Wednesday, 16 April 2014



Лалын ахан дүүс”-ийн 12 гишүүнийг шийтгэлээ

Египетийн шүүх Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийн талыг баримтлагч “Лалын ахан дүүс” байгууллагын 119 гишүүнд гурав хүртэл жилийн хорих ял оноолоо. Тэднийг 2013 оны аравдугаар сард Мурсийг дэмжигчдийн жагсаалд оролцсон хэмээн шийтгэж байгаа аж. Энэ жагсаалын үеэр мөргөлдөөн үүсч 50 гаруй хүн амь насаа алдсан юм. Шүүгч Хазем Хашад энэ хэргээр баривчлагдаад байсан зургаан хүнийг өршөөх хэлтрүүлсэн байна. Хэд хоногийн өмнө Александриа хотын шүүх Мухаммед Мурсийн талыг баримтлагч 33 хүнийг зургаан жил хүртэл хорих ялаар шийтгэсэн билээ.

Лалуудыг мөрдөх системийг хаажээ

Нью-Йорк хотын цагдаагийн газар лал шашинтай иргэдийг чагнаж, мөрддөг нууц програмыг хаажээ. Терроризмийн аюул заналаас сэргийлэхийн тулд хэрэглэж байсан энэ програмаар лал шашинтай иргэдийн утасны яриаг чагнаж, хаана явж байгааг нь тодорхойлдог байв. Энэ үйлдлийг хүний эрхийн байгууллагууд шүүмжилж, мөрдлөгөд өртсөн иргэд шүүхэд гомдол гаргах нь элбэг байсан юм. Мэдээлэл цуглуулах аргыг хэтрүүлэн үнэлдэг байсны улмаас уг програмыг хааж байгаа бололтой.

Х.Клинтон руу гутал шидсэн эмэгтэй ял сонсож магадгүй

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон руу өндөр өсгийт чулуудсан Лас-Вегас хотын оршин суугч Элисон Мишель хоёр хүртэл жилийн ял авч магадгүй байна. Түүнийг хүний эрх чөлөөнд халдсан, түрэмгий үйлдэл гаргасан хэмээн буруутгаж байгаа аж. Одоогоор эмэгтэйг чөлөөнд гаргасан ба шүүх хурал хэд хоногийн дараа эхлэх юм.
Хиллари дөрөвдүгээр сарын 10-нд Лас-Вегас дахь зочид буудалд илтгэл тавьж байх үеэр 36 настай Элисон Мишель гутлаа тайлан шидсэн байна. Гутланд оногдоогүй Төрийн нарийн бичгийн дарга асан үүнийг хошигнон хүлээж авчээ. Бүсгүй яагаад улстөрч рүү гутлаа шидэх болсон тодорхойгүй байна.

No comments:

Post a Comment