Wednesday, 9 April 2014




Каталонд бүх нийтийн санал асуулга явуулахыг хориглов

Испанийн парламент олонхийн шийдвэрээр Каталон мужид ирэх арваннэгдүгээр сарын 9-нд төлөвлөгдөөд байсан тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулга явуулахыг хоригложээ. Хориглох шийдвэрийг 199 депутат дэмжиж, дөнгөж 47 нь эсэргүүцсэн байна. Каталон мужийг Испанийн гадна төсөөлөхгүй байна хэмээн Ерөнхий сайд Мариано Рахой мэдэгдэв. Мадридын албан ёсны байр суурийг Испанийн Үндсэн хуулийн шүүх дэмжиж, Каталонд нэг талын шийдвэрээр явуулах гэж байгаа бүх нийтийн санал асуулгыг хууль бус хэмээн үзсэн юм.
7.5 сая хүн амтай Каталон муж Испанийн дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг дангаараа гаргадаг. “Засгийн газар биднээс хэтэрхий их татвар авч, өөр мужуудад зарцуулж байна” хэмээн тус мужийн иргэд гомдоллодог аж.

Нисдэг тэрэг хүүхдийн эмнэлэг дээр унажээ

АНУ-ын Нью-Мексик мужид эмнэлгийн нисдэг тэрэг хүүхдийн эмнэлгийн дээвэр дээр унажээ. Нисдэг тэрэг хөөрсөн даруйдаа тэнцвэр алдаж эмнэлгийн дээвэр дээр унасан байна. Ослын улмаас нисгэгч гэмтэл авчээ. Дээвэр доор байсан эмнэлгийн хоёр ажилтан азаар бэртсэнгүй. Эмнэлгийн дээд хоёр давхрын өвчтөнүүдийг өөр тийш нь шилжүүлжээ.

“Амрагуудын арми”

Норвегийн эрх баригчид хүн амын дундах хүйсийн ялгаврыг арилгахын тулд нэгэн хөтөлбөр боловсруулжээ. Скандинавын хойгийн энэхүү орон НАТО-гийн гишүүн орнуудаас анх удаа “Унисекс казарм” буюу бүх хүйсийнхэнд зориулсан цэргийн хуаран байгуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл эмэгтэй цэргүүд эрчүүдтэй адил нөхцөлд алба хааж, нэг хуаранд байрлаж, унтаж байх юм.
Одоогоор туршилтын гурван сар явж байгаа бөгөөд үр дүн, сэтгэл ханамж ч дээд зэрэг байгаа аж. “Унисекс казарм”-д эрэгтэй, эмэгтэй цэргүүд зэрэгцэн унтаж байна. Норвеги эмэгтэй цэргүүд ч шинэ хөтөлбөрт тун сэтгэл хангалуун байна. Эрэгтэй цэргүүдтэй хамт амьдарснаар тэдний байлдааны сэтгэл зүй, зориг, чадвар эрс дээшилж байгаа ажээ. Бүх хүйсийнхэнд зориулсан цэргийн хуаранг зарим хэвлэл “Амрагуудын арми” хэмээн хошигнон нэрлэжээ. 

No comments:

Post a Comment