Мик Жаггерийн найз бүсгүй амиа хорлосон уу
The Rolling Stones хамтлагийн дуучин Мик Жаггерийн найз
бүсгүй, Америкийн загвар өмсөгч Лорен Скоттыг Нью-Йоркийн Манхеттан дахь гэртээ
өөрийгөө дүүжилсэн байдалтай нас барсан байхыг олсон байна. Скотт, Жаггер нар
2001 оноос хойш хамт байсан юм. Жаггер Австралид аялал тоглолтоор явж байгаа
хэмээн The New York Daily News сонин мэдээлэв.
Загвар өмсөгчөөр олон жил ажилласан Лорен Скотт сүүлийн
үед стилист, загвар зохион бүтээгчийн талбар руу ороод байсан юм. Өнгөрсөн зун
70 насны ойгоо тэмдэглэсэн Мик Жаггер хоёр удаа гэрлэж байсан. Дараа нь өөр
хоёр ч бүсгүйтэй хамт амьдарч байсан ажээ. Алдарт рокчин нийтдээ дөрвөн
эмэгтэйгээс долоон хүүхэдтэй. Жаггер эхний эхнэр нэг сая, хоёр дахь нь 15 сая
доллар аваад салж байжээ.
М.Жаггер найз бүсгүй Лорен Скоттдоо үнэтэй сүйн бөгж
бэлэглэсэн гэх яриа сүүлийн үед гарч байсан ч тэр хоёр гэрлэсэнгүй. Нэрт дуучны
найз бүсгүй нь түүнээс 23 насаар дүү байсан юм.
Стивен Хокин: Хүн төрөлхтөн өөр гаригуудыг эзэмшихгүй бол
нэн даруй мөхнө
Нэртэй эрдэмтэн, физикч Стивен Хокин ойрын 100 жил
жинхэнэ сансар огторгуйн эрин зуун байх болно хэмээн мэдэгдлээ. Хүн төрөлхтөн энэ
хугацаанд шинэ гариг эрхсийг “байлдан дагуулахгүй” бол даруй мөхлийн ирмэг
дээрээ очно хэмээн онцлов. Тэрээр Британийн “Channel 4” телевизийн шинжлэх
ухааны “Planet” нэвтрүүлэгт оролцохдоо олон сонирхолтой зүйл ярьжээ. Хүн төрөлхтөн 50
жилийн дотор Саран дээр суурьшина, Ангараг гариг дээр хөл тавих замаа нээнэ
хэмээн Хокин үзэж байна. Улаан нүдэн гариг 2100 үн хүртэл амьдарна хэмээн
британи эрдэмтэн өгүүлэв.
“Бидний амьдарч буй дэлхий их хөгширсөн. Хүн ам нь улам
бүр нэмэгдэж, нөөц баялаг нь шавхагдсаар байгаа нь аюул заналхийлэл мөн. Бид
эдгээр аюулыг урьдчилан тооцоолж, В төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй” хэмээн
Стивен Хокин цохон тэмдэглэв. “Хүн төрөлхтөн дараагийн 100 жилээс цаашаа оршин
амьдрахыг хүсвэл сансар уудмын хар орон зайг гэтлэн шинэ дэлхий, шинэ гаригийг
эзэмших хэрэгтэй. Эс бөгөөс хүн төрөлтөн мөхөл рүүгээ ойртоно” хэмээн нэмж
хэллээ.
В.Янукович гэрлэлтээ цуцлуулжээ
Эрх мэдлээсээ зайлуулагдсан Украины Ерөнхийлөгч Виктор
Янукович эх орноо орхин зугтахдаа хүн чанараа гээсэнгүй. Тэрээр Киевээс холгүй
орших “Межигорье” дахь эдлэнгээс нисдэг тэргээр зугтахдаа хамтран амьдрагч
бүсгүй Люба Полежай, 12 настай охин Мария болон хоёр хав нохойгоо авч явжээ.
Хэдийгээр эрсдэлтэй байсан ч Янукович нисдэг тэргээ Донецкт буулган тэндээс
хууль ёсны эхнэр Людмилагаа авч хамтдаа Оросын хилийг давсан байна.
Оросын нутагт нэвтэрч Ростов-на-Дону хот руу явж байхдаа
Янукович эхнэртэйгээ илэн далангүй яриа өрнүүлжээ. Тэрээр Любатай үүсгэсэн
харилцаагаа нуух шалтгаан байхгүй болсноо хэлж, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаагаа
дуулгасан аж. Хувь заяатайгаа эвлэрсэн Людмила Александровна бусдын жаргалд
саад болохыг хүсэлгүй чимээгүйхэн явжээ.
