Tuesday, 29 April 2014




Ханхүү Харри найз бүсгүйгээсээ салжээ

Британийн ханхүү Харри, түүний найз бүсгүй Крессида Бонас нар хоёр жил хамт байсны эцэст харилцаандаа цэг тавилаа хэмээн The Huffington Post сонин мэдээлэв. Сүүлийн үед олон нийтийн арга хэмжээ, амралт зугаалга дээр байнга хамт үзэгдэж байсан ийнхүү гэнэт салсанд олон хүн харамсаж байна.
25 настай Бонас мэргэжлийн замналдаа анхаарахаар болсон нь салалтын нэг шалтгаан болсон бололтой. Тэрээр өнгөрсөн онд Лондоны консерваторийн орчин үеийн бүжгийн нэг жилийн курсийг төгсчээ.
 Крессида Бонасын гэр бүл Британийн хаан VII Эдвардтай шууд төрлийн холбоотой аж. Ханхүү Уильямтай болздог байсан түүний эгч Изабелла эдүгээ Virgin Group-ийн босс Ричард Брэнсоны хүүтэй суусан юм. Уэльсийн хунтайж Чарльз, түүний анхны гэргий, Уэльсийн гүнж Дайана нарын бага хүү Харри (29 настай) Их Британийн хаан ширээг залгамжлагчдын жагсаалтад дөрөвдүгээрт бичигддэг ажээ.

Украины босогчид Москватай утсаар ярилцсан бичлэгийг америкууд олж авчээ

АНУ-ын Тагнуулын алба Украины зүүн хэсгийн босогчид Оросын эрх баригчидтай утсаар ярилцаж буй аудио бичлэгийг олж авсан хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. Тагнуулын төв газар өнгөрсөн баасан гаригт хаалттай хуралдаан хийхэд Ж.Керри байлцсан аж. Москва өөрсдийн төлөөлөгчдөөрөө дамжуулан Украины босогчдод заавар өгч байсан тухай Америкийн дипломат албаны тэргүүн ярьсан байна. “Ярилцаж буй хүмүүсийн хэл, аялгаас үзвэл энэ бүхний ард хэн байгааг тогтоож болохоор байна. Тэдгээр тушаалыг хэн өгч байгааг бид мэдэж байна” хэмээн Керри онцоллоо. Мөн Гүрж, Крымийн хямралд оролцож байсан хүмүүс Украины зүүн нутаг дахь үйл явдал дунд явж байгаа нотолгоог олж авсан гэв.
Энэ оны хоёрдугаар сард Киев дахь Евромайданы үр дүнд эрх мэдэл солигдсоны дараа Украины зүүн хэсгийн орос хэлтэн оршин суугчид холбооны улс байгуулахын төлөө тэмцэж эхэлсэн юм. Тэд засаг захиргааны ордонг эзэлж, Украины далбааг буулган, Киевээс хараат бус байхын төлөө тэмцэж, цуст мөргөлдөөнд хүрээд байгаа билээ.

Кенид олон эхнэр авахыг хуулиар зөвшөөрлөө

Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениата эрчүүд хэдэн ч эхнэр авч болохыг зөвшөөрсөн хуулийг баталжээ. “Гэрлэлт бол хэдэн эхнэртэй байхаас үл хамаарсан эрэгтэй, эмэгтэй хүний сайн дурын холбоо юм” хэмээн Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сард Кенийн парламент энэ хуулийг дэмжээгүй ч төрийн тэргүүн нь ийнхүү гарын үсэг зуржээ. Эдүгээ кени эрчүүд дахиж эхнэр авахдаа байгаа эхнэрүүдээсээ зөвшөөрөл авах шаардлагагүй болов. Харин эхнэр нь 18-аас дээш настай байх ёстой гэсэн ганцхан хязгаарлалт оржээ.
Хэдийгээр тус улсын иргэдийн ихэнх нь христос шашинтай ч олон эхнэртэй байх заншил өргөн тархсан юм. Кенийн христос сүмийн захиргаа шинэ хуулийг ихээхэн шүүмжилж байгаа бол, хуулийг дэмжигчид “Энэ хууль биеэ үнэлэх явдлаас сэргийлнэ” хэмээн баталж байна.

Иракт парламентын сонгууль эхэллээ

Иракт парламентын сонгууль болж байна. Парламентын хоёр танхмийн 328 суудлын төлөө есөн мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна. 2.6 сая сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Хэд хэдэн намыг нэгтгэсэн “Хуульт төр улс” нам хамгийн их санал авах магадлалтай байна. Ерөнхий сайд асан Айяд Алавийн тэргүүдэг “Иракийн жагсаалт”, Иракийн парламентын спикер Осама Нежефийн “Иракийн арабын жагсаалт” эвсэл дээгүүр давхих дүн гарчээ. Эдгээр гурван нам Иракийн ирээдүйн Засгийн газрын эвслийг бүрдүүлнэ хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.


Г.Шредер В.Путинтэй тэврэлдэн төрсөн өдрийг нь тэмдэглэв

Германы канцлер асан Герхард Шредер ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй халуун дотноор тэврэлдэн уулзаж, төрсөн өдөрт нь явж буй нь гэрэл зурагчдын дуранд өртсөнөөр тэрээр эх орондоо шуугиан дэгдээж, эсрэг дүрийн гол баатар болоод байна. 1998-2005 онд Германы Засгийн газрыг толгойлж байсан Шредер Кремлийн тэргүүний төрсөн өдөрт уригдаж, Санкт-Петербург дахь Юусуповскийн ордонд хүрэлцэн ирж андтайгаа тэврэлдэн уулзахдаа ийнхүү “олзлогдсон” ажээ. Украины зүүн хэсэгт Германы дөрвөн ажиглагч салан тусгаарлах үзэлтнүүдэд барьцаалагдсан, Ангела Меркелийн Засгийн газар Москвад дарамт шахалт үзүүлж эхэлсэн энэхүү эгзэгтэй цаг үед Путин, Шредер нарын дотно харилцаа Германд ихээхэн жигшил, зэвүүцэл төрүүлж байна.
Г.Шредер энэхүү баяр цэнгээн, халуун тэврэлтийнхээ талаар ямар нэг тайлбар хийхээс татгалзжээ. Харин Меркелийн Засгийн газар “Шредер Германы Засгийн газрыг төлөөлж тэнд очоогүй” гэж тайлбарлахаас цааш хэтрээгүй юм. Европын холбоо Орос, Украины удирдагчдын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар болсон, Берлин Украины хямрал дээр дэндүү зөөлөн, үлбэгэр байр суурь баримталж байна гэсэн шүүмжлэл нэмэгдэж буй цаг үед Германы экс удирдагч Оросын лидерийг тэврэн уулзалдсан нь ёстой л “Цагаа олоогүй зүйл” болжээ. Тэрхүү агшныг буулгасан “Нөхөр”-ийг ч хайж, дарамталсан сураг дуулдах болов. Берлин Оросоос эрчим хүчний хамааралтай тул Украины асуудлаар Москвад дарамт шахалт үзүүлэхдээ хүссэн хүсээгүй хойрго хандаж байна хэмээн шүүмжлэлд өртөж байгаа билээ.
Герхард Шредер 2005 онд албаа хүлээлгэж өгснийхээ дараа Оросын “Газпром” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдож, Германы хойд нутаг руу Оросын хийн хоолойг татах төслийг дэмжин ажилласан юм. Оросын удирдагчийн төрсөн өдөрт хөл алдан очсон түүнийг Германы хэвлэлүүд хайр найргүй шүүмжилж байна. “Герхард Шредер Германы гадаад бодлогыг хэнд ч хэрэггүй, дэмий зүйл болгон харууллаа. Тэр юу ч болоогүй юм шиг хувийн бизнесээ бодож байна” хэмээн Der Spiegel-д онцолжээ. 

