Sunday, 20 April 2014

Габриель Гарсия Маркес: Зохиол бичихийн тулд бие махбодь болоод сэтгэл санааны хувьд эрүүл саруул байх ёстой


Колумбын нэрт зохиолч, Нобелийн шагналт Габриель Гарсия Маркес 87 насандаа бурхны орон руугаа оджээ. Өнөөдөр түүнийг нутаглуулж байна. Гэр бүлийнхэн нь түүний цогцсыг чандарлаж, Мексик, Колумбын хооронд өргөхөөр болсон юм.
1927 онд Колумбын Аракатака хотод мэндэлсэн Габо XX зууны Латин Америкийн утга зохиолын нэртэй төлөөлөгч болж, шидэт реализм хэмээх урсгалыг бий болгосон билээ. Үлгэр домгийн гэмээр Макондо хот дахь Аурелиано Буэндиагийн гэр бүл, үр удмын талаар өгүүлдэг “Зуун жилийн ганцаардал” роман энэхүү шидэт реализм хэмээх урсгалыг төрүүлсэн юм. 1967 онд гаргасан энэ бүтээл 1982 онд Нобелийн шагнал авчирсан. Шүүмжлэгчид түүний бүтээлийг Латин Америкийн шидэт реализмд хамааруулдаг ч тэрээр өөрийгөө туйлын реалист, тэр бүү хэл бүр социалист реалист гэж зарласан удаатай. Монголын уншигчид “Зуун жилийн ганцаардал” романыг Хатагин Го.Аким абугайн яруу сайхан орчуулгаар уншиж танил болсон юм. Ингээд Габриель Гарсия Маркесийн жил гаруйн өмнө хэвлэлд өгч байсан  ярилцлагыг толилуулъя.   
 
-Сэтгүүл зүйн гүйцэтгэж чадахгүй, зөвхөн романаар хийх зүйл гэж бий юу?

-Тийм зүйл байхгүй ээ. Ямар ч ялгаагүй шүү дээ. Эх сурвалж нь ижил, материал нь ижил, нөөц боломж нь, хэл нь ч ижилхэн. Даниэл Дефогийн “Тахлын жилийн тэмдэглэл” бол мундаг роман, харин Хирошима бол сэтгүүл зүйн гайхалтай ажил.

-Сэтгүүлч, зохиолч хоёр бодит үнэн ба уран сэтгэмжийнхээ тэнцвэрийг хадгалах тал дээр хоорондоо адилгүй хариуцлага хүлээнэ биз?

-Сэтгүүл зүйд ганцхан ташаа баримт бүхий л ажлыг унагаж орхидог. Харин уран зохиолд ганц үнэн баримтаар л зохиолоо бүхлээр нь зөвтгөчихнө. Ийм л ялгаа бий.  Зохиолч хүн уншигчдаа итгүүлж чадаж байвал юу ч бичиж болно.

-Та хэдийнээс яаж бичиж эхлээ вэ?

-Зургаар... Уншиж, бичдэг болохоосоо өмнө сургууль, гэртээ дандаа л хүүхэлдэй зурдаг байлаа. Ахлах ангид байхдаа хүний өмнөөс барьчих ганц ч хуудас юм бичээгүй мөртлөө нэг их том зохиолчийн нэр хүндтэй амьтан байснаа бодохоор инээд хүрдэг. Сургуулийнхан намайг ирээдүйтэй зохиолч гээд итгэчихсэн болохоор айлтгалын захидал, элдэв юмаа зөвхөн надаар л бичүүлнэ. Харин коллежид ороход уран зохиолын суурь мэдлэг маань үеийнхний дунджаас хамаагүй дээгүүр болж таарсан л даа. Боготагийн их сургуульд олон найз нөхөд, танилтай болж тэднээрээ дамжуулаад шинэ үеийн зохиолчидтой их сайн танилцсан. Нэг орой найз маань надад уншуулахаар Франц Кафкагийн “Хувирал”-ыг авчирч өглөө. Би дотуур байрандаа эргэж ороод өнөөхөө уншиж гарав. Эхний өгүүлбэрийг нь уншаад л орноосоо ойччих шахсан.  Тэгтлээ их гайхсан хэрэг. “Грегор Замза тэр өглөө хар дарсан зүүднээсээ арайхийн сэрэхдээ өөрийгөө орон дотроо томоос том шавьж болчихсон байхыг олж харав” гэж эхлэдэг шүү дээ. Тэр өгүүлбэрийг уншаад тийм зүйл бичих өөр ямар хүн байх билээ дээ гэж бодсон. Кафкаг эрт уншсан бол тэр хэрээрээ эрт бичиж эхлэхгүй юу. Тэгээд л би шууд богино өгүүллэгүүд бичиж эхлэсэн дээ. Гэвч өгүүллэгүүд маань гарч эхлэхэд намайг Кафкагийн бус Жойсийн нөлөөнд автсан гэцгээж билээ.

