Thursday, 17 April 2014




Лиам Галлахер эхнэрээсээ салахын тулд 68 секунд зарцуулав

“Оазис” хамтлагийн дуучин Лиам Галлахер, түүний гэргий Николь Эпплтон нарын гэрлэлтээ цуцлуулах шүүх хурал ердөө 68 секунд үргэлжлэв. Эпплтон салах өргөдлөө өгсний дараа шүүх хурал Лондонд болжээ. Галлахер эхнэрээ хуурсан нь салах шалтгаан болсон хэмээн өргөдөлд дурдсан байв. Шүүх хурал минут гаран үргэлжилж, тэдний гэрлэлтийг цуцалсан шийдвэр гарчээ. Харин эхнэр, нөхрийн аль аль нь шүүхийн танхимд ирээгүй байна.
Лиам Галлахер эд хөрөнгийнхөө үлэмж хэсгийг эхнэртээ өгөхөөс татгалзахгүй гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн аж. Сүүлийн нэг жил тэд тусдаа амьдарч байсан юм. Лиам, Николь нар найман жил хамт амьдрахдаа 2008 онд Гэгээн Валентины өдрөөр романтик маягаар гэрлэлтээ бүртгүүлж байжээ. Тэд Жин хэмээх нэг хүүтэй.

Жастин Бибер Bugatti бэлгэнд авчээ

Өсвөр насны охидын шүтээн болсон дуучин Жастин Бибер 45 настай рэппэр, продюсер Бирдманаас хоёр сая еврогийн үнэтэй Bugatti Veyron хэмээх тансаг зэрэглэлийн автомашин бэлгэнд авчээ. Баярлаж хөөрсөн Бибер шинэ төмөр хүлгийнхээ зургийг Instagram дахь хуудсандаа тавьсан байна. Харин канад дуучны найз гэх Бирдман яагаад түүнд ийм үнэтэй бэлэг өгөх болсон нь тодорхойгүй байна.
19 настай Бибер саяхан шар өнгийн Lamborghini машинаар 100 км/цаг хурдтай явж байгаад цагдаа нарын хараанд өртсөн юм. Түүнийг “Зогс” гэсэн ч тэрээр зогсолгүй цагдаа нартай хөөцөлдөх гэж оролдсон байна. Жастин Бибер жолооны ард суухаасаа өмнө шар айраг ууж, хар тамхи татсан байжээ. Түүнийг торгож, олон нийтийн ажил хийлгэн шийтгэж магадгүй байгаа юм.

300 орчим хүн сураггүй байна

Өмнөд Солонгосын аврах албаныхан Чэжү арлаас холгүй сүйрсэн хөлөг онгоцноос алга болсон 300 орчим хүнийг эрж хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Инчоноос Чэжү арал руу явж байсан уг хөлөг онгоцонд 462 хүн байжээ. Одоогоор 174 хүний амийг авраад байна. Зургаан хүн амь насаа алдсаныг хүлээн зөвшөөрчээ. Аврах албаныхан шөнөөр ч ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Эдүгээ хөлөг онгоц бараг живж, жаахан хэсэг нь ил байгаа ажээ.

No comments:

Post a Comment