Арын нүүүүүрррррррррррррррррррррртттттттттттттттттттттттт..............................



Пенелопе Круз 40 хүрлээ

Н.Мөнхжин

Холливудад мандан бадарсан хоёрхон испани жүжигчний нэг (нөгөө нь Антонио Бандерас) Пенелопе Круз уржигдар 40 хүрчээ. Тэрээр “Вики Кристина Барселона” киноны туслах дүрээр испани жүжигчдээс анх удаа Оскарын шагнал авч байсан юм.
Пенелопе Испанийн Алкобендас тосгонд жижиглэнгийн худалдаачин, үсчний гэр бүлд мэндэлжээ. Испани бүсгүй эхлээд бүжиг сонирхож, энэ чиглэлээрээ Мадрид,  Нью-Йоркт олон жил суралцсан байна. Тэрээр хамгийн анх олон ангит цуврал кинонд тоглохдоо дэлгэцээр нүцгэн гарч байсан гэдэг. П.Круз загвар болон үнэртэй усны бизнесийг идэвхтэй хийдэг. Пенелопе “L’Oreal”-ийн рекламанд тоглосныхоо төлөө жилд хоёр сая доллар авдаг ажээ. Испани бүсгүй 2010 онд мөн испани жүжигчин Хавьер Бардемтэй гэрлэж хүү, охинтой болсон билээ.

Monday, 28 April 2014





Хойд Солонгос цэргийн хээрийн сургууль хийнэ

Хойд Солонгосын ардын арми Шар тэнгисийн бүсэд цэргийн хээрийн сургууль хийх болсноо зарлалаа. Байлдааны буудалт хийх хээрийн сургууль хоёр Солонгосыг заагладаг усан хил орчимд болох ажээ. Дөрөвдүгээр сарын 25-нд Хойд Солонгосын эргүүлийн хоёр хурдан завь Өмнөд Солонгосын усан хилийг баруун хэсгээр нь зөрчин орж иржээ. Хойдууд хээрийн сургууль хийх гэж буйгаа өмнөд хөршдөө албан ёсоор мэдэгдсэн байна.

Тагнуулын албаны экс даргыг хөнөөжээ

Венесуэльд Үндэсний тагнуулын албаны дарга асан Элисер Отаиса бусдын гарт амиа алджээ. Дотоод хэргийн яамны тэргүүн Мигель Родригес мэдэгдсэнээр, дөрвөн сумны шархтай түүний цогцос Каракас хотын нэгэн байшингаас олдсон байна. Элисер Отаиса сүүлийн үед Каракас хотын нэгэн дүүргийн зөвлөлийг толгойлж байжээ. Түүнийг хөнөөсөн газраас холгүй автомашиныг нь олсон байна. Гэмт этгээдүүд мөн түүний автомашин руу хэд хэдэн удаа буудсан байжээ.

Хүчтэй шуурга 21 хүний аминд хүрээд байна

АНУ-ын өмнөд нутгийг хүчтэй шуурга дайрч Миссисипи мужийн Тюпело хотыг ихээхэн сүйтгээд байна. Дуучин, жүжигчин Элвис Преслийн төрөлх нутаг гэдгээрээ алдаршсан тус хотод байгалийн гамшгийн улмаас нэг хүн нас баржээ. Арканзаст 15, Алабамад хоёр, Оклахома, Айова, Канзаст тус бүр нэг хүн амиа алдлаа. Хэдэн зуун байшин нурж, цахилгаан, хий дамжуулах хоолой эвдэрч, моднууд үндсээрээ сугарч автомашинууд дээр унажээ. Хохирлыг арилгах ажилд Үндэсний гвардийн цэргүүдийг дайчилж байна. Хүчтэй шуурга дахиад хэд хоног үргэлжилнэ хэмээн Цаг агаарын албанаас санууллаа.

Лондоны метро ажил хаялаа

Лондон хотын метроны ажилчид сүүлийн хэдэн жилд байгаагүй томоохон ажил хаялт зарлаад байна. Өнөөдөр зорчигчдийг Хитроу нисэх буудал руу хүргэдэг буухиа метроны үйлчилгээ бүрэн зогсч байгаа юм. Ажил хаялтын хоёрдугаар шат тавдугаар сарын 5-нд эхэлж тав хоног үргэлжлэх ажээ. Засгийн газар метроны буудал дээр байдаг тасалбар борлуулах цэгийг хааж, автомат түгээгч байрлуулах гэж байгааг метроны ажилчид эсэргүүцэж байна. Үүний улмаас мянга орчим ажилтан ажилгүй болохоор байгаа ажээ.
Метроны 270 буудлын тасалбар борлуулах цэгийг хааж, автоматжуулалтад шилжсэнээр жилд 50 сая паунд (82 сая доллар) хэмнэх тооцоо гарчээ.

Дөрвөн жилийн дотор 201 орноор аялжээ

Британийн 33 настай иргэн Грэм Хьюз дөрвөн жилийн дотор 201 орноор аялж нэгэн өвөрмөц амжилтын эзэн болоод байна. Ингэхдээ тэрээр нисэх онгоц ашиглаагүй бөгөөд аялсан орнуудаа багтаасан дөрвөн минутын селфи-видео бичлэг хийжээ. Тэрээр үүнийгээ аварга амжилтын Гиннесийн ном руу явуулсан ч тус номыг эрхлэн гаргагчид “Шалгахад хэтэрхий их цаг, хугацаа орох юм байна” хэмээн буцаасан аж. Грэм дөрвөн жил 31 хоногийн дотор дөрьөн сая км замыг явганаар болон олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглан туулсан байна. Энэ нь эх дэлхийг сарнаас тусгаарлаж буй зайн гуравны нэг гэсэн үг.
Грэм Хьюз 2008 оны сүүлчийн өдөр төрөлх Ливэрпүүл хотоосоо гарч 2012 оны арванхоёрдугаар сард дэлхийн хамгийн залуу улс болох Өмнөд Суданы хилийг давж аялалаа дуусган оргилуун дарс буудуулан амжилтаа тэмдэглэжээ.    


