Saturday, 19 April 2014

Амь үрэгдсэн хүний тоо 46-д хүрлээ

Өмнөд Солонгосын “Севол” хөлөг онгоц дөрөвдүгээр сарын 16-нд тус улсын Чэжү арлаас холгүй осолдож, живсэн билээ. Амь үрэгдсэн хүний тоо 46-д хүрлээ хэмээн Associated Press агентлаг уламжиллаа. 180 орчим хүнийг аварч чадсан юм. Харин 240 орчим хүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна. Хөлөг онгоц усанд далд ороод дөрөв хонож байгаа тул тэдгээр зорчигчийг амьдаар нь олох найдвар тасарч байна. Өчигдөр аврагчид живсэн хөлөг онгоцноос гурван хүний цогцсыг гаргаж авчээ.

АНУ Сирийн босогчдод зэвсгээр туслана

АНУ, Саудын Арабын эрх баригчид Америкт үйлдвэрлэсэн танк эсэргүүцэгч пуужингийн цогцолборыг Сирийн сөрөг хүчинд нийлүүлэхээр болжээ. Одоогоор энэ зэвсгийг Сирийн босогчдын “Харакат Хазм” бүлэг хүлээж аваад байгаа аж. АНУ зөвхөн итгэлтэй, аядуу үзэлтэй босогчдын бүлгүүдэд танк эсэргүүцэгч нийлүүлэх бодолтой байна.
Холбоотнууд Иордан, Туркээр дамжуулан Сирид зэвсэг нийлүүлж байгаа аж. АНУ-ын Тусгай алба цаашдаа Сирийн босогчдод орчин үеийн хүчирхэг зэвсэг нийлүүлэхийн тулд “судалгаа хийж байна” хэмээн зарим эх сурвалж мэдээллээ.

Пакистанд ЮНИСЕФ-ийн ажилтнууд хулгайлагджээ


Пакистанд НҮБ-ын хүүхдийн сангийн (ЮНИСЕФ) хоёр ажилтан хулгайлагджээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдлээ. “ЮНИСЕФ-ийн хоёр ажилтан өнгөрсөн пүрэв гаригийн шөнө Карачи хотод алга болсон. Орон нутгийн цагдаагийн газар энэ хэргийг шалгаж байна” хэмээн тэрээр онцолжээ. Хэвлэлээр мэдээлж буйгаас үзвэл, ЮНИСЕФ-т ажилладаг Пакистаны хоёр иргэнийг үл мэдэгдэх зэвсэгтэй этгээдүүд барьцаалан авч явсан байна. Барьцаалагчид одоогоор ямар нэг шаардлага тавиагүй байгаа аж. 

No comments:

Post a Comment