-Тэр үед та Жойсийг уншдаг байсан уу?

-Би Жойсийг ер уншаагүй байсан. Харин тэр яриа гарснаас хойш Улисэсээс эхлээд уншиж гарлаа. Тэндээс ирээдүйн бичлэгийн хэв маягт минь хэрэгтэй дотоод монолог бичих арга зэрэг нилээд их юм сурсан. Дараахан нь түүнийгээ Виржиниа Вүүлфийн зохиолуудаас лавшруулж сурсан шүү. Жойсоос ч чадварлаг бичсэн байдаг нь надад таалагддаг юм.

-Эхэн үеийн тань бичлэгт хамгийн их нөлөөлсөн зохиолчдоосоо дурдаач?

-Богино өгүүллэг бичих арга, хандлагыг маань өөрчилсөн хүмүүс бол Америкийн Алдагдсан үеийн зохиолчид л доо. Тэдний бичлэгт миний өгүүллэгүүдэд огт байдаггүй бодит амьдралтай холбогдсон шижим бий. Бас миний үзэл хандлагад айхтар нөлөөлсөн нэг явдал болсон юм. 1948 оны дөрөвдүгээр сарын 9-нд улс төрийн нэрт удирдагч Гайтан буудуулж, Боготагийн хилэгнэсэн ард түмэн гудамжинд үймээн дэгдээж эхлэв ээ. Тэр мэдээ ирэхэд би дотуур байрандаа өдрийн хоолондоо орох гээд байж байв. Намайг хэргийн газарт гүйн хүрэх яг тэр мөчид Гайтаныг таксинд оруулаад эмнэлэг рүү авч явах нь харагдсан. Байр луугаа эргэх замд хүмүүс хэдий нь гудамжиндаа гарчихсан дэлгүүр хоршоог тонон дээрэмдэж, барилга байшингуудад гал тавьж байв. Би ч тэдэнтэй нэгдсэн. Тэр өдрийн үдээс хойш болоод оройн үйл явдлаас би чухам ямаршуу оронд амьдарч буйгаа эрээчсэн хэдэн өгүүллэг маань энэ орны хувь заяанд өчүүхэн ч нөлөөгүйг ухаарсан юм. Үймээний дараахан  намайг Карибын тэнгисийн эрэгт байдаг, миний өссөн газар болох Барранкилъя руу албадан буцаав. Тэгэж л би өөрийнхөө туулсан, мэдсэн амьдралаа л бичих ёстой юм байна гэдгээ ухаарсан.

-Залуу зохиолчид өөрсдийнхөө хүүхэд насны үнэт зүйл, туршлагыг үгүйсгэх нь элбэг юм шиг. Та тэгэж боддог уу?

-Үгүй дээ. Наадах чинь арай өөр маягаар өрнөдөг үйл явц байх. Гэвч би залуу зохиолчдод зөвлөх болвол өөртөө тохиолдсон зүйлийн тухай бич гэж зөвлөнө.  Үнэндээ миний зохиолуудад бодит амьдралаас улбаалаагүй нэг ч өгүүлбэр байхгүй атал хүмүүс уран сэтгэмжинд маань л хамгийн том магтаалыг өргөдөг шүү.

-Та хэнд зориулж бичдэг байсан бэ? Хэн таны уншигч байв?