Орос, НАТО болзошгүй дайнд бэлтгэж байна

НАТО-гийн холбоотнууд болон ОХУ-ын арми Украины хил орчимд цэрэг зэвсгийн “булчин шөрмөс”-өө харуулж, бие биенээ зайнаас заналхийлсээр байна. “Энэ бол зөвхөн цэргийн ердийн сургуулилт” гэж байгаа ч Орос, өрнөд хоёр Хүйтэн дайнаас хойш хамгийн их цэрэг, зэвсгээ бөөгнөрүүлээд байгаа юм.
АНУ Польш болон Балтийн орнуудад 600 орчим  цэргээ илгээхээ мэдэгдсэн. Европын зүүн хэсэг дэх холбоотны цэргийг нэмэх төлөвлөгөө одоогоор алга. Тэнд Америкийн 67 мянган цэрэг байрлаж байгаа бөгөөд Пентагон цэргийн төсвөө багасгах болсноор энэ тоо байнга багассаар иржээ. Оростой хил залгадаг түнш орнуудаа тайвшруулахын тулд АНУ ийм алхам хийсэн ч ямар ч тохиолдолд НАТО-гийн гишүүн бус Украин руу цэргээ оруулахгүй хэмээн мэдэгдэж байна. Харин АНУ Киевтэй тагнуулын мэдээлэл солилцож, “зөвлөгөө өгч” болно гэжээ.
Польш, Литва, Латви, Эстонид болох хээрийн сургуульд Италийн Виченцад байрладаг АНУ-ын агаарын тээврийн баазын 600 америк цэрэг болон орон нутгийн цэргүүд оролцоно. Пентагон эдгээр орнууд дахь цэргүүдийнхээ хугацааг сар бүр сунгаад явах боломжтой хэмээн мэдэгджээ. Мөн АНУ Хар далай руу “”Тейлор” цэргийн хөлөг онгоцоо илгээсэн юм. “Тейлор”-т одоогоор 400 орчим америк цэрэг байрлаж байгаа бөгөөд хоёр мянга хүртэлх цэргийг байрлуулах чадвартай ажээ.
Үүнээс гадна Польшийн Ласк бааз руу 200 америк цэрэг, F-16 байлдааны онгоц, С-130 цэргийн тээврийн онгоцуудаа илгээх болсноо АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел зарлав. Бас Повидц дахь бааз руу НАТО-гийн цэргийн нисэх онгоцуудыг цэнэглэх үүрэгтэй КС-135 онгоцуудыг илгээсэн байна. Литвагийн Шиаулай бааз дээр НАТО-гийн агаарын хөлгүүдийн хамтаар агаарын орон зайг хянах F-15 сөнөөгч онгоцууд иржээ.
Украины хил орчмын Донын Ростов, Воронеж, Белгород, Курск орчимд Оросын 40 мянган цэрэг бөөгнөрөөд байна хэмээн НАТО мэдэгдэв. Энэ тоо 50 мянгад хүрч магадгүй хэмээн Украины цэргийн шинжээч Дмитрий Тимчук үзэж байна. Янз бүрийн эх сурвалжийн мэдээллээс үзвэл, тэнд Оросын элит анги нэгтгэл болон десантчид цуглараад байгаа аж. Харин Украины Батлан хамгаалахын сайд асан Игорь Тенюкийн баталж буйгаар, өнгөрсөн сард Украины хил орчимд Оросын 220 мянган цэрэг ирсэн ажээ. Украины армийн хуурай замын цэрэг гэхэд л 100 мянгаас хэтэрдэггүй.

Украины хил орчимд Оросын зэвсэгт хүчний 200 орчим артиллерийн их буу, 700 гаруй танк, хуягт машин, 230 орчим байлдааны нисэх онгоц, 120 гаруй нисдэг тэрэг бөөгнөрөөд байгааг Тимчук хэллээ. Хар далай дахь Оросын флотын 50 орчим хөлөг онгоц дээр Балтийн тэнгисээс 30 орчим цэргийн хөлөг онгоц нэмэгдэж иржээ. Тэдгээр нь Донецк мужид хамаардаг Азовын тэнгист эргүүл хийх юм. Украиныг НҮБ-д төлөөлдөг элчин сайд Юрий Сергеев, оросууд Украины хил орчимд “Град” пуужингаа их хэмжээгээр авчраад байна хэмээн мэдэгдлээ. Чеченийн дайны үеэр Грозный хот руу харваж байсан “Град” пуужин ихээхэн хөнөөх чадалтай нь батлагдсан юм.


Жастин Тимберлейк “Цайны мөнгө”-ийг цацав

Н.Мөнхжин

Германы Кёльн хотын Crystal Cologne шөнийн клубын үйлчлэгчид Америкийн дуучин Жастин Тимберлейкт улам хайртай болов. 33 настай дуучин Кёльн хотод The 20/20 Experience World Tour аялан тоглолтынхоо хүрээнд хоёр концерт тоглосон юм. Үүний дараа тэрээр шөнийн клубт найз нартайгаа ирж алжаалаа тайлжээ. Тимберлейк үүрийн таван цаг хүртэл тэнд байж байгаад гарахдаа үйлчлэгч хүүхнүүдэд нийтдээ дөрвөн мянган еврогийн “Цайны мөнгө” үлдээсэн аж.
Шоу бизнест хамгийн их амжилт олсон дуучинд тооцогддог Жастин угийн өгөөмөр зантай нэгэн. Тэрээр шан харамж дээр гар татдаггүйн дээр хамгийн царайлаг, гоё хоолойтой, гоё хувцасладаг дуучин билээ. Тэрээр өнгөрсөн онд гэхэд л 34.1 сая долларын орлого олжээ.

Saturday, 26 April 2014

Соледарын босогчид Украины десантын довтолгоог няцаажээ

Украины армийн десант дөрөвдүгээр сарын 27-ны шөнө Донецк мужийн Соледар хотод бууж босогчдын хамгаалалтын байрлалыг устгаж, нэг хүнийг олзолжээ. Босогчид Соледараас 10 км-ийн зайд орших Володарын уурхайд украин цэргүүдийг нэвтрүүлэхгүй гэж хамгаалж байжээ. Украины 15 десантчин буух үед хамгаалалтын байрлалыг зэвсэгггүй дөрвөн хүн манаж байжээ. Тэд нэг хүнийг шархдуулж, хоёрыг олзолсон ч нэг нь нисдэг тэрэгнээс үсрэн зугтсан байна.

