Tuesday, 1 April 2014




Чили, Перуд газар хөдөллөө

Чилийн эрэг орчмоор хүчтэй газар хөдөлжээ. АНУ-ын Геологийн албанаас мэдэгдэж буйгаар, газар хөдлөлтийн хүч 8.2 магнитуд байсан ба чичирхийллийн голомт нь далайн гүнд 20 км-т болсон байна. Энэ нь Чилийн хойд хэсгийн Икике боомт хотоос 100 зайтай гэсэн үг.
Газар хөдөлснөөс хэдэн цагийн дараа хүний амь нас үрэгдсэн тухай мэдээ иржээ. Икике хотод таван хүн амиа алдаж, гурван хүн хүнд бэртсэн байна. Гурван хүн нурангинд дарагджээ. Чили, Перу, Эквадор улсын эргийн дагуух хот, суурингийн иргэдийг болзошгүй цунамигаас сэргийлэн нүүлгэн шилжүүлээд байна.

Хойд Солонгост 200 түшмэлийг цаазлана

Хойд Солонгост Ким Чен Уны цаазлуулсан хүргэн ах, төрийн батлан хамгаалах хорооны дарга асан Чан Сон Тэкт үнэнч 200 орчим өндөр тушаалын түшмэлд цаазаар авах ял оноожээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Чосон Илбо” сонин мэдээлэв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Чан Сон Тэкийг цаазалсны дараа Пхеньяны төрийн аюулгүй байдлын хороо түүнд үнэнч 200 орчим хүнийг олж илрүүлсэн аж. Тэдэнд цаазаар авах ял оноосноос гадна ар гэрийнх нь мянга орчим хүнийг ямар нэг шүүхгүйгээр бөөнөөр хорих хуаран руу илгээсэн байна.
Ялын дээд хэмжээ сонссон 200 түшмэлийн дунд Хөдөлмөрийн нам, Засгийн газар, армийн өндөр албан тушаалтнууд байгаа аж. Тэд Чан Сон Тэкээс шууд болон шууд бусаар тушаал авч, гүйцэтгэж байсан хүмүүс ажээ. Цаазыг Кан Коны нэрэмжит цэргийн академийн буудлагын талбайд албаны хүмүүсийн нүдэн дээр гүйцэтгэнэ хэмээн “Чосон Илбо”-д бичжээ.

Японыг халим агнахыг хориглов

НҮБ-ын Олон улсын шүүхээс, Япон улсын халим агнах хөтөлбөр нь эрдэм шинжилгээний зорилгод нийцэхгүй, тиймээс халим агнахыг түр хугацаагаар зогсоох ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Хориг аль хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Японы төлөөлөгчид дээрх шийдвэрт гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн ч шүүхийн шийдвэрийг биелүүлнэ хэмээн мэдэгдлээ.
Япон улс жил бүр мянга орчим халим агнадаг аж. Японууд эрдэм шинжилгээний зорилгоор агнадаг хэмээн мэдэгддэг. Гэвч Австрали улс Японыг шүүхэд өгөхдөө “Эрдэм шинжилгээний бус, идэх, хэрэглэхийн тулд л халим агнаж байна” хэмээн гомдол мэдүүлсэн ажээ.
Халим агналтыг 1982 онд олон улсад хориглосон ч Япон улс үргэлжлүүлэн агнасаар байсан нь экологчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Халимны мах хэрэглэх нь Японы нэг уламжлал хэмээн Токиогийн Засгийн газар нэг бус удаа тайлбарлаж байв. Японоос гадна Норвеги, Исланд улс халим агнасаар байна.

Philip Morris Австрали дахь үйлдвэрээ хаалаа

Тамхи үйлдвэрлэгч Philip Morris компани Австрали дахь сүүлчийн үйлдвэрээ хааж буйгаа зарлалаа. Австралид тамхины борлуулалт эрс багасч, мөн галын аюулгүй байдлын хатуу хууль дүрэм үйлчлэх болсон нь үүний шалтгаан болжээ. Philip Morris Ногоон тив дахь үйлдвэрээ 60 жилийн өмнө нээж байсан юм. Эдүгээ энэ үйлдвэрээ Өмнөд Солонгос руу шилжүүлэхээр төлөвлөж байна.
Австрали улс 2010 оноос эхлэн тамхичдын анхаарал болгоомжгүйгээс үүсдэг гал түймрийг багасгахын тулд тамхийг тусгай материалаар хийх шаардлага тавих болжээ. Өөрөөр хэлбэл, татаж байгаад унтраалгүй хаясан тамхи тэр дороо өөрөө унтардаг байх ёстой. Австралид унтраалгүй хаясан тамхины ишний улмаас аймшигтай, хөнөөлтэй түймэр хэд хэдэн удаа гарч байжээ.

No comments:

Post a Comment