-“Навчсын шуурга бол миний зохиолуудад үнэнхүү дуртай, надад үргэлж тусалж ном зохиолоо өгч уншуулдаг байсан найз нарт минь зориулагдсан ном. Ерөнхийдөө хэн нэгэнд зориулж бичнэ л дээ. Бичиж байхдаа би энэ хэсэг тэр найзад маань таалагдана даа, энэ бүлэг нөгөө найзад маань таалагдах вий хэмээн заавал тодорхой нэг хүнийг төсөөлж бичдэг. Тэгээд эцэст нь тэр ном бүх найзад маань зориулагдчих нь тэр. Харин “Зуун жилийн ганцаардал”-ыг бичсэний дараа надад ирсэн сая сая уншигчдын чухам юу хүсч буйг нь мэдэхгүй учраас цааш бичих маш хүнд байсан. Тийм үед сэтгэлээр унаж, өөрийн эрхгүй нэг зүйлд баригдаад байдаг. Энэ бол сая сая нүд өөдөөс чинь эгц ширтээд, харин чи тэдний чухам юу бодож буйг огт мэдэхгүй байгаатай л адилхан мэдрэмж юм.

-Таны зохиол бүтээлд сэтгүүл зүйн хөдөлмөр хэрхэн нөлөөлсөн бэ?

-Харилцан нөлөөлнө. Зохиол бичдэг маань миний сэтгүүл зүйн ажилд уран сайхны үнэт зүйл өгдөг. Харин сэтгүүл зүй намайг бодит байдалтай ойрхон байлгадаг. Энэ нь мэдээж зохиол бүтээлд маань тустай.

-“Навчсын шуурга”-ны дараагаас эхлээд Зуун жилийн ганцаардал”-ыг туурвих чадвартай болох хүртлээ өөрийн бичлэгийн хэв маягаа хэрхэн олж авав аа?

-“Навчсын шуурга”-ны дараагаас би ердөө л хүүхэд нас, өсч өндийсөн тосгоныхоо тухай бичье гэж бодсон. Үнэндээ эх орныхоо улс төрийн бодит байдалтай нүүрэлдэхээс, түүний тухай бичихээс зугтсан хэрэг. Болж буй үйл явдалтай тулгарахын оронд тиймэрхүү гунихруу сэтгэлээр бүхнийг өөрөөсөө хүртэл нуух гэж оролдсон маань эхнээсээ буруу байж л дээ. Тэр үед улс төр, уран зохиол хоёрын харилцааны тухай маш их мэтгэлцдэг байсан юм. Харин би энэ хоёрын дундах ангалыг бөглөхийг оролдож байлаа. Тухайн үед Фолкнерт их автаж байв, одоо бол Хэмингуэй болж дээ. Би тэр үед Хурандаад хэн ч бичихгүй, Цөвүүн цаг, Өндөр ээжийн оршуулга зэрэг ойрхон цаг хугацаанд бичигдсэн, адил төстэй юм ч нилээд ихтэй хэд хэдэн зохиол биччихсэн байсан. Гэхдээ үйл явдал нь Навчсын шуурга, Зуун жилийн ганцаардал”-аас өөр тосгонд өрнөдөг юм. Ямар ч ид шидийн үйлчлэлгүй тосгонууд л даа. Сэтгүүл зүйн тал руугаа илүү хэлбийсэн зохиолууд гэвэл таарна. Гэтэл Цөвүүн цаг зохиолоо бичиж дуусгахдаа бүх хандлага маань буруу байгааг мэдэрсэн. Хүүхэд насныхаа тухай бичээд байна гэсэн чинь тэр нь бодсоноос маань ч илүү улс төрийн шинж чанартай болчихсон байсан. Нэгэнт тэгсэн бол түүнийгээ улс орныхоо бодит байдалтай уялдуулах тал дээр маш сайн ажиллах ёстой шүү дээ. Тэгээд л таван жил юу ч бичээгүй. Уг нь нэг юм бичих гэж хүсээд байдаг. Гэвч яг бичих гэхээр юу ч юм дутаад байлаа. Тэр дутагдаад байгаагаа нэг л өдөр олтлоо их төөрсөн шүү. Тэр нь эмээгийн маань бидэнд үлгэр хүүрнэдэг арга байж. Тэгэж л Зуун жилийн ганцаардал”-аа бичсэн юм. Эмээ маань ямар ч  үлгэрийг нэг л ер бусын гайхалтай атлаа туйлын бодитой сонсогдохоор ярьдагсан. Чухам тэр өнгийг нь л барьж авсныхаа дараа би романаа шууд эхлүүлж арван найман сарын турш өдөр бүр, толгой өргөлгүй суун бичиж билээ. 