Үүний дараа Украиныг холбооны улс болгохыг дэмждэг нутгийн уурхайчид төмөр, модоор зэвсэглэн ирсэн юм. Десантчид хэд хэдэн удаа анхааруулж буудсаны эцэст нисдэг тэргэндээ суун буцжээ. Володарын уурхайд зөвлөлтийн үеийн ихээхэн зэр зэвсэг хадгалагдаж байна. Зарим мэдээллээр, тэнд гурван сая орчим зэр зэвсэг байгаа ажээ. Украины цэргийг тийшээ оруулахгүйн тулд иргэд хамгаалалт хийж байгаа юм.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд огцорлоо

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Хон Вон “Севол” хөлгийн ослын улмаас огцорч буйгаа зарлалаа. “Би энэ албыг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Засгийн газрын цаашдын үйл ажиллагаанд түвэг учруулахгүйн тулд огцорч байна” хэмээн тэрээр мэдэгдэлдээ дурджээ.

476 зорчигч суулган Чэжү арал орохоор явж байсан “Севол” хөлөг онгоц дөрөвдүгээр сарын 16-нд сүйрч живсэн юм. Хамгийн сүүлчийн мэдээллээр 187 хүний цогцсыг гаргаад байгаа бөгөөд дахиад 115 хүн сураггүй байгаа ажээ. 174 хүнийг аварч чадсан байна. Хөлөг онгоцны ахмад Ли Жун Сок дүрэм зөрчин живж буй хөлөг онгоцоо хамгийн түрүүнд орхиж явжээ. Тэрээр насаараа шоронд хоригдох ял авч магадгүй байна.

Венесуэльд жагсагчдыг хүчээр тараажээ

Венесуэльд боловсролын шинэчлэл болон жагсаал цуглаан хийхийг хязгаарласан дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн иргэд жагсаал хийжээ. Хамгийн том жагсаал нийслэл Каракас хотод болов. Каракасын гудамжинд долоон мянга орчим хүн гарч эсэргүүцлээ илэрхийлжээ. Цагдаа нар жагсаалыг хүч хэрэглэн тарааж, 20 орчим хүнийг баривчилсан байна.

Тус улсад Засгийн газрын эсрэг жагсаал хоёрдугаар сараас эхэлж, 41 хүн амь насаа алдаад байгаа юм. Дөрөвдүгээр сарын 20-нд Улаан өндөгний баяраар мөн эсэргүүцлийн жагсаал болж, иргэд Ерөнхийлөгч Николас Мадурогийн мануухайг шатаажээ.

“Их-7” Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээг дэмжив

“Их-7”-гийн лидерүүд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар тохирчээ. Санхүүгийн хориг арга хэмжээ өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ хэмээн Цагаан ордны төлөөлөгч мэдэгдэв. Нэмэлт хориг нь эдийн засаг, санхүү, худалдааны салбарыг хамрах төдийгүй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд ойр ажилладаг хувь хүн, пүүс компанийг хамрах ажээ.


“Украин дахь Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай  явуулж, ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах нь чухал хэмээн үзсэний үндсэн дээр Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах хэрэгтэй боллоо. Оросууд Украин дахь үйлдлийнхээ төлөө илүү их үнэ төлөх болно” хэмээн Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд онцолжээ. Донбасс дахь засаг захиргааны барилгыг эзэлсэн идэвхтнүүдийн дунд Оросын тусгай албаныхан байна хэмээн Киев үзэж байна. Гэвч Москва үүнийг няцааж байгаа юм. 



Украины Ерөнхийлөгчид нэр дэвшигч Олег Царев: Москва, Киев хоёр сөргөлдөх тусам Крым Украинаас улам холдох болно

 

Украины парламентын гишүүн Олег Царевийг Оросын талыг баримтлагч улстөрчдийн нэг гэж үздэг. Тэрээр ирэх сарын 25-нд болох Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Крым хэнийх байх ёстой, Украины нэгдмэл байдлыг хадгалахын тулд юу хийх ёстой талаар О.Царев Лента.ру-д ярьж байна.

 

-Украины зүүн урд хэсэгт, тэр тусмаа Донецкт болж буй үйл явдлыг та хэрхэн дүгнэж байна вэ? Тэднийг гаднаас өдөөн турхирч байгаа гэдэг нь хэр үнэний хувьтай вэ?

 

-Украины эрх баригчид сүүлийн 20 жилийн турш энэ бүс нутагт анхаарлаа хандуулаагүй, орон нутгийн иргэдийн үзэлд бодол, сэтгэлгээг ойлгохыг оролдоогүй. Ерөнхийлөгч нар сонгогдоод л Киевт бүгээд амлалтаа мартаж байсан. Кучма ч тэр, Янукович ч тэр. Тиймээс тэнд байдал хүндэрч, өнөөдөр ийм дээрээ хүрээд байна. Би Донецк, бас Луганскт оччихоод ирсэн. Тэнд Оросын ямар ч тусгайгийнхан алга.

 

-Зүүн өмнөд нутаг таныг дэмжих магадлал өндөр байгаа. Гэтэл тэнд Украинаас тусгаарлах дуу хоолой сонсогдож эхэллээ. Тусгаарлахгүй ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийг тасалдуулах бололтой. Тэр нутгийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

 

-Тийм юм болохгүй гэдэгт найдаж байна. Эрх баригчид ард түмнийхээ үгийг сонсох биз. Украиныг зөвхөн их цус л хувааж чадна. Тиймээс Киев цэрэг, армиа зүүн өмнөд нутгаас татаж, байнгын хуаран, байрлалд нь буцаан авчрах хэрэгтэй.

 

-Та саяхан л Украиныг Гаалийн холбоонд оруулж, Оростой ойртон нөхөрлөх ёстой гэж хэлж байсан. Таныг Ерөнхийлөгч болчихлоо гэж үзье. Тэгвэл та Кремльтэй хэрхэн харилцах вэ. Крымийг буцааж авах гэж оролдох уу?

 

-Украин улс зөвхөн Оросын хамтаар Крымд буцаж очиж чадна. Москва, Киев хоёр сөргөлдөх тусам Крым Украинаас улам холдох болно. Тиймээс бид найрсаг харилцаагаа сэргээх ёстой. Сөргөлдөөнөө зогсоож, хамтын ажиллагаагаа бэхжүүлвэл Крым украинуудад ч, оросуудад ч нээлттэй байх болно.

 

-Бүр тодруулж асууя. Крым хэнд харъяалагдах ёстой вэ?

 

-Крым юуны түрүүнд тэнд амьдарч буй хүмүүст харъяалагдах ёстой. Тэгээд тус хойг украинуудад ч, оросуудад ч нээлттэй байх  ёстой.

 

-Бүс нутгийн нам Михаил Добкиныг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн...?

 

-Миша их хурц, хүчтэй улстөрч. Бүс нутгийн нам нэгдмэл улсын төлөө байдаг. Зүүн өмнөд нутгийн босогчид эзэлсэн байшин, барилгаа даруй чөлөөлж, эсэргүүцлийн хөдөлгөөнөө зогсоох ёстой гэж тэд үзэж байна.

