Tuesday, 15 April 2014





НАТО Зүүн Европ дахь хүчээ зузаатгана

НАТО Зүүн Европ дахь холбоотнуудынхаа хамгаалалтыг бэхжүүлэх боломжийг судалж байна. Яг ямар хүчийг хаана байрлуулах талаар ярихад эрт байгаа аж. Хойд Атлантын холбооны тэргүүн Андерс Фог Расмуссений мэдэгдэж буйгаар, НАТО Зүүн Европт байнгын шинэ бааз байгуулах талаар ярилцаж байгаа ажээ.
“Батлан хамгаалах бодлогоо бэхжүүлэх, хээрийн сургуулилтыг өргөжүүлэх, зохих хүчийг зохих газарт нь байрлуулах гэсэн гурван чиглэлд анхаарч байна. НАТО болон Европын холбоо, мөн манай ойрын түншүүд илүү их бэлтгэл, сургуулилт хийж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой” хэмээн тэрээр онцоллоо. Украины хямралыг зохицуулахад улс төрийн, дипломат арга замыг эрхэмлэх ёстой хэмээн Андерс Фог Расмуссен хэллээ.

Өмнөд Солонгост хөлөг онгоц сүйрчээ

Өмнөд Солонгосын Чэжү арал руу явж байсан зорчигч тээврийн хөлөг онгоц сүйрч хоёр хүн амь насаа алджээ. Хөлөг онгоцонд 477 хүн явж байсан аж. Тэдний ихэнх нь Чэжү арлыг үзэх гэж явсан сургуулийн сурагчид байсан хэмээн мэдээлэл байна. 338 сурагч, багшийг эсэн мэнд аварсан ч зуу орчим хүн сураггүй алга болжээ. Хөлөг онгоц усан доорх хадыг мөргөн сүйрсэн хэмээн үзэж байна.

Усан доорх эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болов

Malaysian airlines авиакомпанийн сураггүй алга болсон “Боинг 777” нисэх онгоцыг эрж хайх ажиллагааг Энэтхэгийн далайд үргэлжлүүлэхээр болжээ. Эдүгээ Bluefin-21 хэмээх усны гүнд хайгуул хийдэг төхөөрөмжийг ашиглаж байна. Эрлийн бүсэд цаг агаар таатай байгаа тул Bluefin-21 хэд хэдэн удаа шумбалт хийжээ. Гэвч одоогоор ямар нэг зүйл илрүүлээгүй байна. Уржигдар 15 цагийн шумбалт хийсэн ч ямар нэг зүйл илрүүлсэнгүй. Тус төхөөрөмж 4.5 км-ийн гүн хүртэл шумбаж эрэх хайгуул хийх чадвартай аж. Хэдийгээр “Боинг 777” нисэх онгоцны хар хайрцгийг олох найдвар багассаар байгаа ч Bluefin-21 шумбалтаа үргэлжлүүлэхээр болсон байна.

Ирак, Сомали сэтгүүлчдэд хамгийн халтай


Сэтгүүлчдийг хөнөөсөн хэргийг мөрдөж илрүүлэхдээ хамгийн хойрго улсын тоонд Ирак, Сомали, Филиппин орж байна хэмээн “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” бие даасан байгууллагаас мэдэгдлээ. Иракт 100, Филиппинд 51, Сомалид 26 сэтгүүлийг хөнөөсөн хэрэг илрэхгүй байсаар байна. ОХУ энэ жагсаалтад аравдугаар байр эзэлжээ. Тус улсад 14 сэтгүүлчийг хөнөөсөн хэргийн эзэн, учир шалтгааныг олж тогтоож чадаагүй байна. 

No comments:

Post a Comment