-Эмээ тань тэр ер бусын зүйлсийг яаж тийм бодитой болгож ярьдаг байсан юм бол?

-Хамгийн чухал нь эмээгийн нүүр царайны илэрхийлэл. Тэр нүүрээ огт хувиргалгүй ярина. Тэгсэн атал яриаг нь хүн бүр биширч үлдэнэ. Зуун жилийн ганцаарадал”-ыг бичих эхний оролдлогоороо би өгүүлж буй түүхэндээ өөрөө итгэж авталгүй бичих гэж үзсэн. Дараа нь бичиж буй зүйлдээ өөрөө итгэх хэрэгтэй юм байна, тэгээд түүнийгээ эмээгийнхээ үлгэр хүүрнэдэг шигээр өгүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ямар ч хувиралгүй, хөшингө царайгаар.

-Иймэрхүү өнгө, арга барилаар бичих нь мөн л сэтгүүлчийн чадвартай хамаатай мэт санагдах юм. Таны зохиолуудад хүн итгэмгүй гайхалтай зүйлсийг бүр агшин хормын нарийвчлалтай зурж өгсөн байдаг нь зохиолоо илүү бодитой болгодог юм шиг ээ. Энэ чадвараа та сэтгүүл зүйгээс олж аваагүй гэж үү?

-Наадах чинь л сэтгүүлч хүний, уран зохиолд ч ашиглаж болох уран арга шүү дээ. Жишээ нь, чи заан тэнгэрт нисч явна гэж хэлбэл хэн ч чамд итгэхгүй. Харин тэнгэрт дөрвөн зуун хорин таван заан нисч явна гэж хэлбэл хүмүүс чамд итгэж мэднэ. Зуун жилийн ганцаардал бол чухам ийм л зүйлээр дүүрэн зохиол юм. Энэ бол яах аргагүй миний эмээгийн үлгэр хэлдэг арга маяг. Ялангуяа өнөөх өөрийг нь шар эрвээхэйнүүд тойрон нисээд байдаг дүрийг би их сайн санаж байна. Намайг бага байхад гэрт маань нэг цахилгаанчин эр ирдэг байсан юм. Тэр хүний шонгийн модноос дүүжлэгдэхдээ хэрэглэдэг бүсийг нь би их сониучирхдаг байж билээ. Харин эмэг эх маань түүнийг ирэх бүрт гэрээр дүүрэн эрвээхэй нисч үлдэх юм гэж дандаа хэлдэгсэн. Гэвч үүнийг бичихдээ би эрвээхэйг нь шар өнгөтэй гэж тодотгоогүй бол хүмүүс надад итгэхгүй байсан.  Би ингэж л бичдэг, ингэж л зохиолоо үнэмшилтэй болгодог. Бусдын үнэмшлийг төрүүлэх нь зохиолчдын хувьд хамгийн том асуудал шүү дээ.

-Та үргэлж эрх мэдлийн ганцаардлын сэдвээр бичих юм?

-Эрх мэдэл чинь нэмэгдэх тусам хэн чамд үнэн хэлж буй, хэн чамд худал хэлж буйг ялгахад хэцүү болдог. Харин эрх мэдлийн оройд хүрсэн хойноо бодит байдалтай ямар ч харилцаа холбоогүй болчихно. Хамгийн аймшигтай ганцаардал гээч нь чухам тэр л байх даа. Хүчтэй хувь хүн, гарамгай удирдагчид ямагт ашиг сонирхлоор хүрээлүүлж байдаг. Тиймдээ ч эргэн тойрных нь хүмүүс түүнийг бодит байдлаас тусгаарлах сонирхолтой байдаг. Бүх зүйл зөвхөн түүнийг орчноос тусгаарлахад чиглэнэ шүү дээ.

-Зохиолч хүний ганцаардалын тухайд? Арай өөр үү?