Харин миний байр суурь арай өөр. Украин улс холбооны улс байх ёстой. Засаг захиргааны байруудыг хэрхэн эзэлж байсан, тэр дарааллаар чөлөөлөх хэрэгтэй. Эхлээд Киевт чөлөөлсөн, одоо Донецк, эсвэл Луганскт эзлэгдсэн байшин, барилгуудыг чөлөөлөх ёстой. Яг энэ дарааллаар босогчдын зэвсгийг хураах ёстой.

 

-Ерөнхийлөгчид нэр дэвшсэн таны өрсөлдөгч нар танаас хавьгүй илүү санал авахаар байна. Перт Порошенко, Юлия Тимошенко нарын хооронд гол өрсөлдөөн болох юм биш үү?

 


-Миний гол зорилго бол дайныг зогсоох. Үүнээс илүү чухал зүйл гэж байхгүй. Дайны үйл хэргийн ард сонгууль болвол ямар энх тайван ирэх билээ, тийм үү. Миний үзэж буйгаар, өнөөгийн эрх баригчид улс орныг дайнд татан оруулж байна. Засгийн газрыг самуунтай байгаа бүс нутгийн иргэдтэй яриа хэлэлцээ хийлгэхийн тулд би хамаг цаг, зав, кампанит ажлаа зориулж байна.

Thursday, 24 April 2014

АНУ Японы Сенкаку арлыг хамгаална

Вашингтоны хамгаалалт Японы маргаантай Сенкаку аралд хүрнэ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ. Тэрээр Токио хотноо Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн байна. “АНУ-ын бодлого тодорхой. Секаку арлыг Япон удирддаг. Тиймээс тус арал АНУ, Японы хооронд байгуулсан харилцан хамтын ажиллагаа, аюулгүй байдлыг сахиулах гэрээний 5-р заалтад хамаарч байгаа” хэмээн Барак Обама хэлжээ. Японы засаг захиргааны газар нутагт халдах нэг талын ямар ч оролдлогын эсрэг зосох болно хэмээн нэмж онцоллоо.  
Уг арлыг Дяоюйдао хэмээн нэрлэдэг Хятадын эрх баригчид Обамагийн мэдэгдлийг тэр даруйд нь шүүмжлэв. Дяоюйдао арлын асуудлыг дээр дурдсан гэрээнд хамруулахыг эрс эсэргүүцэж буйгаа Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

Хамгаалалтын ажилтан гал нээжээ

Афганистаны нийслэл Кабул хотын эмнэлэгт хамгаалалтын албаны ажилтан хүмүүс рүү гал нээжээ. Үүний улмаас гадаадын гурван иргэн  амиа алдаж, нэг хүн шархадлаа хэмээн Афганы цагдаагийн газраас мэдээлэв. Кабул хотын баруун захад оршдог эмнэлэгт өглөө эрт ийм хэрэг гарчээ. Нас барсан гадаадын гурван иргэний нэг нь тус эмнэлэгт эмчээр ажиллаж байсан аж. Гал нээсэн этгээд нь эмнэлгийн хамгаалалтын хариуцдаг цагдаагийн ажилтан байжээ.

Wednesday, 23 April 2014

Арын нүүүүүүүүүүүүүүүүррррррттттттттттттт



Майкл Жексоны хүүхдүүдийн төлөөх тэмцэл

Н.Мөнхжин

Попын хаан Майкл Жексоны хүүхдүүдийн төлөөх тэмцэл мөдхөн ширүүсэх бололтой. Шүүхийн шийдвэрээр Майклын ээж Кэтрин болон дүү Ти.Жэй Жексон нар попын хааны хүүхдүүдийн асран хамгааллыг хүлээж авсан юм. 55 настай Дебби Роу өөрийн биологийн хүүхдүүд төдийгүй Майклын бага хүүгийн асран хамгааллыг өөр дээрээ авах санаатай байна. Тэрээр Майклын хүү Принс, охин Пэрис хоёрыг төрүүлсэн юм. Майкл, Дебби хоёр 199 онд салжээ. Майкл хүүхдүүдийнхээ асран хамгааллыг түүнд шилжүүлж, найман сая доллар өгье гэсэн ч Дебби зөвшөөрөөгүй аж.
Майкл Жексоны ах Жермейн, Тито, Жеки, Марлон нар хамтарсан мэдэгдэлдээ, Дебби Роу гэнэт хүүхдүүдээ санан, ярьж эхэлсэнд гайхаж буйгаа илэрхийлжээ. Мэдээж мөнгө түүнийг хөдөлгөж байгаа хэмээн тэд үзэж байна. Дебби өнгөрсөн Зул сарыг хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөсөн юм.


Хар тамхитай онгоцыг буудаж унагахыг зөвшөөрчээ

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес мансууруулах бодис тээвэрлэж яваа нисэх онгоцыг буудаж унагах зөвшөөрлийг цэргийнхэнд өгчээ. Энэ тухай Prensa Latina агентлаг уламжиллаа. Боливийн цэргийн агаарын орон зайг хамгаалах хууль гурав  хоногийн өмнө батлагджээ. “Энэ хуулийн ачаар хар тамхины хууль бус наймааны эсрэг тэмцэл шинэ шатанд гарах болно” хэмээн Э.Моралес мэдэгдлээ. Үүнээс өмнө Боливийн цэргийнхэн хар тамхи тээвэрлэж яваа нисэх онгоцыг буудаж унагах эрхгүй байсан юм.

Wikileaks-ийн мэдээлэгч эмэгтэй нэртэй болов

35 жилийн ял эдэлж байгаа Wikileaks-ийн мэдээлэгч Брэдли Мэннинг Челси хэмээх эмэгтэй нэртэй болжээ. Мэннинг өөрийгээ эмэгтэй хэмээн мэдрэх болсноо хүлээн зөвшөөрсөн байна. “Би амьдралынхаа шинэ үед орж байна. Бүгд миний шинэ нэрийг мэдээсэй гэж хүсч байна. Намайг Челси Мэннинг гэдэг. Би эмэгтэй хүн. Хүүхэд байхаасаа л өөрийгээ эмэгтэй хүн гэж мэдэрдэг байсан. Дааврын эмчилгээг аль болох хурдан хийлгэмээр байна” хэмээн  Мэннинг ярьжээ.
Брэдли Мэннинг 2013 оны наймдугаар сарын 22 хүртэл буюу хүйсээ солиулах хүсэлт гаргах хүртлээ эрэгтэй хүнд тооцогдож байв. Гэвч АНУ-ын арми түүний хүйсээ солиулах хүсэлтийг няцаажээ. Тэрээр энэ өдөр шүүхээс ял сонссон юм.
Америкийн хуулиар, хүйсийн байдалдаа сэтгэл дундуур байвал цэргийн албанаас чөлөөлөх үндэслэл болдог. Гэвч Мэннинг ял эдэлж байхдаа албанаас чөлөөлөгдөх боломжгүй юм. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгөөс өршөөл хүссэн ч татгалзсан хариу сонссон билээ.