Ийнхүү 40 жил ханилсан хоёр Ростов-на-Дону хотод ирээд л
гэрлэлтээ цуцлуулжээ. Людмила Москвагийн ойролцоо байдаг Януковичийн хувийн
зуслан руу явж, Виктор Федорович, Люба нар хамтдаа үлджээ.
Саймон Коуэлл далайн эргээс хөөгдөв
54 настай британи эр Саймон Коуэллийг мэдэхгүй хүн
дэлхийд бараг байхгүй. “Britain’s Got Talent”, “Pop Idol”, “American Idol”, “The
X-Factor UK”, “The X-Factor USA” зэрэг телевизийн алдартай шоуны шүүгч,
продюсерээр ажилладаг түүнийг Их Британид нохой нь хүртэл анддаггүй ч гадаадад
тийм биш ажээ.
Саяхан тэрээр Майамийн эрэг дээр найз бүсгүй Лорен
Силвермен, дөнгөж төрсөн хүү Эрикийн хамтаар алжаалаа тайлжээ. Тэд гэрийнхээ
хоёр жижиг нохойг хамт авч явсан байна. Гэтэл цагдаа ирж “Энд нохой авчрахыг
хориглодог тул та эндээс даруй явна уу” гэжээ. Саймон “Би нэр алдартай хүн, би
хаана ч нохойгоо авч явах эрхтэй” хэмээн томорсон ч америк цагдаа тууштай
байсан тул арга буюу далайн эргийг орхин явсан байна.
Наоми Кэмпбелл ээж болохоор бэлтгэж байна
Британийн загвар өмсөгч Наоми Кэмпбелл Оросын саятан
Владислав Доронинаас салснаас хойш хүүхэдтэй болох талаар бодох болжээ. Тэрээр
өмнө нь ээж болоход бэлтгэгдээгүй, боловсорч гүйцээгүй байна хэмээн нэг бус
удаа ярьж байсан. Тэгвэл энэ удаа тэр цаг нь ирсэн бололтой.
“Би одоо яг хүүхэд хүсдэг насан дээрээ ирээд байна. Би
одоо хүүхэдтэй болохыг хүсч байна. Миний хажууд заавал нэг эрэгтэй хүн байх нь
хамаагүй” хэмээн 43 настай “Хар ирвэс” ярилаа.
Оросын бизнесмэн Владислав Доронин, Наоми Кэмпбелл нар
таван жил хамт амьдраад өнгөрсөн жил салжээ. “Хар ирвэс” Москва дахь Доронины
байшинг орхин Лондонд ирж суурьшжээ. Наоми эдүгээ “The Face” телевизийн шоуны
хөтлөгчөөр ажиллаж байна.
“The
Guardian” шагнуулав
Британийн “The Guardian” сонины
ерөнхий редактор Алан Расбрижер Америкийн тагнуулын газрын ажилтан Эдвард
Сноудений задруулсан нууц баримт материалыг нийтэлснийхээ төлөө Европын
хэвлэлийн шагналыг (European Press award) хүртжээ. Энэ нь Америкийн Пулитцерийн
шагналтай дүйцэхүйц Европын шагнал ажээ. European Press award-ийн шүүгчид
тусгай шагналаа “The
Guardian”-д олгох шийдвэр гаргасан байна. Мөн АНУ-ын
Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард
Сноудений задруулсан нууц материалыг сонинд нийтэлснийг “Оны онцлох үйл явдал”-аар
нэрлэжээ. “The
Guardian” сонин 2013 оны зургадугаар сард Сноудений
задруулсан баримт материалыг анх нийтэлжээ. Энэ нь Америкийн тусгай албад
хэрхэн ажилладаг тухай нууц баримтууд байсан юм.
Венесуэльд амь үрэгдсэн хүний тоо 29-д хүрлээ
Венесуэлийн Маракае хотод болсон эсэргүүцлийн жагсаалын
үеэр Венесуэлийн Үндэсний гвардийн ахмад толгойдоо буудуулан амиа алджээ.
Ийнхүү эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш амиа алдсан хүний тоо 29-д хүрээд
байна. Ерөнхийлөгч Николас Мадуро хэд хэдэн хотод тусгай хүчний цэрэг оруулаад
байгаа юм.
Өчигдөр
нийслэл Каракас хотын Альтамира талбайд цэрэг оруулж талбайг жагсагчдаас
чөлөөлжээ. Цэргүүд тэр хавийн газарт эргүүл хийж олон хүн бөөгнөрөхөөс
урьдчилан сэргийлж байгаа аж. Ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардсан
эсэргүүцлийн жагсаал сар хагасын турш үргэлжилсээр байна. Эсэргүүцлийн
жагсаалын ард АНУ байгаа хэмээн эрх баригчид мэдэгджээ.






No comments:
Post a Comment