-Эрх мэдлийн ганцаардалтай нилээд ойр л доо. Зохиолч хэдий чинээ бодит зүйлийг дүрслэхийг оролдоно төдий чинээ хүссэн зүйлээсээ гуйвчих гээд байдаг. Туурвилдаа бодит чанар олгох гэж хичээх тусам өнөөхөөсөө харилцаа тасарч, хүмүүсийн хэлдгээр ёстой л зааны ясан цамхагт гацчих нь тэр дээ. Харин сэтгүүл зүй ийм гачигдлын эсрэг маш сайн хамгаалагч болж өгдөг юм шүү. Тийм болохоор л би сэтгүүл зүйн ажлаас ямагт зуураатай байдаг юм. Сэтгүүл зүй намайг бодит амьдралтай харилцаатай байхад тусладаг. Ялангуяа улс төрийн сэтгүүл зүй. Зуун жилийн ганцаардал”-ын дараа намайг нөмөрсөн ганцаардал бол зохиолчийн ганцаардал биш, харин алдар нэрийн ганцаардал байсан юм. Эрх мэдлийн ганцаардалтай эгээ л адилхан зүйл дээ. Ашгүй, найз нөхөд маань л намайг тэр ганцаардлаас аварч үлдсэн дээ.

-Яаж?

-Яахав дээ, би чинь урьдын найз нөхдөө бүхий л амьдралынхаа туршид хэвээр хадгалахыг хичээсэн хүн. Би хуучин найз нөхдөөсөө хөндийрч, харилцаагаа тасладаггүй. Намайг бодит амьдралд маань буцааж аваачдаг хүмүүс дээ. Тэд чинь хөөргөдсөн алдар нэргүй, амьдрахын тулд ямагт бодит ертөнцийн гүнд нь явж байдаг улс.

-Бичиж буй зохиол өөрийн тань төсөөллөөс тэс өөрөөр эргэчих үе бий юу?

-Эхэндээ тийм зүйл тохиолддог байсан. Өгүүллэг бичих гэж ерөнхий нэг санаа олоод л түүн дотроо өөрийгөө чөлөөтэй тавьчихдаг байлаа. Бага залуугийн, онгод бадарсан үед тиймэрхүү маягаар бичиж болно гэж хүмүүс зөвлөдөг байсан нь алдаагүй ээ. Гэвч намайг туурвил зүйн ямар ч арга барилгүй гэцгээдэг байлаа. Өнөөх оргилсон их онгод нь унтраад ирэхийн цагт түүнийг нөхөх тогтсон арга барил заавал хэрэгтэй. Үүнийг би яг тэр үед ухаарч, сураагүйсан бол өдийд хүүрнэл зохиолын хэвшсэн бүтцийг зад татаад гарах чадвар суугаагүй л байх байлаа. Зохиолын бүтэц бол яах аргагүй арга барилын асуудал. Үүнийг эртхэн шиг сурахгүй бол хэзээ ч сурахгүй л гэсэн үг дээ.

-Онгодоо зохиомлоор өдөөхийн тухайд?

-Хэмингуэй нэгэнтээ бичиж туурвих нь түүний хувьд яг л бокс шиг гэж хэлсэн. Энэ үг надад маш сайхан санагддаг. Тэр өөрийн эрүүл мэнд, сайн сайхандаа их санаа тавьдаг хүн. Фолкнерийг архичин л гэцгээдэг. Гэвч тэр өгсөн ярилцлага бүртээ согтуу үед нэг ч мөр тавих боломжгүй гэж хэлсэн байдаг. Хэмингуэй ч бас тэгж хэлсэн. Харин уншигчид надаас зарим зохиол тань мансуурлын нөлөөн дор бичигдсэн үү гэж асуусаар байх юм. Сайн зохиолч байхын тулд бичиж туурвих агшин хором бүртээ туйлын ухаан сэргэг, бие эрүүл байх ёстой. Би л хувьдаа урлах бүтээхийн тухайд заавал ядуу дорой, зовлон гунигтай байж сайн зохиол бичнэ гэх мэт элдэв романтик төсөөллийн эсрэг байдаг. Түүний оронд бие махбодь болоод сэтгэл санааны хувьд эрүүл саруул байх ёстой. Утга зохиолын нээлт хийх гэж зүтгэж яваа хүнд эрүүл мэнд юу юунаас чухал гэж би боддог. Алдагдсан үеийнхэн үүнийг ойлгодог байсан юм шүү. Тэд бол амьдралд шунан дурласан хүмүүс байлаа.