Бан Ги Мун Сирийн ард түмэнд туслахыг уриалав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Сири дахь мөргөлдөөнд оролцогч талууд олон улсын хууль дүрмийг зөрчиж буйн эсрэг Аюулгүйн зөвлөл яаралтай арга хэмжээ авах ёстой” хэмээн мэдэгдлээ. Сирийн 300 мянган иргэн хүмүүнлэгийн тусламж авч чадахгүй байгаа нь гутамшигтай хэрэг хэмээн НҮБ-ын тэргүүн хэлжээ. Аюулгүйн зөвлөл Сирид хүмүүнлэгийн тусламжийн зам нээхийг хоёр сарын өмнө шаардсан билээ. Гэвч сөргөлдөгч талууд ийм боломж олголгүй, олон зуун хүн амь үрэгдсээр байгааг Бан Ги Мун шүүмжилсэн байна. 


Украины Славянск хотын мэр Вячеслав Пономарев: В.Путин биднийг сонсоно гэдэгт итгэж байна

Украины Донецк мужийн Славянск хотыг Оросыг дэмжигчид эзлээд байгаа билээ. Донецк хотын парламент болон засаг захиргааны бусад ордонг эзэлсэн жагсагчид “Донецкийн бүгд найрамдах улс” байгуулж буйг зарлан тунхагласан юм. Славянск хотын мэр Вячеслав Пономарев Газета.ру-д ярьж байна.

-Та нар Европ, Америкийн хориг арга хэмжээнээс айж байна уу. Донецкийн бүгд найрамдах улс гэж байгуулсан. Өрнөд хариу өгөх гэж удахгүй л байх...?

-Өрнөд хол, Орос ойрхон байна.

-Жишээ нь, та нарын төлбөрийн картыг хаачихвал яах вэ?

-Яах ч үгүй. Бид нарт өөрийн гэсэн банкирууд байна. Тэд нартай ярилцаад л болох зүйл.

-Энгийн 100 иргэний дунд ядаж нэг нь та нараас өөр үзэл бодолтой байгаа байх. Тэд нарыг яах вэ?

-Тэд үсрээд л 40 хүрэх байх.

-Тэд нарыг устгах юм уу, яах юм?

-Тэд яахав, тусдаа хүчин болоод байж байна биз. Гэхдээ бид тэднийг хяналтдаа байлгах болно.

-Украины Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 25-нд болохоор төлөвлөгдсөн байгаа.... ?

-Тэр сонгууль болохгүй.

-Донбасст болохгүй гэж үү? Тэгвэл Славянскт яах вэ?

-Хаана ч болохгүй. Надад итгэ, тэр сонгууль хаана ч болохгүй.

-Та нар сонгууль явуулахыг зөвшөөрөхгүй гэж үү?

-Зүүн өмнөд нутагт тэр сонгуулийг явуулахгүйн тулд бид шаардлагатай бүх арга хэмжээг авах болно.

-Яаж тэр вэ?

-Хэн нэгнийг олзлоод, төмсөгнөөс нь дүүжлэнэ. Ойлгож байна уу?

-Ноёнтоон, та ямар аймаар юм ярьж байна аа...?

-За үгүй дээ, надад итгэ. Би сайн хүн шүү. Заримдаа миний сайхан сэтгэлийг миний сул тал болгон хүлээж аваад байдаг юм.

-Таны хүрмэн дээр Георгиевийн тууз байна. Ямар учиртай юм бэ?

-Энэ бол өвөөгийн минь, дайны, бидний өвөг дээдсийн дурсгал. Тэд бидний эрх чөлөөний төлөө амиа өргөсөн хүмүүс.

-Оросын дэмжлэг юун дээр харагдаж байна вэ?

-Юуны түрүүнд сэтгэл зүйн дэмжлэг ирж байна. Бид тэднээс нэг ч копейка аваагүй шүү. Өөрсдөө л болгож байна. Олон бизнесмэн бидэнд туслаж байна. Маргааш би Славянскийн бүх бизнесмэнийг цуглуулах болно. Мөн банкируудтай яриа өрнүүлсэн байгаа.

-Та Славянскт болсон хэвлэлийн хурал дээр Путинд хандаж энхийг сахиулах цэрэг, зэвсэг, хоол хүнс оруулахыг хүссэн. Тэд нартай ямар нэг харилцаа холбоо тогтоох боломж байна уу?

-Харилцаа тогтоох хэрэгтэй бол тогтоож л таарна. Тэд биднийг сонсоно гэдэгт итгэж байна.

-Донбассын бусад босогч хоттой яаж харилцаж байна вэ?

-Харилцаа, зохицуулалт аль хэдийнэ тогтсон. Хувийн харилцаа, нөхөрлөл тогтсон. Ямар ч бичиг цаас, гарын үсэг гэж байхгүй.

-Донбассын бүгд найрамдах улсын албан ёсны хэл нь ямар хэл байх вэ?

-Орос.

-Украин хэл байхгүй гэж үү?

-Украин хэлээр ярилцаж, дуу дуулж болно.

-Янукович Ерөнхийлөгч хэвээрээ юу?

-Тэр цаашаа зайлаг.

-Одоо ч Киев захирагдаж, өөрсдийгээ Украины нэг хэсэг гэж үзсээр байгаа үндэстний цөөнхийг яах вэ?

-Бид нартай хамт үлдвэл үлдэг л дээ.

-Босогчид Оросын заавраар хөдөлж байна гэж байгаа Обамад юу хэлэх вэ?

-Тэр дуугүй л байсан нь дээр дээ.

-Цаашдаа юу болох бол. Хямралыг шийдвэрлэх ямар хувилбар байна вэ?

-Амьдрах л болно. Славянск юугаараа ялгаатай юм бэ? Бид нарт зааварлаад хэрэггүй. Юу хийхээ бүгд мэдэж байгаа.  

-Та Обамаг үл тоосон. Тэгвэл Путиний талаар юу хэлэхсэн бол?


- Владимир Владимирович, таны сэтгэл санааны дэмжлэгт талархаж байна. Бид хол зайтай байгаа ч та бидэнтэй сэтгэлээрээ хамт байгааг ойлгож байна. Бидэнд яриад байх юм нэг их байхгүй. Бүх юм сайн болно оо.

Tuesday, 22 April 2014

За тэгээд, өчигдөр ороогүй мэдээгээ сайхан чихээд дүүргэчихээрэй ээээээээээээээ...................



