жолоодож явжээ. Тэрээр 18 мянган цаг ниссэн маш
туршлагатай нисгэгч аж. “Боинг 777” нисэх онгоц нь 1996 оноос хойш дэлхийн
томоохон авиакомпаниудад ашиглагдаж эхэлснээсээ хойш ганц ч удаа сүйрч
байгаагүй нисэх онгоц юм. Эрэл хайгуулын ажилд 34 нисэх онгоц, 40 хөлөг онгоц
оролцож байна.


No comments:
Post a Comment