-Бичих нь бүхнээс илүү давуу эрхтэй ажил. Тиймдээ ч зохиолчид өөрсдийнхөө зовлонг үргэлж дэвэргэж явдаг улс гэж Блэйз Сэндрар хэлсэн. Та юу гэж хэлэх вэ?

-Давуу эрх гэж юу вэ? Өөрийн таалалд зориулж хийж буй зүйл үү? Би хувьдаа аливаа алдааг тэвчдэггүй учраас өөрөөсөө ч, бусдаас ч хамааралтай хүн. Хэрэв зохиолч бусдаас илүү давуу эрхтэй гэмээнэ тэр нь хийж буй зүйлээ төгс хэм хэмжээнд тултал нь хийх давуу эрх биз ээ. Зохиолчид гэж үргэлж агуу ихийн хэнээрхлээр өвчилсөн, өөрсдийгөө ертөнц дэлхий хийгээд нийгмийн ухамсрын төв гэдэгт бүрнээ итгэсэн улс байдаг нь үнэн. Гэвч миний сэтгэлийг сайн гүйцэтгэл л хамгийн их татдаг. Онгоцоор нисч явахдаа мань мэтийн зохиолч энэ тэр гэж мунгинаж яваа амьтдаас хамаагүй чадвартай нисгэгч таарахад ямагт баяртай л байдаг шүү дээ.

-Бичиж туурвихын хамгийн хэцүү нь юу вэ?

-Хамгийн хэцүү нь зохиолоо эхлүүлэх. Эхний хэдэн өгүүлбэрээ тавих гэж би хамаг цагаа үрдэг. Тэгэж тэгэж нэг бичээд авбал үлдсэн хэсэг нь хар аяндаа л урсаад явчихна. Эхний хэдэн өгүүлбэрээр л номын тань ихэнх асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Сэдэв нь, өнгө аяс нь, бичлэгийн хэлбэр нь бүгд эхний өгүүлбэрүүдээр тодорхойлогдоно. Эхлэлээр нь тэр номын үндсэн уур амьсгалыг мэдэж болно. Чухам ийм л учраас өгүүллэгийн түүвэр бичих нь роман бичихээс хэцүү хэрэг. Шинэ өгүүллэг эхлэх бүртээ бүхнийг шинээр эхэлнэ гээд бод доо.


-Та орчуулагчдын талаар ямар бодолтой байдаг вэ?


-Тайлбар их хэрэглэдэг орчуулагчдаас бусдыг нь үнэхээр хүндэлдэг. Зарим орчуулагч дандаа тайлбарлах гэж оролдсоноос зохиолчийн гаргах гээгүй санаа руу уншигчдыг хөтөлчих нь бий. Орчуулга бол туйлын хэцүү мөртлөө ямар ч шан харамж, үнэлгээгүй хөдөлмөр. Сайн орчуулагч бол тухайн зохиолыг өөр хэлэнд шинээр нээгч юм. Тиймээс л би Григорий Рабассаг маш их хүндэлдэг. Рабасса бол зохиолд маань зүүлт тайлбар хийх гэж надаас санаа тодруулж үзээгүй ганц орчуулагч. Түүний ачаар миний зохиолууд англи хэлэнд цоо шинээр бүтээгдсэн. Уран сайхны хувьд яг таг буулгачихаж болохгүй зүйлс миний зохиолуудад нилээд байдаг л даа. Орчуулагч түүнийг уншаад өөрийнхөө мэдэрснээр дахин бичнэ. Тийм болохоор л би орчуулагчдыг хүндэлдэг. Тэд бол сэтгэлгээний гэхээсээ илүүтэй совин билгийн мэдрэмжтэй улс. Хэвлэн нийтлэгчид тэдэнд хичнээн бага мөнгө төлдөг бай хамаагүй, тэд өөрсдийнхөө ажлыг уран зохиолын нээлт гэж үздэггүйд л хамаг учир нь бий. Уг нь испани руу хөрвүүлчихмээр хэдэн ном байх юм. Гэвч өөрийнхөө зохиолыг бичих цагаас маань маш их хомслох гээд байна. Тэгээд ч орчуулагчийн цалин хөлсөөр би яаж амьдрах билээ.

