Monday, 7 April 2014




Сушил Коирала – дэлхийн хамгийн ядуу удирдагч

-Өнөөг хүртэл дэлхийн хамгийн даруухан, ядуу удирдагч гэгдэж байсан Уругвайн Ерөнхийлөгч Хосе Мухикаг Балбын Ерөнхий сайд “сэнтий”-гээс нь буулгалаа-

Уругвайн Ерөнхийлөгч Хосе Мухикагийн нэр дуурсахад түүний даруухан, тарчиг амьдралын хэв маяг, хөдөөний тариачны дүр төрх, зан байдал байнга дурдагдаж байдаг. Сайн гутал ч авалгүй мөнгөө нарийлдаг тэрээр аль хэдийнэ “Дэлхийн хамгийн ядуу удирдагч, төрийн тэргүүн” хэмээх гуншинтай болсон юм. Жинхэнэ хөдөөх эрийн төрхтэй Мухика хотын захад эхнэр, хэдэн нохойн хамтаар амар тайван сууж, газраа хагалан тариа, ногоо тарьсан шиг байх дуртай. Түүнд ганц төмөр хүлэг байдаг нь аль 70-аад оны Volkswagon Beetle. Мухика 2012 онд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ хэдэн нохой, тахиа, эдлэн газраас гадна мянган еврогийн цалинтай гэсэн байв. Уругвайн Ерөнхийлөгчийн цалин 10 мянган евро. Гэвч тэрээр мянгыг өөртөө үлдээж, бусдыг нь буюу есөн мянган еврог буяны үйлст хандивлачихдаг ажээ.

Харин “Washington Post” сонин мэдээлж буйгаар, Хосе Мухикагаас “Хамгийн ядуу удирдагч” гуншинг нь булаан авч буй бас нэг удирдагч тодорчээ. Тэр бол Балбын Ерөнхий сайд Сушил Коирала юм. Хэдийгээр тэрээр баян гэр бүлээс гаралтай ч эцгийнхээ өв хөрөнгийг залгамжлахаас татгалзаж, даруу, борог амьдралыг сонгож авчээ. Балбын Ерөнхий сайд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ “Гурван гар утаснаас өөр юм байхгүй. Тэдгээрийн нэг нь iPhone ч одоогоор ажилладаггүй” гэжээ. Хэдийгээр “ёсыг бодож” Ерөнхий сайдын албан ёсны өргөөнд амьдарч байгаа ч саяхнаас нэг байр хөлслөн суух болсон аж. Сушил Коирала өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд Ерөнхий сайдаар томилогдож ажилдаа орсон юм. Тэрээр саяхан Бирмэд айлчлаад ирэхдээ уг аялалд улсаас төсөвлөсөн мөнгөнөөс 470 еврог буцааж өгчээ. “Надад зориулж өгсөн томилолтын мөнгөнөөс энэ мөнгө үлдчихлээ” гээд улсдаа буцааж өгсөн байна. 78 настай Уругвайн Ерөнхийлөгч, 74 настай Балбын Ерөнхий сайдын даруу, энгийн байдал тэдний залуу цагийн амьдрал, үйлстэй холбоотой хэмээн үзэж байна. Мухика зүүний үзэлтэй Tupamaros партизаны бүлгийг толгойлж, эрх баригчидтай тэмцэн, шоронд хоригдож явсан нэгэн. Коирала мөн л залуудаа эрх баригчдыг тэрслэн эсэргүүцэж, нисэх онгоц хулгайлахад оролцсон хэргээр амьдралынхаа 30 жилийг шоронд өнгөрүүлсэн ажээ. Тэд хоёулаа радикал үзэлтэй байж, сайд, түшмэдийн тансаглал, эрх ямбыг таалдаггүй хүмүүс байв. Ганц ч үл хөдлөх хөрөнгөгүй Балбын Ерөнхий сайд Сушил Коирала ийнхүү Хосе Мухикагаас “Дэлхийн хамгийн ядуу удирдагч” гуншинг булааж авлаа хэмээн өрнөдийн хэвлэлүүдэд бичжээ.

No comments:

Post a Comment