АНУ-ын цэрэг Польш, Балтийн хойгт ирж байна

АНУ 600 орчим цэргээ Польш болон Балтийн орнууд руу илгээжээ. ОХУ Крымыг нэгтгэсний хариуд Пентагон НАТО-гийн холбоотнуудаа тайвшруулахын тулд ийм арга хэмжээ авч буй бололтой. Польш, Эстони, Литва, Латвид тус бүр 150 америк байрлаж, нэг сарын хугацаатай хээрийн сургууль хийх ажээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Тэнгисийн цэргийн “Тэйлор” хөлөг онгоц Хар тэнгист буцаж ирсэн байна. Харин “Дональд Кук” цэргийн хөлөг онгоц Хар далайг орхин явжээ.
АНУ болон НАТО Украинд цэргээ оруулахгүй гэдгээ дахин онцлов. Хэдийгээр оросууд Крымыг нэгтгэж, Украины хил орчимд цэргээ бөөгнөрүүлж байгаа ч Украинд цэргээ оруулах санаагүй байгаагаа АНУ мэдэгджээ.

Хятадууд 50 “Боинг” захиалжээ

Хятадын Shandong Airlines авиакомпани Америкийн Boeing компаниас нарийн их биетэй 50 нисэх онгоц нэг дор захиалжээ. Наймааны нийт өртөг 4.6 тэрбум доллар болж байгаа аж. Агаарын хөлөг худалдаж авах гэрээг Хятадын Засгийн газар батлах ёстой.
Дээрх наймаа хийгдвэл Хятадын зах зээлийн төлөө Airbus-тай өрсөлдөж байгаа Boeing-ийн хувьд том амжилт болох юм. Тэр тусмаа 100-200 суудалтай нарийн их биетэй нисэх онгоцны зах зээл дээр ширүүн өрсөлдөөн явагдаж байгаа билээ. Airbus компани Хятадын нутаг дэвсгэр дээр хоёр дахь үйлдвэрээ нээхээр бэлтгэж байна. Хятадын агаарын тээврийн зах зээл дэлхийд хамгийн ирээдүйтэйд тооцогддог. Тус улсын авиакомпаниуд дотоодын тээвэрт зориулж том биш, хэмнэлттэй нисэх онгоц авах сонирхолтой байдаг ажээ.


Руань - төлбөр, тооцооны шинэ нэгж

Оросын Батлан хамгаалахын сайд, генерал Сергей Шойгу (Тувагийн уугуул, түрэг гаралтай), Хятадын Батлан хамгаалахын сайд, хурандаа-генерал Чан Ванцюань нар дөрөвдүгээр сарын эхээр Такикистаны Хужанд хотод хоёр талын уулзалт хийсэн билээ. С.Шойгу Крым, Украины асуудал дээр дэмжлэг үзүүлсэн Хятадын талд талархал илэрхийлсэн юм.
Хятадын цэргийн яамны тэргүүн хариу талархал илэрхийлээд, дэлхийн зарим хэсэгт “Өнгөт хувьсгал”-ын чимээ тархаж буйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Орос, Хятад хоёр ойрын жилүүдэд цэргийн салбар дахь хоёр талын стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, мөн улс төр, эдийн засгийн харилцаагаа тэлэхийг хүсч байна. 2020 онд Орос-Хятадын худалдааны хэмжээ 200 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. Үүнээс гадна, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын аюул, эрсдэлтэй холбогдуулж Хятад улс нэгдсэн шинэ валют гаргах саналыг Оросын Засгийн газарт тавьжээ.
Сүүлийн хэдэн жилийн турш үргэлжилсээр байгаа дэлхий дахины улс төр, эдийн засаг, нийгмийн хямрал Оросын эрдэмтдийг олон улсын худалдаанд доллар, еврогоос өөр гадаад валютыг ашиглах тал дээр судалгаа, шинжилгээ хийхэд хүргэсэн юм. АНУ-ын эдийн засгийн доройтол, өр, зээлнийхээ араас өндийж чадахгүй байгаа хэд хэдэн улс орон, орчин үеийн санхүүгийн зах зээл дээрх долларт дулдуйдсан тэнцвэргүй байдал зэргийн улмаас олон улсын төлбөр, тооцооны шинэ валютыг бий болгох шаардлага гарч иржээ. Украины хямрал, Оросын эсрэг хориг арга хэмжээ авах гэсэн өрнөдийн оролдлого зэрэг нь энэхүү Америкийн мөнгөн дэвсгэртээс зугтах шаардлага, эрч хүчийг улам түргэсгэж байна.
Санал болгож буй төлбөр, тооцооны нэгжийг “Эрчим хүчийг хангах валют” хэмээн одоогоор нэрлэж байна. Түүний үнэ өртөг нь үйлдвэрлэсэн, нэрлэсэн үнэ биш. Харин зарцуулсан, хэрэглэсэн эрчим хүчээр үнэлэгдэх ажээ. Зарцуулсан эрчим хүчний үнэ өртөгтэй тэнцэх төлбөрийн хэрэгслийг нэвтрүүлснээр эдийн засгийн үйл явцад гол заагч, чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж, ердийн нөхцөл дэх тогтвортой хөгжлийг дэмжиж өгнө хэмээн үзэж байгаа аж. Эрчим хүчний эх үүсвэрийн хэмжээ, эзлэхүүнийг харж энэхүү шинэ валютыг хэвлэн гаргах бөгөөд ингэснээр эдийн засгийн системд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах юм байна.

Зарим хэвлэлээр руань (рубль+юань) хэмээн нэрлэх болсон төлбөр, тооцооны шинэ нэгжийг гаргаснаар Оросын эрчим хүчний эх үүсвэр болон Хятадын ажиллах хүч батжиж бэхжих ажээ. Орос, Хятад хоёр эрчим хүчний тэнцүү чанар дээр үндэслэсэн шинэ валют гаргахаар идэвхтэй ярилцаж байна. Москва, Бээжингийн эрх баригчид энэхүү төслийг хэрэгжүүлбэл дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах ажээ. 

Monday, 21 April 2014

Хойд Солонгос туршилтад бэлтгэж буй бололтой

Хойд Солонгосын тал дөрөв дэх цөмийн туршилтаа хийхээр бэлтгэж байна хэмээн Өмнөд Солонгосын цэргийнхэн үзэж байна. Хойд Солонгосын Пунгери цөмийн туршилтын талбай ихэд идэвхжиж, хөдөлгөөнд орсон тухай Сөүлээс мэдэгдлээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээлж буйгаар, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ долоо хоногт Сөүлд айлчлалаар ирж буйтай холбогдуулан хойдууд цөмийн туршилт хийх гэж байгаа бололтой. Хойд Солонгос өнгөрсөн гуравдугаар сард ээлжит цөмийн туршилтаа хийсэн юм. АНУ-ын Төрийн департамент энэхүү туршилтыг буруутгаж, Пхеньяныг цаашдын заналхийлсэн үйлдлээсээ татгалзахыг шаардсан билээ.

арын нүүрт шөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөө...............................!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!