-Та орчуулбал юу орчуулах вэ?

-Андре Мальрог бүхэлд нь. Бас Жозеф Конрад, Сэйнт Экзюперийг орчуулбал сайхан л юм. Унших явцдаа энэ номыг л орчуулчих юмсан гэж хорхой хүрэх үе бий. Агуу сонгодгуудыг байя гэхэд тухайн номыг зохиолчийнх нь хэлэнд дөхүүлэх гэж хэт хичээсэн орчуулгаас илүүтэй дөмөгхөн, дундаж орчуулгуудыг олж унших нь амар байдаг. Харь хэлээр уншиж гавих биш дээ. Испани хэлээ л гадарлаж, доторлоно шүү дээ. Гэхдээ би итали, францаар ярьдаг. Хорин жилийн турш Таймс сэтгүүлийн элдэв мэдээ уншиж өөрийгөө хордуулсан гэхээр бас тэр дайны англи хэлтэй.

-Таны биширдэг ч олонд хараахан нээгдээгүй байгаа латинамерик зохиолч хэр их вэ?

-Одоо тийм хүн бий гэдэгт эргэлзэж л байна шүү. Латин Америкийн уран зохиолын ертөнцийн нэг давуу тал нь хэвлэн нийтлэгчид нь хаа нэгтээ явж буй шинэ Кортасарыг алдчих вий гэхдээ байнга эрэл хайгуул хийж байдагт юм. Харамсалтай нь залуу зохиолчдын ихэнх нь өөрсдийнхөө зохиолоос илүүтэй олж хүртэх нэр алдартаа л анхаарах юм даа. Тулузын их сургуульд Латин Америкийн уран зохиолын талаар бичдэг нэг франц эрдэмтэн байдаг юм. Олон залуу зохиолч түүнд хандаж Маркесийн тухай бус, бусдынх нь тухай бичээч ээ, цаад Маркест чинь одоо тийм юм хэрэггүй, харин бусдад нь хэрэгтэй байна гэсэн захиа илгээдэг сурагтай. Гэвч тэд юуг мартаад байна гээч? Намайг яг тэдний насан дээр байхад шүүмжлэгчид миний тухай бичихээсээ илүүтэй Мигель Анхель Астуриасын тухай л бичдэг байлаа шүү дээ. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, тэр хүүхдүүд өөрсдийнхөө зохиол бүтээл дээр суухаасаа илүүтэй шүүмжлэгчдэд захиа занаа бичиж хамаг цагаа үрж байна. Бичигдэхээс бичих нь илүү чухал шүү дээ. Миний утга зохиолын өсөлт дэвшилтэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн зүйл нь тавын таван номоо хэвлүүлчихсэн дөчин настай эр байх үедээ ч би бичсэн туурвисныхаа шанд сохор зоос ч олж үзээгүй байсан үе маань гэж боддог.

-Хэтэрхий эрт ирсэн нэр алдар зохиолч хүний өсөлт дэвшилтэд муу гэж та боддог хэрэг үү?

-Эрт орой алинд нь ч муу даа.  Зохиолууд маань намайг нас барсны дараа л ядахнээ хэдэн капиталист оронд зарж борлуулж болохуйц юм гэдэг утгаараа ч болохнээ хэвлэгдээд эхлэвэл надад илүү таатай байхсан.

-Дуртай номнуудаасаа гадна яг өнөөдөр та юу уншиж байна?

