Thursday, 3 April 2014





Майданы мэргэн буудагчдыг баривчилсан бололтой

Киев хотын төв талбай буюу Майданд жагсагчдыг буудаж байсан мэргэн буудагчдыг баривчилсан тухай “Лiга.Новости” агентлаг уламжлав. “Беркут” буюу Украины цагдаагийн тусгай тасгийн есөн ажилтныг энэ хэрэгт сэжиглэн саатуулжээ. “Тусгай хар тасаг” хэмээн нэрлэгдэж байсан тусгай тасгийн мэргэн буучдыг жагсагчдыг намнаж байсан хэрэгт татаж, худал яриаг илрүүлэгч төхөөрөмжийн тусламжтайгаар байцаагаад байгаа аж.
Хоёрдугаар сарын 18-20-нд Киевийн төвд болсон жагсаалын үеэр олон хүний амь үрэгдсэн хэрэгт цагдаагийн 30 мянга орчим ажилтныг холбогдуулан байцаалт авчээ. Украины Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж буйгаар, уг жагсаал, үймээн самууны үеэр 103 хүн амь насаа алджээ. 1528 хүн шархдаж гэмтсэн бол, 166 хүн ор сураггүй алга болсон байна.

Форт-Худ баазад буун дуу гарлаа

Техас мужийн Киллин хотоос холгүй орших Форт-Худ цэргийн баазад буун дуу гарч гурван хүн амиа алджээ. 14 хүн шархадсан байна. 34 настай цэрэг Иван Лопес бусадтайгаа маргалдсаны улмаас гал нээж гурван цэргийн аминд хүрчээ. Үүний дараа тэрээр амиа хорлосон хэмээн мэдээлж байна.
Форт-Худ нь АНУ-ын газар нутаг дээрх хамгийн том цэргийн бааз юм. Тэнд цэргийн албан хаагч, ар гэрийнхэн нь гээд 70 мянган хүн байдаг аж. 2009 онд Форт-Худ дахь цэргийн эмч Нидал Хасан хамтран зүтгэгчид рүүгээ гал нээж 13 цэргийн аминд хүрч, 30 хүнийг шархдуулж байв. Хасан 2013 оны наймдугаар сард шүүхээр орж цаазаар авах ял сонсчээ.

М.Цукерберг нэг долларын цалин авчээ

Facebook нийгмийн сүлжээний эзэн Марк Цукерберг 2013 онд ердөө нэг долларын цалин авчээ. 2012 онд 503 мянган долларын цалин авч байсан аж. Facebook-ээс Цукербергт өгдөг нөхөн төлбөр 1.99 сая доллараас 653 мянган доллар болж буурчээ. Энэ нь түүний аюулгүй байдлыг хангахад гаргаж өгдөг хувийн нисэх онгоцны зардал ажээ.
Тэрээр ийнхүү билэгдлийн цалин авсан ч хөрөнгө чинээнд нь нөлөөлсөнгүй. Facebook-ийн дийлэнх хувьцааг эзэмшигч Цукербергийн хөрөнгө 2013 онд 3.3 тэрбум доллараар нэмэгджээ. Нийт хөрөнгө нь 26.7 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Google-ийн босс Ларри Пейж, Сергей Брин, мөн 2011 онд нас барсан Apple-ийг үндэслэгч Стив Жобс нар нэг долларын билэгдлийн цалинтай байжээ.   

В.Путин хамгийн нөлөө бүхий гоонь эр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн хамгийн нөлөө бүхий гоонь эрээр тодорлоо хэмээн Huffington Post сонин мэдээлэв. Тэрээр 30 жил ханилсан эхнэр Людмилагаас 2013 оны зургадугаар сард салсан билээ. Тэднийг салсан, тусдаа амьдардаг болсон тухай яриа их гарч байсан ч Кремль байнга няцаасаар ирсэн юм. Гэвч Путин, Людмила хоёр хамтдаа нэгэн жүжиг үзсэний дараа хамтын амьдралдаа цэг тавьж буйгаа телевизийн камерийн өмнө ярьсан билээ. Оросын Ерөнхийлөгч гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсны дараа дэлхийн хамгийн хүчирхэг гоонь эр болж, Оросын лидерийн байр сууриа улам бэхжүүлсэн хэмээн Huffington Post-д бичжээ.

П.Мушаррафын амь насанд халдах оролдлого гарчээ

Пакистанд экс Ерөнхийлөгч Первез Мушаррафын амь насанд халдах оролдлого гарлаа хэмээн France Presse мэдээлэв. Үл мэдэгдэх этгээдүүд Мушаррафын цувааг дэлбэлэх гэж оролджээ. Дэлбэрэх төхөөрөмжийг Мушарраф автомашинтай явж өнгөрөх ёстой гүүрний доор тавьсан байв. Гэвч түүний цуваа гүүрэн дээгүүр явахаас 20 минутын өмнө бөмбөг дэлбэрчээ.
Гуравдугаар сарын 31-нд Исламабадын шүүх экс Ерөнхийлөгчийг төрөөс урвасан хэрэгт буруутгажээ. Түүнийг Үндсэн хуулийн үйлчлэлийг хууль бусаар зогсоож, өндөр тушаалын шүүгч нарыг халсан хэмээн буруутгаж байна. Мушарраф энэ буруутгалыг “Үндэслэлгүй” хэмээн нэрлэжээ. 

No comments:

Post a Comment