Ричард Гир энэтхэг бүсгүйд дурлажээ

Жүжигчин Ричард Гир өнгөрсөн оны есдүгээр сард 11 жил ханилсан эхнэр Кэри Лоуэллээс салсан билээ. “Хөөрхөн хүүхэн” киноны дүрээр дэлхийд танигдсан Р.Гир (64 настай) эдүгээ Энэтхэгийн телевизийн хөтлөгч, жүжигчин Падма Лакшмитэй найзалж байна. Тэд Нью-Йорк хотод кино зураг авалтад оролцож байхдаа танилцжээ. Тэд романтик харилцаагаа олон нийтэд тунхаглаж, хамтдаа оройн зоог барих болсон аж.

Ричард Гир, Кэри Лоуэлл нар дундаасаа Гомер хэмээх нэг хүүтэй. Буддын шашинтан Р.Гир нам гүм, амар амгаланг эрхэмлэж, эхнэр нь дээдсийн амьдралд дуртай байсны улмаас хоёр тийш болсон байна. Нэрт жүжигчин Лоуэллээс өмнө загвар өмсөгч Синди Кроуфордтой гэрлэж, дөрвөн жил хамт амьдарсан юм. Харин түүний одоогийн дурлалт бүсгүй Падма Лакшми (43 настай) Букерийн шагналт зохиолч Салман Рушди, Dell компанийг үндэслэгч Майкл Деллийн дүү Адам Делл зэрэг алдартнуудтай ханилж явсан ажээ. 



Йеменд “Аль-Кайда”-гийн 55 босогчийг устгав

Йемений арми Америкийн нисгэгчгүй онгоцны тусламжтайгаар “Аль-Кайда”-гийн баазад агаараас цохилт өгч 55 босогчийг устгалаа хэмээн “Associated Press” агентлаг мэдээлэв. Устгасан босогчдын дотор алан хядах байгууллагын гурван нөлөө бүхий толгойлогч байгаа аж. Агаарын довтолгоонд өртсөн “Аль-Кайда”-гийн бааз нь өмнөд хэсгийн Абьян мужийн уулархаг бүсэд байдаг. Тус баазад хоёр өдөр дараалан цохилт өгсөн аж. Йемен дахь “Аль-Кайда”-гийн толгойлогчдын бүлгийн Салем Абед Машиби, Фаваз аль-Махрак, Салех Саид Махрак нарыг устгасан байна.

Ахмад дайчдыг Ялалтын баяраар 200 доллараар шагнана

Узбекистан улс дэлхийн II дайнд оролцож явсан ахмад дайчдыг Ялалтын баяраар шагнахаар болжээ. Ерөнхийлөгч Ислам Каримовын зарлигаар, ахмад дайчин 600 мянган сумын (200 доллар) шагнал авна хэмээн “Фергана” агентлаг уламжиллаа. 2013 оны Ялалтын баяраар Узбекийн ахмад дайчид 170 доллар авч байжээ.
2013 оны дөрөвдүгээр сарын байдлаар, Узбекистанд дэлхийн II дайнд оролцож явсан таван мянга гаруй ахмад дайчин байв. Тус улсын хагас 1.5 сая орчим иргэн фашизмийн эсрэг дайнд оролцож, 420 мянга нь фронтод амиа өргөж, 640 мянга нь шархдаж байжээ. Эр зориг, гавъяаныхаа төлөө 170 мянган узбек одон, медалиар шагнагдаж, 338 нь ЗХУ-ын баатар цол хүртжээ.

Хэдэн мянган хүн агуу зохиолчтой салах ёс гүйцэтгэхээр иржээ

Мексикийн нийслэл Мехико хотод хэдэн мянган хүн Колумбын зохиолч Габриель Гарсия Маркестэй салах ёс гүйцэтгэхээр цуглажээ. Их зохиолчийг хүндлэн биширдэг хүмүүс Мехико хот дахь Урлагийн ордонд ирэхдээ шар өнгийн цэцэг авчирч тавьж байлаа. Уншигчид Г.Г.Маркесийг амьд ахуйд нь шар өнгийн сарнай бэлэглэж, хүндэтгэлээ илэрхийлдэг байсан юм. Урлагийн ордонд Нобелийн шагналт колумб зохиолчийн чандартай хайрцгийг гэргий Мерседес Барча болон хоёр хүү Гонсало, Родриго нар нь авчирч байрлуулжээ. Гурван цаг үргэлжилсэн ёслолд зохиолч, улстөрч, олон нийтийн зүтгэлтнүүд болон агуу зохиолчийн найз нөхөд ирсэн байлаа. Габриель Гарсия Маркес 1967 онд бичсэн “Зуун жилийн ганцаардал” романаараа 1982 онд Нобелийн шагнал хүртсэн юм.

Японы парламентын 150 гишүүн Ясукуни сүмд зочилжээ

Японы парламентын 150 орчим гишүүн Японы милитаристуудын сүнсийг амаржуулагч Ясукуни сүмд зочилжээ. Үүний өмнөхөн Засгийн газрын хоёр ч сайд уг сүмд очсон юм. Дэлхийн II дайны гэмт хэрэгтнүүдийн шарил, чандар байдаг Ясукуни сүм нь Японы милитаризмийн билэгдэл хэмээн Хятад, Өмнөд Солонгос үздэг бөгөөд Японы улстөрчид тэнд очих бүрт дургүйцлээ илэрхийлдэг. Дэлхийн II дайны үеэр Японы арми Солонгосын хойг болон Хятадын үлэмж хэсгийг эзлэн, харгислал үйлдэж байсан юм.
Япон, Өмнөд Солонгосын харилцааг хэвийн болгоход багагүй хүчин чармайлт гаргасан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ долоо хоногт Токиод ирнэ. Японы Засгийн газрын гишүүд Ясукуни сүмд очихгүй байсан нь дээр хэмээн АНУ үздэг ажээ.

АНУ Украинд таван тэрбумыг зарцуулжээ

1991 онд ЗХУ задарснаас хойш АНУ Украинд таван тэрбум долларын тусламж үзүүлсэн хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европын асуудал хариуцсан зөвлөх Викториа Нуланд мэдэгдлээ. Украины ард түмэн ардчилалд шилжиж, өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалаг гэсэндээ энэ тусламжийг үзүүлсэн гэв. Харин Майданд мөнгө өгөөгүй хэмээн онцолсон байна.
Украинд өнгөрсөн хоёрдугаар сард эрх мэдэл солигдсон билээ. Дээд Рад Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгч Виктор Януковичийг эрх мэдлээс зайлуулж, төрийн тэргүүний үүргийг парламентын тэргүүн Александр Турчиновт шилжүүлж өгсөн юм. Украины шинэ Засгийн газар хоёрдугаар сарын 27-нд байгуулагджээ. Сайд нарын кабинетийн тэргүүнээр сөрөг хүчний лидер Арсений Яценюк томилогдсон. Харин сайд нарын суудлыг Майданд жагсаж байсан идэвхтнүүд эзэлжээ.