-Хачин этгээд юмс л уншиж байна даа. Мохаммед Алигийн дурсамжийг уншлаа. Брэм Стокерийн Дракула бол үнэхээр гайхалтай зохиол. Олон жилийн өмнөсөн бол би цагийн гарз гэж бодоод тоож сөхөх ч үгүй байсан биз. Үнэхээр итгэдэг хүн маань л надад зөвлөж ятгахгүй аваас өөрийн санаагаараа ном шүүрч аваад байдаггүй хүн л дээ, би. Одоогоор уран зохиолын ном уншихгүй байна. Оронд нь хүмүүсийн дурсамж, баримт мэдээ сэлт л их уншиж байна даа. Баримтат бичлэгүүдийн тухайд хуурамч байсан ч хамаагүй уншдаг. Бас дуртай номоо эргэж уншина. Ямар ч хуудсыг нь сөхөөд өөрийнхөө дуртай хэсгийг цохоод уншчихаж болдогт л эргэж уншихын давуу тал байгаа юм. Дэлхийн томоохон хэвлэл сэтгүүлүүдийг цаг алдалгүй уншихыг боддог. Гэвч тийм сонин сэтгүүл эргүүлж эргүүлчихээд сууж байхад эхнэр маань орж ирээд миний огт дуулаагүй мэдээг ярьж эхлэдэг. Хаанаас тийм мэдээлэл олж уншсаныг нь асуухад гоо сайхны газрын хүлээлгийн өрөөнд байсан сэтгүүлээс харсан гэж хэлдэг. Тиймээс одоо би загварын сэтгүүлүүд, эмэгтэйчүүдэд зориулсан бүх төрлийн хэвлэл, тэр бүү хэл зөвхөн хов жив бичдэг сонин сэтгүүл ч уншиж байна. Тиймэрхүү зүйлсээс маш их зүйл сурч авдаг юм шүү. Ингэж л өдрийг барах юм даа.

-Ингэхэд та зохиолчдод алдар нэр хортой гэж яагаад бодох болоо вэ?

-Юун түрүүнд алдар нэр таны хувийн амьдрал руу цөмрөн орох болно. Найз нөхөдтэйгээ өнгөрүүлэх, үр бүтээлтэй ажиллах цагаас чинь хорооно. Бас чамайг бодит ертөнцөөс эгнэгт тусгаарлана. Үргэлжлүүлэн бичихийг хүсч буй нэртэй зохиолч өндрөө авсан нэр алдраасаа өөрийгөө үргэлж хамгаалах хэрэгтэй болдог. Ингэж ярихаар нэг л худлаа сонсогдоод байдаг юм шиг. Гэхдээ би зохиолуудаа үхсэний маань дараа хэвлэгдэхийг илүүд үзнэ. Тэгэж байж л миний зохиол бүтээл алдар нэртэй, сайн зохиолчийн дүртэй харагдах гэсэн их тэмцэлдээний бай болохгүй үлдэнэ шүү дээ. Миний хувьд нэр алдрын цорын ганц давуу тал нь түүнийгээ улс төрийн зорилгод гул барьж болдогт бий. Бусдаар бол ямар ч хэрэггүй зүйл. Асуудал нь нэг л алдарт гарчихвал чи 24 цагийн турш алдартай байх бөгөөд “За хө, маргааш хүртэл хэн ч биш болчихъё,” гэх юм уу нэг товч дараад “Яг одоо, энд би нэр алдаргүй хүн шүү,” гэж хэлж болдоггүйд л байгаа юм.

-“Зуун жилийн ганцаардал”-ыг кино болгох санал ирж байв уу?

-Тийм ээ. Хувийн төлөөлөгч маань кино уран бүтээлчдийн саналыг хаах үүднээс сая долларын үнэ хэлээд орхисон л доо. Тэгтэл цаадуул нь өнөөхийг нь өгөх болоод... Мань хүн үнийг нь ахиад л хадааж гурван сая доллар болгосон. Үнэндээ надад энэ зохиолоо кино болгох ямар ч сонирхол алга. Би романаа уншигч, зохиол хоёрын хоорондох хувийн харилцааны түвшинд үлдээхийг илүүд үзэж байна.

-Ямар ч зохиолыг торох юмгүйгээр кино болгочихож болно гэж та боддог уу?

-Угаасаа сайн зохиолыг илүү сайжруулсан нэг ч кино нэрлэж чадахгүй нь. Харин муу зохиолыг сайжруулсан маш олон кино мэднэ шүү.

bayasgalanb.blogspot.com

-Габриель Гарсия Маркес гэргий Мерседесийн хамт.

-Нэрт зохиолч 2007 оны тавдугаар сард төрөлх Аракатака (Колумб) хотдоо зочилжээ

No comments:

Post a Comment