Д.Кэмерон, А.Меркель нар уулзжээ
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Германы канцлер
Ангела Меркель нар уулзаж Украины асуудлыг хэлэлцжээ. Орос улс Крымийн бүх
нийтийн санал асуулгыг хууль ёсны болгох гэж оролдвол муу үр дагавартай хэмээн
тэд мэдэгджээ. Энэ нь Оросын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авна гэсэн битүү
дохио хэмээн Guardian сонин мэдээлэв. ОХУ-ын улстөрчид Украины хямралыг
зохицуулахын тулд өрнөдийн орнуудтай хамтран ажиллах ёстой хэмээн тэд үзэж
байна. Кэмерон, Меркель нар Оросын эрх баригчдыг ятгахын тулд хамтран
ажиллахаар тохирчээ. Крымд гуравдугаар сарын 16-нд зарлагдсан бүх нийтийн санал
асуулгыг АНУ тэргүүтэй гүрнүүд сайшаахгүй байгаа. Мөн Турк улс үүнийг Үндсэн
хуулийн бус, хууль эрх зүйн хувьд эргэлзээтэй хэмээн үзэж буйгаа мэдэгджээ.
Хуурамч паспортоор нисэх онгоцонд орсон зорчигчид нь
Ираны хууль бус цагаачид байжээ
Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нисч яваад сураггүй алга
болсон Malaysian Airlines авиакомпанийн онгоцонд бусдын паспорт ашиглан суусан
хоёр зорчигч нь Ираны хууль бус цагаачид байсан хэмээн Daily News мэдээлэв. Тэд
бас нэг иран хүнээр зуучлуулан дээрх паспортыг олж авсан хэмээн үзэж байна.
Цагдаа нар хуурамч паспортоор зорчсон нэг зорчигчийн хэн болохыг тогтоосон ч
нэр усыг нь зарлахаас татгалзсан юм. Тэр зорчигч хэн болохыг мөрдөн шалгалтын
явцад задлахгүй хэмээн мэдэгдсэн байна.
239 хүнтэй хөөрсөн нисэх онгоц халдлагад өртсөн байж
болох зарим нотолгоо гарч иржээ. Нисэх онгоц алга болсон хэргийг судлан шалгаж
байгаа Малайзын тал ч, АНУ-ын тагнуулын албад ч Malaysian Airlines-ийн онгоцыг алан
хядагчид дэлбэлж унагасан байж болохыг үгүйсгэсэнгүй.
Э.Сноуден АНУ-ын Үндсэн хуулийг хамгаалахын тулд нууц
баримтыг дэлгэжээ
Эдвард Сноуден АНУ-ын Үндсэн хуулийг хамгаалахын тулд
Америкийн тусгай албаны нууц баримт материалыг дэлгэсэн хэмээн мэдэгдлээ. “Би
Үндсэн хуулийг хамгаалах тангараг өргөсөн. Үндсэн хуулийг өргөн далайцтай
зөрчиж байгааг би харсан учраас ийм үйлдэл хийсэн юм” хэмээн АНУ-ын Остин хотод
болсон их наадмын төлөөлөгчидтэй видео ярилцлага хийсэн Сноуден онцолжээ. АНУ-ын
Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв газрын экс ажилтан зөв зүйл
хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлсэн байна. “Надад юу тохиолдох нь
хамаагүй. Бид энэ бүгдийг мэдэх эрхтэй” хэмээн Сноуден ярилаа.
Японууд цөмийн эрчим хүч ашиглахыг хүсэхгүй байна
Япон улс цөмийн эрчим хүчнээс татгалзах ёстой хэмээн экс
Ерөнхий сайд Наото Кан мэдэгдлээ. Токио дахь парламентын ордны гадаа цөмийн
эрчим хүч ашиглахыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болжээ. Энэ үеэр Наото Кан
ийнхүү мэдэгдсэн аж.
2011 оны гуравдугаар
сард Японы тэнгист хүчтэй газар хөдлөлт болж асар хүчтэй цунами үүссэн билээ.
Энэ үеэр Фукушимагийн цөмийн цахилгаан станцад осол гарч ихээхэн хэмжээний
цацраг идэвхт бодис алдагдсан юм. Японы иргэд энэ гамшгийн гурван жилийн ойгоор
парламентын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.


No comments:
Post a Comment