Sunday, 6 April 2014



Саналын хуудас ачсан машиныг дэлбэлжээ

Афганистаны Кундуз мужид сонгуулийн хэсгүүдийн саналын хуудастай хайрцгуудыг ачаад явж байсан ачааны машиныг дэлбэлжээ. Жолооч, цагдаа, Сонгуулийн төв хорооны ажилтан гэсэн гурван хүн амиа алдсан байна. Мөн дэлбэрэлтийн улмаас сонгогчдын саналаа өгсөн найман хайрцаг сүйрч байхгүй болжээ. Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөлж байгаа гурван нэр дэвшигч сонгуулийн дүнг будлиантуулж, засах вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлэв.
Бямба гаригт болсон сонгуульд долоон сая орчим афган иргэн оролцжээ. Цаг агаар таагүй байж, “Талибан” хөдөлгөөнийхэн заналхийлж байсан ч сонгогчдын ирц 50 хувийг давсан байна. Афганистаны Гадаад хэргийн яамыг янз бүрийн цаг үед толгойлж байсан Расуд Залмай, Абдулла Абдулла, Санхүүгийн сайд асан Афраф Гани нарын хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар байгаа. Нэр дэвшигчдийн хэн нэг нь 50-аас илүү хувийн санал авч чадахгүй бол тавдугаар сарын 28-нд хоёрдугаар шат болох юм.

Хойд Солонгосын гурван далайчинг аварчээ

Өмнөд Солонгосын эргийн харуул живж буй ачааны хөлөг онгоцноос Хойд Солонгосын гурван далайчинг аварчээ. Мөн хоёр хүний цогцсыг гаргаж авсан ба үлдсэн 11 далайчны хувь заяа тодорхойгүй байна. Өмнөд Солонгосын Йосу боомт хотоос өмнө зүгт 130-ийн зайтай усанд энэ осол болжээ. Монголын далбаатай явж байсан хөлөн онгоцноос аюулын дохио ирсэн аж. 4300 тн даацтай уг хөлөг онгоц Хятадын Тяньжин боомтоос төмрийн хүдэр ачаад Хойд Солонгос руу явж байжээ. Өмнөд Солонгосын эргийн харуул сураггүй болсон далайчдыг эрж хайхаар 13 хөлөг онгоц, зургаан агаарын хөлөг дайчлаад байна.

Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ

Энэтхэгийн бүх нийтийн парламентын сонгуулийн эхний үе шат Ассам, Трипур мужид эхэлжээ. Сонгогчид зургаан мужийн нэр дэвшигчдээс нэг нэг хүний төлөө санал өгч болно. Эрх баригч Энэтхэгийн Үндэсний конгресс нам илт давуу ялалт байгуулахаар байна. Дээрх хоёр мужид гэхэд л арав гаруй намын 51 нэр дэвшигч өрсөлдөж, 6.4 сая сонгогч саналаа өгч байгаа аж. Үр дүнд нь Засгийн газар бүрдэх парламентын сонгууль тавдугаар сарын 12 хүртэл есөн үе шаттай явагдаж, тавдугаар сарын 16-нд санал тоолох ажиллагаа эхэлнэ.

Ганад Эбола тахал гарчээ

Африкийн Гана улсад 12 настай охин дотуур цус алдаж амь насаа алджээ. Ийнхүү аймшигт Эбола тахал тус улсад анх удаа бүртгэгдлээ хэмээн France Presse агентлаг мэдээлэв. Охины цусыг нийслэл Аккра хот дахь лабораторид авчирч шинжлэхэд Эбола тахал болох нь тогтоогдсон байна. Гвиней, Либери улсад Эбола тахал дэлгэрч 90 гаруй хүн амь насаа алджээ. Мөн энэ аймшигт өвчин Мали улсад бүртгэгджээ.

Нигери эдийн засгаараа тэргүүлж байна

Нигери улс Африк тивд эдийн засгаараа тэргүүлэх боллоо хэмээн Reuters агентлаг мэдээлэв. Тус улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоо баримт үүнийг гэрчилж байна. Нигери улс дэлхийн жишигт нийцүүлэн эдийн засгийн баримт мэдээллээ боловсруулж гаргажээ.
2013 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 11 хувиар нэмэгдэж 509.9 тэрбум долларт хүрчээ. Өнгөрсөн онд Африк тивд Өмнөд Африкийн бүгд найрамдах улс эдийн засгаараа тэргүүлсэн аж

No comments:

Post a Comment